Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Зүрхний гажиг хагалгаагаар 100 хувь эмчлэгдэнэ

Зүрхний гажиг хагалгаагаар 100 хувь эмчлэгдэнэ
Нийтэлсэн 2016 оны 4 сарын 11
Дэлхийн 1.2 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн “Rotary club” 1998 онд Монгол Улсад байгуулагдан  олон улсын үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэн ажиллаж байна. "Rotary" гэдэг нь өөрөөсөө даваад хүмүүст хэрхэн туслах вэ гэдэг сэтгэл дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл юм. Дэлхийн “Rotary”-ын фондод хандив цуглуулаад түүнээсээ эх орондоо төсөл хэрэгжүүлэх боломжтой болдог юм байна.
Монголын “Rotary club” болох “Хүрээ Ротри” клуб БНСУ-ын “Данвон” эмнэлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлж Монголын зүрхний гажигтай 1-21 насны зургаан хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ. БНСУ-ын “Данвон” эмнэлгийн Гадаад харилцааны ажилтнаар Монгол эмэгтэй ажилладаг бөгөөд тэрээр “Хүрээ” клубыхэнтэй холбогдон тус төслийг хэрэгжүүлжээ. Зургаан хүүхдийн хагалгааны зардал 48 мянган ам.доллар болсон бөгөөд 50 хувийг нь “Данвон” эмнэлэг, 50 хувийг нь “Хүрээ Ротри” клубынхэн гаргажээ.
Зүрхний  гажигтай зургаан хүүхдийн тавыг нь Баянхонгор аймгаас, нэгийг нь Улаанбаатар хотоос сонгосон байна. Сүүлийн үед Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутагт ч төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд ихээр төрөх болжээ. Өнөөдрийн байдлаар л Баянхонгор аймагт 60 гаруй хүүхэд төрөлхийн зүрхний гажигтай байна гэсэн судалгаа гарчээ. "Хүрээ Ротри" клбуын төсөл амжилттай хэрэгжсэн учраас долдугаар сард 200 мянган ам.долларын санхүүжилтээр 20 гаруй хүүхдэд хагалгаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

БНСУ-ын “Данвон” Эмчилгээ эрхэлсэн захирал Бюнг Юн Кимээс зарим зүйлийг тодруулаа.
-Төрөлхийн зүрхний гажигтай олон хүүхэд байдаг гэж байна. Энэ олон хүүхдээс хагалгаа хийсэн зургаан хүүхдийг хэрхэн сонгосон бэ?
-Сүүлийн үед Монголд төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд маш их нэмэгдэж байгаа. Ер нь Монголд гэлтгүй дэлхий нийтэд төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд их төрж байна. Нэг өдөр төрж байгаа хүүхдүүдийн нэг хувь нь төрөлхийн зүрхний гажигтай байна гэсэн судалгаа байна. Сая хагалгаанд оруулсан зургаан хүүхдийг Монголын талаас хийсэн зүрхний эхоны хариунаас сонгож, хагалгаанд оруулсан.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?
-Зүрхний гажигтай хүүхдүүдэд хагалгаа хийвэл  100 хувь эмчлэгдэнэ. Цаашид ямар ч асуудалгүй. Одоо хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа. Ер нь жирэмсэн эхчүүд эрүүл мэнддээ маш сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл хооллолт, амьдралын зөв хэвшилтэй байх хэрэгтэй. Ээж эрүүл бол эрүүл хүүхэд төрнө шүү дээ.
                                                  Г.Баттуул: Хүүгийн маань өвчний шинж тэмдэг бүгд арилсан

Зүрхний хагалгаа хийлгэсэн Э.Одбилэгийн ээж Г.Баттуулаас хүүгийн хагалгааны үр дүн, хүүгийн биеийн байдлын талаар тодруулаа.
-Хүүгийн тань бие одоо ямар байна вэ?
-Миний хүү зүрхний ховдол хоорондын таславчийн цооронхой гэдэг оноштой. Хагалгаанд ороод хүүгийн минь бие маш сайн байгаа. Хагалгаанд ороогүй байхдаа хөлөрдөг, хоолонд дургүй, уурлаж, уйлвал нүүр нь хөхөрчихдөг байсан. Хагалгаанд орсноос хойш энэ бүх шинж тэмдэг байхгүй болсон. Бид хоёр төрөөд л эмнэлгээс гарахдаа төрөлхийн зүрхний цоорхойтой гэсэн оноштой байсан. Хоёр нас хүрээд битүүрчихдэг гээд хоёр нас хүртэл ЭХЭМҮД-д хяналтад байсан. Гэтэл битүүрээгүй. Тиймээс заавал хагалгаанд орох шаардлагатай болсон.
-Танай хүү одоо хэдэн настай вэ. Хагалгааны үр дүнгийн талаар эмч нар нь юу гэж хэлсэн бэ?
-Миний хүү гурван настай. Зүрхний гажигтай хүүхдүүдийг бага дээр нь эмчилвэл үр дүнтэй гэж эмч нар хэлсэн. Сая хамт эмчилгээнд явсан зургаан хүүхдүүдээс ч харахад бага насны хүүхдүүд нь хэдхэн хоноод эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руугаа шилжиж байсан. Тиймээс томрох тусам өвчнөө мэдэрдэг болдог юм байна. Хагалгааны үр дүнд сэтгэл их хангалуун байгаа. Шарх нь ч дороо эдгэсэн, ерөнхий хяналтын нөхөн сэргээх эмчилгээ ч маш сайн юм билээ.
-Энэ төсөлд хэрхэн хамрагдаж, хагалгаанд орсон бэ?
-Хүүгээ ийм төрснийг мэдээд ажлаасаа гарч хүүгээ асардаг болсон. Энэ хугацаанд хаана хандвал эмчлэгдэх боломжтой вэ гэдгийг судалж байсан. Боломжтой бүх л газартай холбоотой байсан. Монголын “Rotary” клубыхэнтэй ч холбоотой байлаа. Бид хоёр их азтай нэг хүүхдийн оронд сонгогдоод явсан. Уг нь Баянхонгор аймгийн зургаан хүүхэд явах байсан юм билээ. Нэг нь явахаа болиод бид хоёр оронд нь явсан.
-Хувиараа хагалаа хийлгэвэл үнэ өртгийн хувьд ямар байдаг вэ?
-Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн бага хүү минь өвчтэй болоод би ажлаасаа гарсан. Ийм нөхцөлд хувиараа хагалгаа хийх ямар ч боломжгүй л дээ. Бид нэг хүний цалингаар л амьдарч байна. Сайн санаат хүмүүсийн буянаар хүү минь эрүүл саруул боллоо. Тусалж, дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ төрлийн хагалгааны талаар судлаад явж байхад хамгийн багадаа 20 сая вонн байдаг гэсэн. Тэгэхээр энэ үнэтэй хагалгааг хувиараа хийлгэх боломж маш хүнд шүү дээ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн