Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор өргөн барих ёстой гэв

Зургаан сайдын нэрийг ирэх сарын 6-ны дотор өргөн барих ёстой гэв
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 25
УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт "Хууль хэрэгжүүлэн ажиллах тухай" албан тоот өнөөдөр хүргүүлсэн байна. 
Уг албан тоотод "Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны наймдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны наймдугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны есдүгээр сарын 06-ны дотор УИХ нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн барихыг хүсье" гэсэн байна.
Дашрамд дурдахад, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж "Ерөнхий сайд Засгийн газрын зургаан гишүүнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхгүй. Аравдугаар сарын 1-нд эхлэх УИХ-ын намрын чуулганаар сайдуудын нэрсийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ" гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн