Долоо хоногт 3-4 удаа согтууруулах ундаа хэрэглэдэг хүн огт хэрэглэдэггүй хүнээс чихрийн шижин өвчин тусах магадлал бага байдгийг Данийн судлаачид тогтоожээ.
Тэр дундаа дарс нь цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг байж болох талаар “Diabetologia”-д нийтлэгдсэн судалгаанд онцолсон байна. Судалгаанд архины хэрэглээтэй 700 мянган хүнийг хамруулан, хэрэглээнийх нь төвшнөөр судалжээ.
Судалгааг ахлан явуулсан Өмнөд Денмаркийн Их сургуулийн Үндэсний олон нийтийн эрүүл мэндийн хүрээлэнгийн профессор Жанн Толстрап хэлэхдээ “бид архины хэрэглээтэй хүмүүсээс бие даасан нөлөөллийг олж тогтоосон. Гэхдээ бид долоо хоногт нэг удаагийн архины хэрэглээтэй хүнээс дөрвөн удаагийн хэрэглээтэй хүнд илүү сайн нөлөө мэдрэгдэж байгааг олж харсан” гэв.
Судлаачдын олж мэдсэнээр согтууруулах ундааг долоо хоногт ганц эсвэл огт хэрэглэдэггүй хүмүүсийг 3-4 удаа хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад хэрэглээ өндөр эмэгтэйчүүдийн чихрийн шижингээр өвчлөх магадлал 32 хувиар буурсан бол эрэгтэйчүүдийнх 27 хувиар бага байдаг нь тогтоогджээ.
Гэхдээ бүх төрлийн согтууруулах ундаа ижил нөлөө үзүүлнэ гэсэн үг бас биш аж.
Согтууруулах ундаа дотроос дарс полифинол агуулдаг учраас хамгийн сайн нөлөөтэй ба тэр дундаа улаан дарс цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Харин долоо хоногт нэгээс бага шар айраг уудаг эрэгтэйг 1-6 шар айраг уудаг эрэгтэйтэй харьцуулахад чихрийн шижингийн эрсдэл 21 хувиар бага байсан бол эмэгтэйчүүдийн хувьд ямар ч нөлөөлөл байдаггүй аж.
Нөгөө талд спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа эмэгтэйчүүдийн чихрийн шижингээр өвчлөх магадлалыг эсрэгээрээ ихэсгэж байхад эрчүүдийн хувьд ямар ч нөлөө үзүүлэхгүй байв.
Хэдий судалгааны дүн сонирхолтой гарсан ч согтууруулах ундааг “ногоон гэрлээр” хэрэглэх нь зүйтэй гэж хэлэхийг судлаачид хүсэхгүй байна.
Тэд зөвлөхдөө эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд долоо хоногт алкохолын хэмжээг 14 нэгжээс хэтрүүлэхгүй байхыг зөвлөж байгаа ба энэ нь дундаж хэмжээтэй зургаан шар айраг, эсвэл бага хэмжээтэй 10 жижиг хундага дарсыг хамааруулан тооцсон хэмжээ юм.
Мөн профессор Толстрапын хийсэн өөр нэгэн судалгаагаар долоо хоногт хэд хэдэн удаа дундаж хэмжээгээр алкохол хэрэглэх нь зүрх судасны өвчлөлт, цус харвалтын эрсдэл багасахад хамааралтай байсан байна.
Гэвч согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх нь нойр булчирхай, ходоод гэдэсний үрэвслийг нэмэгдүүлдэг ажээ.