Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дотоод, гадаад орчин эрчимтэй, түргэн өөрчлөгдөж байна. Нийгмийн амьдралын бүх хүрээг хамран өрнөж буй ардчилал, зах зээлийн харилцааны төлөвшил, Монгол Улсын энхийг эрхэмлэгч гадаад бодлого нь улс орны олон улсын байр суурь, нэр хүндийг бэхжүүлэх гол хүчин зүйл юм.
Зах зээлийн харилцаа, чөлөөт өрсөлдөөний нөлөөн дор Монгол Улсад нийгмийн шинэ бүтэц, давхаргажилт бүрдэн, нийгмийн харилцааны шинэ соёл төлөвшиж байна. Үүний зэрэгцээ ядуурал, ажилгүйдэл ихсэн социал ялгарал лавшрах чиг хандлага илэрч түүнд суурилсан нийгмийн зөрчлийн хөрс бүрдэн буйг үгүйсгэх аргагүй. Олон ургальч үзэл, ертөнцийг үзэхүйн олон итгэл үнэмшил, янз янзын шашин дэлгэрч бас ч үгүй нутгархах төрийн бодлогод нөлөөлөх түвшинд хүрсэн зэрэг нь улс үндэстнийхээ нийтлэг ашиг сонхирхол, эв нэгдлийг хангахад онцгой анхаарах, төрийн бодлогын аливаа асуудал туйлын хянуур нямбай, алсын хараатай хандахын чухлыг сануулж байна.
Өнөөгийн ертөнцөд нэг талаас даяаршлын үйл явц их бага улс үндэстэн бүрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшилд нөлөөлөх нэг гол хүчин зүйл болж байна. Нөгөө талаас үндэстэн ястан бүрийн туурга тусгаарлах, үндэстнээрээ нэгдэн нэгэн дээвэр дор нэгдэх “дангаарших” ухамсрын хүчтэй давалгаан үүсч иргэншил соёлын болон ертөнцийг үзэхүйн итгэл үнэмшил, шашин шүтлэгийн ялгаанд суурилсан зөрчил мөргөлдөөн ширүүсч байна. Улс түмний энх амгалан, аюулгүй байдлын нэгдмэл тогтолцоо, механизмын (НҮБ, олон улсын хамтын нийгэмлэгийн бусад байгууллага, эвсэл холбоо, гэрээнүүд г.м)-ын нөлөө нэр хүнд сулрахын зэрэгцээ хүчний төвүүд (АНУ, НАТО, БНХАУ, Ази, Ойрхи дорнод болон лалын ертөнц г.м)-ийн ашиг сонирхлын хүрээгээ тэлэх, нөлөөгөө нэмэгдүүлэх өрсөлдөөн ширүүсч, хүчээр түрүү барих нь ч газар авч байна.
Дэлхийн нөлөө бүхий улс орнуудын цэргийн зардал өсч, зэр зэвсгээ шинэчлэх, цэрэг батлан хамгаалах бодлого, номлолоо өөрчлөх нь ихээхэн шаргуу хийгдэж байна. Улс, үндэстэн бүр өөрийгөө хамгаалах чадвартай байх нь улс түмний аюулгүй байдлын чухал баталгаа болох тухай ярьж бичих нь элбэгшив.
Аюулгүй байдлын дотоод, гадаад орчны өөрчлөлтийн нөлөөн дор Монгол Улс төрийн батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, зэвсэгт хүчний байгуулалт, түүний эрх зүйн зохицуулалтын бодлогоо шинэчлэн тодорхойлох гэж байна. “Төрийн батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн төслийг шинээр боловсруулан Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай болон хууль тогтоомжийн бусад актуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажил хийгдэж, энэ хүрээнд эрдэмтэн судлаач, мэргэжилтэн нарын санаа бодлыг тунгааж байна.
Баримт бичгүүдийн төслийн үндсэн агуулга, үзэл баримтлалтай үндсэндээ санаа нэгтэй хэдий ч бидэнд бас тухайлан илэрхийлэх зүйл цөөнгүйг хэлэх байна.
1.Улс, үндэстний аюулгүй байдлыг хангах тогтолцоонд улс төр, дипломатын арга хэрэгслийн үүрэг улам өсөхийн хэрээр цэргийн хүчин зүйлийн үүрэг буурах нь ойлгомжтой боловч Зэвсэгт хүчин улс орны иргэн, төр, нийгмийн аюулгүй байдал, бүрэн эрхийн нэг гол баталгаа байх нь хэвээр байна. Зэвсэгт хүчний энхийг дэмжих, олон улсын бусад ажиллагаанд оролцох нь ч өргөжин буй билээ. Энхийг дэмжих ажиллагааг зарим судлаач, мэргэжилтэн нар улс төр, дипломатын арга хэрэгсэлд тооцох нь байдаг, бас зарим нь зэвсэгт хүчний “гадагшаа” хандсан ажиллагаа гэх нь ч бий. Зохион байгуулалттай, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй хүчний хувьд зэвсэгт хүчний гамшигтай тэмцэх, хүмүүнлэгийн ажиллагаа явуулах зэрэг чиг үүрэг өсөх хандлагатай байна. Ерөөсөө зэвсэгт хүчний чиг үүргийн хувьсалд “Зөвхөн өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байх” Үндсэн хуулийн заалтаас аваад батлан хамгаалах хууль тогтоомж бүхэлдээ хэрхэн нийцэж байна вэ? Үндсэн хууль хэлэлцэн батлагдах үед улс орон эдийн засгийн гүнзгий хямралд өртсөн, нийгэмд цэрэг армийн үүргийг үгүйсгэх паципист үзэл газар авсан байсныг дурдая. Шинэ Үндсэн хуульд улс орныг батлан хамгаалах нь төрийн үүрэг болох тухай, Зэвсэгт хүчинтэй байх тухай заалтыг суулгаж чадсан нь АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан цэргийн хэдэн зүтгэлтний төр, түмэн, зэвсэгт хүчиндээ байгуулсан том гавъяа. Гэхдээ цаг үе өнгөрөх, өөрчлөгдөх тутам Үндсэн хуулийн энэ томъёоллыг эргэн харах шаардлагатай юм биш биз гэсэн санаа төрж байна. Учир юу вэ? гэвэл “өөрийгөө хамгаалах зэсвэгт хүчинтэй байх” ойлголт дэлхийн II дайнд ялагдсан талын милитарист өс хонзон сэргэхээс хамгаалж олон улсын хамтын нийгэмлэгээс (дайнд ялсан гүрнүүд) тухайн улсад хүлээлгэсэн тулгалт, хязгаарлалт бөгөөд “Өөрийгөө хамгаалах ...” гэдгийг олон улсад тэгж л ойлгодог байх л даа. Манайх шиг жижиг буурай оронд зэвсэгт хүчин нь элдэв тодотголтой, тодотголгүй өөрийгөө л батлан хамгаалах зориулалттай нь хэнд ч ойлгомжтой хэрэг. Харин ч энэ мэт тодотгол зэвсэгт хүчний өнөө цагийн шинэ үүргээ биелүүлэхэд нь төвөг болох бусуу. Шинэ (олон намын) Засгийн газар Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийхийг санаачлан түүнийг нь парламент дэмжиж магадгүй байна. Энэ боломжийг ашиглан дээрхи томъёоллыг “Монгол Улс эх орноо батлан хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” гэж өөрчлүүлэх санаа төрж байна. (Үндсэн хуулийн 2 дахь заалт)
2.Бид шинэчилсэн хууль тогтоомжид “Орон нутгийн хамгаалалт”, “дайчилгааны нөөц”, “цэргийн мэргэжлийн удирдлага” болон бусад гол гол ойлголтууд, тэдгээрийн агуулгад чанарын өөрчлөлт хийх ёстой гэж үзэж байна. Монгол Улс хүн ам цөөнтэй ч халх, казах, буриад, дөрвөд, чантуу зэрэг 10 гаруй үндэстэн ястны орон. Шашин шүтэх нь бүрэн чөлөөтэй, лалын ертөнц, иргэншил соёлтой хаяа дэрлэн буй улс. Зах зээл, чөлөөт өрсөлдөөний давалгаанд хөдөөгөөс хот руу, зах хязгаар нутгаас төв рүү зах зээл, зам бараадсан их нүүдэл цуварч хот сууринд хүн амын бараг тал хувь нь төвлөрөн суурьших болов. 18-32 хүртэлх залуучуудын дийлэнх нь хот сууринд, нийслэлдээ төвлөрөн хөдөлмөрлөж, сурч аж төрж байна. Батлан хамгаалахын дайчилгааны нөөц (хүний) ихэд төвлөрнөө л гэсэн үг.
Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс бүрддэг унитар (нэгдмэл) улс. Улс орон даяар нэгдмэл хууль тогтоомж үйлчилж улс үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, нийгмийн дэг журам сахиулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, татвар тогтоож хураах төвлөрсөн нэгдмэл нэг бодлого хэрэгжиж байдаг улс орон.
Орон нутгийн хамгаалалт, орон нутгийн цэрэг улс орныг батлан хамгаалахад, ялангуяа хил хязгаар нутгийг гадны зэвсэгт халдлагаас сэргийлэн хамгаалах, ард иргэдийг эх орноо хамгаалахад сургаж бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байсан цаг үе бий. Тухайн цаг үед улс орны эдийн засгийн үндсийг хоорондоо уялдаа холбоо сул тархай бутархайдуу ардын аж ахуй (мал аж ахуй л гэсэн үг л дээ) бүрдүүлж байсан бөгөөд зам, харилцаа холбооны нэгдсэн сүлжээ ч гэх юм байгаагүй үе л дээ. Гаднын Зэвсэгт халдлагын аюул занал ч тодорхой нутаг (хил хязгаарын ч гэж хэлж болох)-т чиглэсэн, тагнан турших, хорлон сүйтгэх, дээрэм тонуул, сүрдүүлэг зэрэг хэлбэр зонхилсон голомтын шинж, төрхтэй байв. Тийм нөхцөлд орон нутаг, ялангуяа хязгаар нутгийн ард иргэдийг улс орныг батлан хамгаалахад татан оролцуулахад орон нутгийн хамгаалалтын, орон нутгийн цэргийн үүрэг үнэхээр их байжээ. Эдүгээ нөхцөл байдал огт өөр болсон, бас цэргийн удирдлага, зэвсэг техник, холбоо мэдээллийн технологи ч тэр үеийнхтэй харьцуулах юмгүй өөр болсон шүү дээ.
Нэг үгээр илэрхийлэхэд, улс орны гадаад, дотоодод гарч буй өөрчлөлт, батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний удирдлага нэгдмэл төвлөрсөн байх шаардлага зэргийг бодолцон “Орон нутгийн хамгаалалт” гэсэн томъёололыг “Бүх нийтийн оролцоо”гэж өөрчлөх саналтай байна. Тэр тусмаа одоо орон нутгийн цэргийн тухай яриа байж таарахгүй нь ойлгомжтой мэт.
Орон нутгийн хамгаалалтыг өнөөгийн томъёолж буй утгаар нь үзэхэд улс орныг батлан хамгаалахад нийт иргэн, байгууллагын оролцоог хангах нэг л хэлбэр нь хэлж болох байна. Улс орныг батлан хамгаалах стратеги талаас нь авч үзсэн ч батлан хамгаалах тогтолцоо, зэвсэгт хүчний удирдлага төвлөрсөн, нэгдмэл байх зарчмаа бодолцсон ч төв засаг, орон нутгийн удирдлага, нийт иргэн, аж ахуйн нэгжийн болон иргэний нийгмийн оролцооны өргөн утгаараа ч “бүх нийтийн оролцоо” гэсэн нэр томъёо илүү тохиромжтой, нийцэлтэй гэдгийг дахин илэрхийлье. Улс, үндэснийхээ эв нэгдлийн эрх ашгийг ч бодолцох л учиртай болов уу.
Дайчилгаа, дайчилгааны нөөц ч гэж томъёолоод байгаа улс орныг батлан хамгаалахын нөөцийн утга учир агуулгад ч бодолцох зүйл байна. Дайчилгааны үеийн зэвсэгт хүчин шиг ногдуулан дансалсан хүн хүч, материал хэрэгслийн нөөц төдийгөөр ойлгодог цаг үе өнгөрч байна гэж үзэж болно. Дайчилгааны (хүн хүчнийх нь) нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, нийт иргэн, цэргийн бэлтгэл үүрэгтнийг эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхэд бэлтгэхэд “цэргийн гадуур” сургамжийн уламжлалт аргыг сэргээх хэрэглэх үүсгэл санаачлага чухал юм. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар хэрэгжүүлж эхэлсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ач холбогдлыг онцлох байна. Тухайн арга хэмжээний эрх зүйн орчинг Монгол Улсын иргэн яс үндэс, угсаа гарвал, боловсролын байдлаас үл хамааран тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн, бас зэвсэгт хүчний хугацаат албаны чанар байдалд үзүүлэх нөлөөлөл зэргийг нарийвчилсан тооцоолж бүрдүүлэх талаар хийх, хэрэгжүүлэх зүйл байх шиг.
Энэ арга хэмжээг Батлан хамгаалах тогтолцооны нэн чухал объект болох цэргийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага-БХИС-ийн нийгэмд үзүүлэх үйлчилгээний цар хүрээг өргөтгөх, сургалтын орчинг хөгжүүлэх, улмаар сургуулийн өрсөлдөх чадвар, нэр хүндийг өргөхөд ашиглах өргөн боломжтой юм. Тухайлбал “Оюутан цэрэг” хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг БХИС-д харъяалуулсан хариуцуулах, БХИС-ийг төгсөгч цэргийн бүх бэлтгэл үүрэгтэнд цэргийн мэргэжил эзэмшүүлэх, зэрэг цол олгохоор зохион байгуулбал чамлахааргүй үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Энэ нь их, дээд сургуулиудаас цөөн, цөөн оюутан цуглуулж байснаас ч зэвсэгт хүчиндээ илүү үр өгөөжтэй, бас хууль, шударга ёс зөрчигдөхөөс сэргийлэх магадлалтай юм.
Дайчилгааны нөөцийн бэлэн байдалд цэргийн бэлтгэл, үүрэгтэн, цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, боловсрол, цэргийн хэрэгт сургаж бэлтгэгдсэн байдал, улс орны холбоо мэдээллийн сүлжээ, тээврийн хэрэгслийг дайчлан ашиглах боломж, бололцоо нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна. Дайчилгааны арга хэмжээ нэгдсэн удирдлага, төлөвлөлттэй байх нь ойлгомжтой хэрэг.
Батлан хамгаалахын дайчилгааны (эдийн засаг, материал хэрэгслийн ) нөөцийг бүрдүүлэхэд мөнгөн хуримтлал, сангийн хэлбэрт шилжих, өөрөөр хэлбэл жил бүрийн улсыг батлан хамгаалах арга хэмжээний төсөвт дайчилгааны нөөцийг бүрдүүлэх, нөхөн сэлбэх зардлыг тусган мөнгөн хуримтлал бүрдүүлэх нь илүү оновчтой гэж үзэж байна. Энэ бол цоо шинэ зүйл ч биш л дээ. Үүнийг батлан хамгаалахын төсөвт шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төсвийг хуульчлан тогтоож байх, дотоодын нйит бүтээгдэхүүнд цэрэг, батлан хамгаалахын зардлын эзлэх хувийг хуульчлах зэрэгтэй адил цэргийн мэргэжлийн эрдэмтэн, судлаач нар удаа дараалан санал тавьсаар л байгаа зүйл. Бид (цэргийнхэн) эдгээр саналаа их л чухалд тооцдог. Хоёр их хөрш Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэн сахиж буй, зэвсэгт хүчин энхийг дэмжих, олон улсын бусад ажиллагаанд оролцох нь урт хугацааны баталгаатай зүйл болох магадлал тодорхой бус, бас эрсдэл нь өссөөр буй зэрэг нь ойрхон цаг үед газар авч байсан пацифист үзэл сэргэх хөрс шороо нь мөн. Нэгэн сайхан өдөр цэрэг зэвсэг хэрэгтэй эсэх тухай яриа гарч, тэр нь ямар уршиг тарихыг хэн мэдэхэв. Тийм болохоор зэвсэгт хүчин тайван цагт ч эх орноо хамгаалахад бэлэн, сургаж бэлтгэгдсэн байх, улс орон, нийгэм иргэний аюулгүй байдлын баталгаа байх тогтолцоо, механизмыг алхам алмаар хуульчлан баталгаажуулж байхын чухлыг онцолж байна.
Зэвсэгт хүчний (байгуулалтын) тухайд гэхэдудирдлагын тогтолцоо, цэргийн алба хаах хугацаа журам, мэргэжлийн бүрэлдэхүүний эрх зүй, нийгмийн хамгаалал зэрэг асуудал төрийн цэргийн бодлогын тулгуур асуудал хэвээр байна. Цэргийн удирлагын нэгдмэл, төвлөрсөн байдлыг бодитойгоор хангах, үүний тулд иргэний төрийн (улс төрийн ч гэж томъёолж болох, учир нь энд удирдлагын гол субъект нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч зэрэг улс орны улс төрийн дээд удирдлагын институтуудын бүрэн эрхийн тухай ярьж буй хэрэг) удирдлага, төрийн захиргааны удирдлага (Засгийн газар, Батлан хамгаалахын сайд, Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага), цэргийн захиргааны удирдлагын байгууллагын (Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ЗХЖШ, нэгтгэл ангийн захирагч, штаб, аймаг нийслэл, дүүргийн цэргийн штаб) бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоог шинэчлэн тодорхойлох, цэргийн захиргааны удирдлагыг олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөх (J-ийн системд шилжүүлэх) үйл ажиллагааг зөвхөн хуулийн хүрээнд, хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх, төрөл, мэргэжлийн цэргийн харьцааг оновчтой тогтоох, мэргэжлийн бүрэлдэхүүнийг улс төрөөс (улс төржилтөөс) ангид, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломжийг бодитойгоор бүрдүүлэх, зэвсэгт хүчний төсвийг хөгжлийн төсөв болгох, зэвсэглэл, техникийн зарим зүйлийг (үгүй ядахдаа л сургалтын зориулалтын) худалдан авах чадавхи боломж бүрдүүлэх зэрэг асуудал, арга хэмжээг эн тэргүүнд шийдвэрлэх, хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ тухайд Батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлагын бодлогыг дэмжин түүнийгээ “хуруу дүрэхээс хошуу дүр” гэгчээр илэрхийлж байгаа хэрэг юм. Нэр томъёоны хувьд гэхэд “цэргийн мэргэжлийн удирдлага”, “цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага” гэдгийг “Цэргийн захиргааны удирдлага”, “цэргийн захиргааны удирдлагын төв” байгууллага гэж өөрчлөх нь уг юмныхаа цаад утга учрыг зөв илэрхийлсэн, удирдлагын эрэмбийг зөв ойлгож ухаарах, бас элдэв амбицаас салахад (зиндаархах ч гэх юмуу) тустай, хэрэг болно гэж үзэж байна.
Цэргийн захиргааны төв байгууллага (ЗХЖШ) бол Засгийн газрын чиглүүлэгч агентлаг. Тиймээс түүний даргыг томилоход Засгийн газар, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын оролцоо ямар нэг хэлбэрээр байх ёстой бөгөөд түүнийг хуульчлан тогтоох нь батлан хамгаалахын болон зэвсэгт хүчний удирдлагын нэгдмэл байдлыг хангахад чиглэгдсэн алхам болно гэж үзэж байна. Томилолгооны “статусын” хувьд сайд, жанжин штабын дарга нарын зиндаа эн зэрэгцээд байгаа юм. Тиймээс ЗХЖШ-ын даргыг Засгийн газрын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч томилж байх нь төрийн эрх мэдэл, хуваарилах үзэл, номлолд ч илүү нийцнэ гэж үзэж байна. Цэргийн дээд удирдлага улс төрийн байна уу, төрийн захиргааны байна уу, мэрэгжлийн байна уу ялгаагүй УИХ, Ерөнхийлөгчийн мэдэлд л байна биз дээ.
Энэ ялдамд Төв штаб, жанжин штаб (Head quarters) зэрэг нь цэргийн удирдлагын дээд байгууллага байдаг нь манай нэг онцлог л доо. Уг нь зэсвэгт хүчний командлагч, төрөл цэргийн командчлагч нар л цэргийн удирдлагын институт байдаг, харин штаб (Ерөнхий штаб, төв штаб, штабын дарга нарын хороо г.м) нь стратеги, операци болон үйл ажиллагааны төлөвлөлт, удирдлагын зохицуулалтын байгууллага байдаг жишигтэйг дурдая. Бодох л ёстой зүйл болов уу.
Хэн ч (УИХ, эсхүл Засгийн газар гэсэн утгаар) санал болгосон жанжин штабын даргыг томилох шийдвэрийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гаргах нь хэвээр тул зэвсэгт хүчний удирдлага нийт ард түмний хараа хяналтад байх нэг баталгаа хэвээр байна гэсэн үг бөгөөд харин хариуцлагын тогтолцоо тодорхой болно л гэсэн үг гэж ойлгож байна.
Эдүгээ зэвсэгт хүчин, түүний удирдлгага, мэрэгжлийн бүрэлдэхүүнийг улс төрөөс ангид байлгах, тогтвортой байдлыг хангах тухай чамгүй ярьж бас ч хуульчилсан зүйл байгаа хэдий ч Төрийн захиргааны төв байгууллага, ЗХЖШ-ын удирдах ажилтан, анги нэгтгэл, байгууллагын захирагч, мэргэжилтэн нарт төр, засгийн дээд түвшин дэх өөрчлөлт хөдөлгөөнөөс үл хамааран ажил, албаныхаа ирээдүйд санаа зовох юмгүй тогтвор суурьшилтай, үнэнч шударга хөдөлмөрлөх, бүтээл зүтгэлээ шударгаар үнэлүүлэх баталгаа хараахан бүрдээгүйг баримт сэлт дурдан нотолж болох байна. Ийм байдал төрийн албан хаагч ажил албаны үүргээ үнэнчээр биелүүлж өсч хөгжихийг хичээхээсээ удирдлагад нүүр тал олохыг элдэв аргаар оролдоход ч хүргэж мэднэ. Энэ бол хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд ч, практик бодлого үйл ажиллагааны хүрээнд ч шийдвэрлэх асуудал мөн.
Нийгэмд социал ялгарал лавширч баян, ядуугийн зөрүү ихэсч байгаа нь зэвсэгт хүчний бүрэлдэхүүний чанар байдалд нөлөөлөх магадлалтай. Хугацаат цэргийн алба малчид, ядуучуудын үр хүүхэд, ажилгүйчүүдийн алба болгох хандлага цухалзаж байна гэхэд дэгсдэхгүй л болов уу. Хугацаат цэргийн алба юуны өмнө цэргийн мэдлэг, мэрэгжил эзэмшүүлэхээсээ иргэн эх орноо батлан хамгаалах, зэсвэгт хүчинд алба хаах үүргээ шударгаар биелүүлэх үндсэн хэлбэр хэвээр байгаа юм гэдгийг онцолмоор байна. Хүн ам цөөн, дайчилгааны нөөц хомс манай нөхцөлд цэргийн алба хаах насны иргэдийн эрүүл мэнд, боловсролд онцгой анхаарах, цэргийн алба хаах хугацаа журмын хуулийн эрх зүйн зохицуулалтад нийгмийн шударга ёс, иргэний эрхийн тэгш байдлын зарчмыг тууштай баримтлах нь чухал. Цэргийн алба хаах хугацаа журмыг зах зээлийн нөхцөлд зохицуулан өөрчилж байгаа нь энэ гэж боловсролоор нь ялгаварлах, мөнгөөр төлж “алба хаадаг” зэргийг хязгаарлахгүй бол шударга ёс алдагдах, зэвсэгт хүчний бүрэлдэхүүний чанарт муу нөлөө үзүүлэх уршигтайг хэлэх байна.
Манай арми бол хуурай замын (ерөнхий зориулалтын) шинж давамгайлсан зэвсэгт хүчин гэж ойлгодог. Зэвсэгт хүчний үндсэн гол цөм нь хуурай замын (ерөнхий зориулалтын) цэрэг бөгөөд зэвсэгт хүчний төрөл, мэргэжлийн цэргийн харьцаанд тийм л зарчим, байр суурь баримтлах нь зөв гэж үзэж байна. Ер нь бүтцийн үндсэн нэгжийн харьцааг тодорхой, оновчтой тогтоох нь хөгжлийн, үйл ажиллагааны, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны тэргүүлэх чиглэлээ зөв тодорхойлох үндэс нь болдог.
Агаарын довтолгооноос хамгаалах цэргээ хөгжүүлэхийн хамт ерөнхий зориулалтын цэргийн цөөн анги, салбарын үйл ажиллагааны бэлэн байдал, бие бүрэлдэхүүний чанар чансаа, сургалт бэлтгэл, зэвсэг техникийн шинэчлэл, цэргийн алба, сахилга зохион байгуулалтад байнгын анхаарал чухал. Сүүлийн жилүүдэд олны дунд манай зэвсэгт хүчин энхийг дэмжигчдийг л үдэж мордуулдаг, угтаж авдаг л газар болов гэж ярилцах нь нэг талаар бахархмаар ч юм шиг. Учир нь энхийн дэмжих ажиллагаанд бэлтгэх сургалт, тухайн ажиллагаа өөрөө зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг аль ч талаас нь үзэхэд сайжруулах, бэхжүүлэхэд үнэлж барамгүй хувь нэмэртэйг бид эрх биш мэднэ. Нөгөө талаар мото буудлагын үндсэн хэдэн ангидаа тавих анхаарал дутаж буйг, орхигдуулж буйг сануул ч байгаа хэрэг гэж ойлгогдож байна.
Зэвсэгт хүчний ар талын хангалтын тогтолцоо механизмыг зах зээлийн нөхцөлд нийцүүлэх тухайлбал ар талын хангалтын зарим төрлийг менежментийн хувьчлалд шилжүүлэхийг туршин хэрэгжүүлж ч болох шүү дээ.
Эдүгээ батлан хамгаалахын болон Зэвсэгт хүчний удирдлагад маань цаг мөчтэй уралдан санаж сэдэх, амжуулах ажил үйлс хийснээсээ (хийсэн бүтээсэн нь үнэхээр л чамлахааргүй) хийх нь их байх шиг. Өчүүхэн бидний санаа хууль тогтоогчид хийгээд Батлан хамгаалахын удирдлагын сонорт хүрч анхааралд нь өртөх аваас зорьсон хэрэг бүтлээ л гэсэн үг.