Open iToim app
Спорт | 4 мин уншина

​Зүүний магнайн төлөөх өрсөлдөөн ба зөрүүтэй тайлбарууд

​Зүүний магнайн төлөөх өрсөлдөөн ба зөрүүтэй тайлбарууд
Нийтэлсэн 2015 оны 7 сарын 8
Улсын наадамд барилдахаа илэрхийлсэн дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь наран ургах зүгээс гарч барилдах ёстой вэ гэсэн маргаан сүүлийн хоёр жил үргэлжиллээ. Бөхдөө хайртай наадамчин түмэн, мэргэжлийн холбоод, бөхчүүдийг хоёр хувааж талцуулсан энэхүү асуудлыг тойрсон зөрүүтэй тайлбаруудыг хүргэе. Өнөөдөр 11.00 цагт Монголын Үндэсний бөхийн холбоо аваргуудын эрэмбийг хэрхэн тогтоосноо, хэн нь зүүнээс босч барилдах ёстойг зарлах юм.

Дархан аварга А.Сүхбат: Би түрүүлж дархан аваргын болзол хангасан
-Ерөнхийлөгч миний нэрийг Г.Өсөхбаярын өмнө дуудаж 08 тоот үнэмлэхээр дархан аварга бол хүртээсэн. Хэрвээ шүүхийн шийдвэр гараад “08 тоот үнэмлэх андуурагдаад очсон байна лээ, Г.Өсөхбаяр нь 08, А.Сүхбат нь 09 тоот юм байна” гэвэл би хүлээн зөвшөөрнө. Би 2004 онд Дархан аваргын болзлыг биелүүлчихсэн байсан. Харин Г.Өсөхбаяр аварга 2009 онд Дархан аваргын болзлыг биелүүлсэн. Сумын наадам, аймгийн наадам, улсын наадам ч бай ямар ч наадамд хамгийн дээд цолтой нь зүүний магнайд гардаг. Тийм болохоор би Монгол Улсын дархан аварга цолтой, тэр дундаа Г.Өсөхбаяраас түрүүлж дархан аварга цолны болзол хангасан нь үнэн юм чинь зүүний магнайд би гарах л ёстой.
Дархан аварга Г.Өсөхбаяр: Цол авахаас өмнөх амжилтаараа би илүү
-А.Сүхбат бид хоёр 2014 оны долдугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэг өдөр дархан аварга болсон. Тийм учраас бид хоёрыг дархан аварга болохоос өмнөх амжилтаар эрэмбэлэх ёстой. Харин дархан аварга болсноос хойш гаргасан амжилт нь нэгэнт өмнө тогтоосон эрэмбэд нөлөөлөхгүй.Ерөнхийлөгч “Ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу Баяр наадмын тухай хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор энэ хоёр хүнд дархан аварга цол олгосугай” гэж зарлигдсан байгаа юм. Тэгэхээр бид хоёрт нэг өдөр ижил цол олгож байна аа л гэсэн үг. 08 ба 09 гэдэг бол эрэмбэ биш, ердөө л үнэмлэхийндугаар.
Дархан аварга А.Сүхбат: Ерөнхийлөгч цол олгохоос гадна эрэмбэ тогтооно
-Монгол Улсын Ерөнхийлөгч аль эрт бидэнд цол өгөхдөө эрэмбээр нь тогтоогоод өгчихсөн. Энэ цолны эрэмбийг хэн, хэзээ, яаж, өөрчилж чадах вэ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч л өөрчилнө.Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол, чимэг өгөхөөс гадна эрэмбийг нь тогтооно.
Энэ цолын үнэлэмжийг Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос бууруулдаг зүйл биш. Бөхийн цол олгодог ганцхан хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Өөр хэнд ч ийм эрх байхгүй.

Дархан аварга Г.Өсөхбаяр: Ерөнхийлөгч эрэмбэ тогтоох субьект биш
-Бөхчүүдэд цол олгох, амжилтаар нь яаж эрэмбэлэхийг Үндэсний их баяр наадмын тухай хууль, Засгийн газрын баталсан Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмээр зохицуулдаг. Эрх зүйн эдгээр зохицуулалтын алинаар ч үзсэн Өсөхбаяр миний амжилт Сүхбатынхаас илүү. Тийм учраас намайг зүүний магнайд босох ёстой гэдгийг манай мэргэжлийн байгууллага болох Бөхийн холбоо тогтоож, Баярын наадмын комисс баталгаажуулсан.
Хууль дүрмээрээ Ерөнхийлөгч, түүний Тамгын газар бол бөхийн эрэмбэ тогтоох эрхтэй субъект биш.

А.Сүхбат: Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандсан
Гэтэл би хүний цолыг булаагаад авчихсан юм шиг жил орчим амьдарлаа. Тэгэхээр үүнийг нэг тийш нь болгож өгөөч гэж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандсан боловч одоо хүртэл хариу нь ирээгүй байна.

Г.Өсөхбаяр: П.Цагаан даргын нэр дээр өргөдөл өгсөн
-Би Баяр наадмын комиссын даргад өргөдөл өгсөн. А.Сүхбат аварга ч бас өргөдөл өгөөд ийм асуудал үүсгээд явж байгааг сонссон. Би Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны нэр дээр бас өргөдөл өгсөн. Тэр болгоныг ном журмынх нь дагуу шийдэх байх аа гэж найдаж байгаа.

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Батзориг: Хоёр дархан аварга манайд хандаагүй
-Хоёр дархан аваргын талаар хэвлэлээр бичигдэж байгаа болохоос энэ талаар манай салбар хороонд албан бичгээр хандсан зүйл алга. Үндэсний их баяр наадмын тухай хуульд наадмаар барилдахаар бүртгүүлсэн бөхчүүдийг цол болон амжилтаар нь эрэмбэлж, жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбоо гаргахаар заасан. Шадар сайд Үндэсний бөхийн холбоо хуулийн дагуу эрэмбэлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан.

Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан: Бөхийн холбооныхон өөрсдөө шийдчих гэсэн
-Хоёр аваргын эрэмбийн асуудлыг Бөхийн холбоо шийдэх боломжгүй боллоо. Иймд та бүхэн шийдэж өгнө үү” гэж Наадмын комисст албан ёсоор хандсан юм. Харин Наадмын комисс ийм юм болсон нь тоогүй, үүнийг магадлая гэдэг шиг “Гэхдээ, Бөхийн холбооныхон та нар өөрсдөө шийдчих” гэж хариу өгсөн.

Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж: Цолны эрэмбийг Ерөнхийлөгч шийдэхгүй
-Хэн зүүний магнайд гарах вэ гэдэг бол монгол бөхийн эрэмбийн асуудал. Тэрхүү цолны эрэмбэ дарааллыг чинь Монгол Улсын Ерөнхийлөгч биш Монголын үндэсний бөхийн холбоо гаргадаг юм. Засгийн газрын дүрмэнд тэгж заасан байдаг. Хэрвээ Ерөнхийлөгчийн зарлигийн номер дугаараар эрэмбэлдэг бол тэдгээр бөхчүүдийн өмнөх амжилт хэнд ч хэрэггүй болно. Бас үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбоо гэж байхын хэрэггүй.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан: Бөхчүүдийг эрэмбэлдэг газар манайх биш
-Өнгөрсөн жил Р.Гончигдорж нарын УИХ-ын гишүүдийн санаачилсан шинэ хуулийн дагуу Дархан аваргын болзол хангасан хоёр аваргад цол олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргах шаардлагатай болсон. Зарлиг гаргахдаа дархан аваргын болзол хангасан цаг хугацааг нь харгалзсан. Дархан аваргын болзлыг 2000 онд ес, 2001 онд арав, 2004 ес давж түрүүлсэн А.Сүхбат аваргад 8 тоот үнэмлэхийг, 2002, 2003, 2005, 2009 онд тус тус ес давж түрүүлсэн Г.Өсөхбаяр аваргад 9 тоот үнэмлэхийг олгосон тухай хэлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газар бөхчүүдийг эрэмбэлдэг газар биш. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн