Open iToim app
Эрх зүй | 3 мин уншина

С.Зоригийг хөнөөсөн нь ялаа үүрч, захиалагч нууц үлдсэн 19 жил

С.Зоригийг хөнөөсөн нь ялаа үүрч, захиалагч нууц үлдсэн 19 жил
Нийтэлсэн 2017 оны 10 сарын 2
“Ардчиллын алтан хараацай”-нуудын нэг Санжаасүрэнгийн Зориг тэртээ 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 19 жил болж байна. Жил бүрийн энэ өдөр түүний гэр бүлийнхэн, журмын нөхөд, ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд болон үйл хэргийг нь мэддэг, хүндэтгэдэг ард түмэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэдэг уламжлалтай.
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа илрүүлж, өнгөрсөн наймдугаар сард Хяналтын шатны шүүх хурал болж яллагдагч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн ял оноосон билээ. Өөрөөр хэлбэл, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхны удирдагч С.Зоригийн амь насыг зэрлэгээр бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүдийг Монгол Улсын Дээд шүүх гэм буруутайд тооцон эцэслэн яллан шийтгэсэн. Харин гэмт этгээдүүдийг илрүүлж, ялласан ч хэргийн "захиалагч", "нууц" гээд олон асуулт олон нийтийн дунд байсаар байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор 2017 оны гуравдугаар сарын 21-нд Улсын Ерөнхий прокурорын газрын хийсэн мэдээллийг дахин хүргэж байна.
"Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой төрийн нууцад хамааруулсан зарим мэдээллийг ил болгосноо Улсын ерөнхий прокурорын газраас зарлалаа.
Уг хэрэгт холбоотой зарим асуудал төрийн нууцын зэрэглэлд хамаарч байгаа учраас С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааныг хаалттай явуулж байгааг Нийслэлийн ерөнхий прокурорын газраас өмнө нь мэдээлж байсан юм. Тэгвэл нууцын зэрэглэлтэй тэдгээр мэдээллийн заримыг ил болгож МҮОНТ-ийн Цагийн хүрд хөтөлбөрөөр анх удаа олон нийтэд мэдээлсэн. Хөтөлбөрт танилцуулснаар бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцад "Төрийн нууцын хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрөв" гэжээ. Энэ зөвшөөрлийн хүрээнд Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрт оролцож ярилцлага өглөө. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрлийг олгосон. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа гэнэт яагаад илэрсэн бэ гэдэгт хариулт өгье. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр гэмт хэрэг гарснаас хойш мөрдөн байцаалтыг Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар хамтарч хийсэн. Өнөөдрийг хүртэл ажилласан. Үүний үр дүнд, маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр ялагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм" гэлээ.
Мөн тэрээр ярилцлагын үеэр нууцын зэрэглэлээс гаргасан мэдээллээс дурдаж яллагдагч нарын хэргээ хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэнийг нь нотлох баримт бүхий дөрвөн видео бичлэг, С.Зориг агсны гэргий Д.Булганы тухайн хэргийг үйлдсэн болох хэрэгтнүүдийг дүрсэлсэн аман зургийн эх хувилбарыг үзүүлэв.
Харин С.Зориг агсны гэргий Д.Булганыг яагаад шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй талаар лавлахад "Д.Булган нь хэргийн байдлыг биеэрээ харсан хүний хувьд яалтчгүй гэрч мөн. Гэхдээ өнөөдрийн дагаж мөрдөж байгаа хуульд "гэрч гэж тухайн хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар үнэн зүйл мэдэж байгаа этгээдийг гэрч гэнэ" гэж заасан. Гэтэл Д.Булганы хувьд энэ хэрэгт холбогдон шалгагдсан хүн. Хоёрт, хэдийгээр Д.Булганы хувьд шүүхийн шатанд шилжүүлж гэм буруугаа хэлэлцэх хэмжээний нотлох баримт бүрдээгүй гэдэг нөхцөлөөр энэ хүний үйлдлийг прокуророос хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр хуулийн дагуу тухайн хүн гэрчийн хэмжээнд оролцох эрхгүй байгаа юм" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн