Чингис хааны мэндэлсний 853 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зохиолч, СГЗ Г.Мэнд-Ооёог өнөөдөр Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонгоор шагналаа. Шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар гэргийн хамт, Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонтнууд, төр, нийгэм, шашны зүтгэлтнүүд оролцов.
Их эзэн хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниуалх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг хүнийг шагнадаг уламжлалтай билээ.
Энэ оны "Чингис хаан" одонгийн эзнээр СГЗ, нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо шалгарсан юм. Урлаг утга зохиолын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээл туурвисныг нь Монголын төр ийнхүү өндрөөр үнэлэв.
Тэрээр анх "Бодлын шувуу" нэртэй шүлгийн түүврээ 1980 онд 28 насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том бүтээл болох "Алтан Овоо" туурвилаа бүтээжээ.
2012 онд тэрээр "Гэгээнтэн" романаа уншигч түмний хүртээл болгож байсан юм.
2009 онд СГЗ Г.Мэнд-Ооёо Дэлхийн урлаг, соёлын академиас олгодог дэлхийн яруу найргийн дээд шагнал болох "Поэт лаурэт" цол, алтан титмийг хрүртсэн байна. Мөн өнгөрсөн жил Румынд болсон Дэлхийн яруу найрагчдын наадмаас тэргүүн шагнал хүртэж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх яруу найрагч гэдгээ баталсан юм.
Тэрээр Чингис хаан одонгоор шагнагдаж байгаа есдэх хүн бөгөөд “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Монгол Улсын 14 Ерөнхий сайд Д.Содном, 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Хөгжмийн зохиолч Б.Шарав, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нарт улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндрөөр үнэлж, “Чингис хаан” одонгоор шагнаж байсан билээ.