Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

​Зөвлөмж: Харшлын шинж тэмдгийг ханиадтай андуурч буруу эмчилдэг

​Зөвлөмж: Харшлын шинж тэмдгийг ханиадтай андуурч буруу эмчилдэг
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 17
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харшлын эмч, клиникийн профессор Т.Рэгзэдмаа болон Улсын II төв эмнэлгийн эмчилгээний хоол зүйч С.Баянжаргал нарын www.iToim.mn сайтад өгсөн ярилцлагаас дараах зөвлөмжийг хүргэж байна.  
Харшил бол хүний дархлааны системийн гажуудлаар үүсдэг өвчин. Харшил дотроо амьсгалын замын, эмийн, хоол хүнсний, арьсны гээд олон янз байдаг. Манайд элбэг тохиолддог нь ургамлын тоос, тоосжилтын харшил. Хавар болохоор хүмүүс харшлын талаар ярьж эхэлдэг. Ургамлын тоосны харшил ерөнхийдөө дөрөвдүгээр сараас есдүгээр сарын 20 хүртэл үргэлжилдэг. Ургамлын тоосны харшилтай хүмүүс манайд олон байдаг учраас олон нийтийн дунд хавар л харшил эхэлдэг гэж ойлгодог. Гэвч жилийн дөрвөн улиралд л харшлын өвчин байж л байдаг. Манайхан харшлын анхны шинж тэмдэг илрэхэд хамар хоолойн өвчин, ханиадтай андуурч буруу эмчилгээ хийдэг.

Харшлын өвчний анхны шинж тэмдэг нь нүд загтнах, хамар битүүрэх, нүднээс нулимс гарах, нүд улайх, хамраас нус гоожих зэргээр илэрдэг. Тиймээс хүмүүс дур мэдэн эм уух биш яг юунаас харшлаад байна вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Цусны ерөнхий шинжилгээ өгвөл цусан дахь үрэвсэл, харшил нь ялгараад гараад ирдэг. Цусны ерөнхий шинжилгээгээр харшил өндөр гарвал харшлын эмчид хандана. Үүний дараа харшлын сорил тавиулна. Улсын эмнэлэгт ч тэр хувийн эмнэлэгт тэр ялгаагүй харшлын сорилыг төлбөртэй авдаг. Хамгийн гол нь харшлын сорилыг тавиулахдаа харшлын эсрэг эм, тариа, гормон эмчилгээ хийгээгүй байх үедээ тавиулах ёстой. Хүмүүс дур мэдээд хүчтэй гормон тариад, харшлын эм уучихаад харшлын сорил тавиулна гээд ирдэг. Эм уугаад харшил нь дарагдчихаар сорилоор юу ч гарахгүй. Хамгийн түрүүнд юунаас харшаад байгаагаа мэдчихвэл ядаж л харшаад байгаа зүйлээсээ хол байна. Дур мэдэж л эмчилгээ хийж болохгүй. Манайхан эмчид үзүүлэхээр ирэхдээ дур мэдээд гормон тарьчихаад ирдэг. Гормоны сөрөг нөлөө маш их. Цусны даралт ихэсгэнэ, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэнэ, кальци багасгадаг. Тиймээс дур мэдэн гормон эмчилгээ хийж болохгүй. Харшлын өвчин бүхэнд хийдэг нэгдсэн вакцин гэж байхгүй. Гаднын орнуудад улиралд нэг, сард нэг хийдэг вакцин байдаг.
Вакцины тухайд...  
Арьсны өвчин судлалын төвөөс шарилжны эсрэг вакцин гэж гаргасан байдаг. Шарилжийг нь гаднаас оруулж ирээд түүгээр нь вакцин бэлддэг. Гэхдээ энэ вакциныг ганцхан шарилжны харшилтай хүнд л хийнэ. Түүнээс биш бүх харшилд үйлчлэхгүй. Шарилжны харшилтай хүмүүст шарилжаар бэлдсэн хамрын цацлага хийгээд дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-н хүртэл хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл тэр нь дэлхийн эмчилгээний стандартаас хасагдчихсан. Өөрөөр хэлбэл дэлхий нийтээр үүнийг хэрэглэхээ больчихсон гэсэн үг. Манайх шиг 40 гаруй хоног өдөр бүр вакцин хийдэг улс гэж дэлхийн хаана ч байхгүй. Энэ вакциныг 1960-аад оноос хойш 40, 50 жил манайд хийж байгаа юм. Харин дэлхийн эмчилгээний жагсаалтаас гарчихсан учраас бид өвчтөнүүддээ энэ вакциныг зөвлөхгүй байгаа. Ихэнх харшлын эмч энэ вакциныг хийгээд хэрэггүй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл өтгөн тунгаасаа шингэн тун руу найруулчихсан вакцин учраас шингэн тун дээрээ гайгүй, өтгөн тун руугаа ороод ирэхээр өвчтөндөө урвал өгч эхэлдэг.
Харшил халддаггүй, удамшдаг. Гэхдээ ургамлын харшилтай эхээс заавал ургамлын харшилтай хүүхэд төрөхгүй. Эцэг, эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрдөг . Эцэг, эх хоёр хоёулаа харшилтай байвал хүүхэд нь харшлын өвчтэй төрөх магадлал 70-80 хувь. Харин ээж, аав хоёрынх нь аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшлын мэдрэмтгий шинж чанарыг нь авч төрөх магадлал 50 хувь. Харшил хүндрээд ирэхээр гуурсан хоолойн багтраа буюу астма болдог учраас хүндрээгүй үед нь үзүүлээд, сэргийлээд, эмчилгээ хийлгээд явах хэрэгтэй. Гуурсан хоолойн дутагдалтай болчихвол амьсгалын дутагдалтай, хөдөлмөрийн чадваргүй, сурах чадваргүй болно. Тиймээс хүндрүүлэхгүйн тулд эрт үзүүлж, оношлуулж, эмчлүүлэх хэрэгтэй.
Сүүлийн үед хоол хүнсний харшил нэмэгдсэн. Мөн эмийн буруу хэрэглээ асар их байгаа учраас эмийн харшлууд ч ихэсч байна. Ургамлын харшил тухайн жилийнхээ зуншлагатай холбоотой. Бороо хуртай зуншлага сайтай жил ургамлын харшлын өвчлөл нэмэгддэг. Урагмлын харшлаар бага насны хүүхдүүд их өвдөж байна. Нярай хүүхдүүд хүртэл харшлаар өвдөж байна шүү дээ. Мөн ургамал тоосоо гөвөх үеэр хүмүүс хашааныхаа зэрлэгийг бээлий, амны хаалт, нүдний шилгүй ямар ч хамгаалалтгүйгээр түүдэг. Хөдөө гадаа өвс ногоон дотор унтаж байна. Ийм үед харшилтай болох хамгийн амархан. Зун цэцэг түүгээд үнэртэж болохгүй. Сүүлийн үед айлууд гэрийн тэжээмэл амьтан их тэжээх болсон. Гэтэл тухайн айлд харшилтай хүн байгаа л бол тэр айл тэжээмэл амьтантай байх ёсгүй.

Харшил үүсгэдэг хүнснүүд байдаг. Тэр тусмаа исгэлэн жимсний төрлүүд. Цитрусын төрлийн жимснүүд буюу мандарин, апельсин, жүрж, киви мөн помидор бол харшил үүсгэгчтэй байдаг. Зарим тохиолдолд хүнсний ургамлуудаас их харшил өгдөг. Зарим нь хүнсний амтлагчнуудаас ч харшилтай болдог. Хоол амтлагч дотор ихэнхдээ “MSG” гээд бодис байдаг. Тэрнээс үүдээд хүнсний харшилтай болсон хүмүүс олон байдаг. Ерөнхийдөө, астма ч юмуу харшлын өвчнүүд амтлагчтай хоол идсэнээс болж үүсэх нь элбэг. Тиймээс хэрэглэж байгаа амтлагчиндаа бас анхаарах хэрэгтэй. Тухайн хүний хоол боловсруулах замын микрофлор буюу ашигтай бактери муу байснаас болж хоол хүнсний харшил үүсдэг. Монголчуудын хувьд хамгийн сайн микрофлорыг дэмжих хүнс юу байна гэхээр маш сайн бактеритай тараг л уух байгаа юм. Тараг нь хоол боловсруулах замыг тэнцвэртэй байлгаж өгдөг. Ер нь хоол боловсруулах зам нь л тэнцвэртэй байвал тэр хүний дархлаа, хоолны боловсруулалт сайн, дээрээс нь харшил бага үүсдэг. Тэр тусмаа хүмүүс зуны улиралдаа цагаан идээ, айраг, тараг хэрэглэж байвал зүгээр.
Одоогоор харшлын өвчнийг бүрмөсөн эдгээсэн эмчилгээ дэлхийн хаана ч гараагүй байна. Гэхдээ харшлыг түр дарж, тэр хугацааг нь удаан хадгалж болдог. Түүнээс харшилтай хүнийг ямар ч харшилгүй болгох эмчилгээ, эм, вакцин аль ч улс оронд байхгүй. Манайхан дам сургаар тэр эмч харшлыг нам дарж байна гэж ярьдаг. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө хориглоод байгаа гормон эмчилгээг өндөр тунгаар тарьчихдаг. Тэр нь үсрээд л нэг, хоёр сар харшил хөдлөх хугацааг хойшлуулдаг. Тарианы үйлчилгээ гарангуут буцаад л өвчин нь сэдэрнэ. Харин түрүүнд хэлсэнчлэн гормон эмчилгээнээс үлдэх сөрөг нөлөө их. Цусны даралт ихэсгэнэ, цусан дахь сахарын хэмжээг ихэсгэнэ, кальци багасгадаг. Тиймээс дур мэдэн гормон эмчилгээ хийж болохгүй. Ялангуяа бага насны хүүхдүүд, залуучууд энэ эмчилгээг огт хийлгэж болохгүй. Мөнхаршил бүрэн эдгээж байна гэсэн ярианд хууртаж болохгүй. Бид ч бас ирж байгаа өвчтөнүүддээ гормоныг өндөр тунгаар тарьчихвал тэр хүн нэг хэсэгтээ л надад үзүүлэхгүй, энэ их мундаг эмч байна гэж л бодно шүү дээ. Гэвч бид өвчтөнийхөө цаад хүндрэлийг нь мэддэг учраас гормон эмчилгээ бичдэггүй, хийдэггүй.
Сорил тавиулаад харшаад байгаа зүйлээ мэдээд авах хэрэгтэй. Тухайлбал амьтны үс ноосноос харшилтай бол амьтан тэжээхгүй, цэцэг ногооноос харшилтай бол ойр орчиндоо ургамал байлгаад хэрэггүй. Мөн харшлын эсрэг эмийн эмчилгээ бий. Ургамлын тоосны харшлын улирал эхлэхээс өмнө эмчилгээгээ хийлгэчихвэл харшил хөдөлсөн ч хөнгөн хөдөлдөг. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сараас өмнө хийлгэх хэрэгтэй. Дөрөвдүгээр сарын 4-нд Дэлхийн харшлын долоо хоног эхэлдэг. Дэлхийн харшлын долоо хоногт зориулан Харшил судлалын нийгэмлэгээс олон нийтэд харшлын талаар мэдээлэл өгдөг байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн