Open iToim app
Хөндөх сэдэв | 2 мин уншина

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутагсдын ар гэрийнхэн жагсч байна

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутагсдын ар гэрийнхэн жагсч байна
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 7
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг гадна хэд хэдэн хүний амийг хөнөөсөн гэх хэргээр анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн Б.Содномдарж, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн өмнө нь мэдэгдэж байсанчлан өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын зүүн талын Амарын талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс иргэн Б.Соднодаржаад 23 жил гянданд, хоёр жил онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлэх, Т.Чимэгээд эмэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид 24 жил ял эдлэх шийтгэл оноосон. Тэдний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа нь энэ юм. Монгол Улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Энэ дагуу өнөөдөр аймгийн Тамгын газрын зүүн талд орших Уурхайчин соёлын төвийн өмнөх талбайд дээрх жагсаалыг зохион байгуулж байна.
Жагсаал, цуглаан зохион байгуулахын тулд харьяа Засаг даргын Тамгын газар болон цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Харин зөвшөөрөл авах ёсгүй. Гэтэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт болон Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас “Жагсаал цуглаан зохион байгуулахыг зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдэл ирүүлсэн байх юм. Тодруулбал, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны нэгдүгээр сарын 3-ны А/4 тоот захирамжаар Орхон аймагтай хил залгаа зарим суманд малын гоц халдварт цэцэг өвчин гарсан тул нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 28-ныг дуустал Амарын талбай ойр орчимд жагсаал, цуглаан явуулах зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглосон” гэжээ. Хонины цэцэг өвчин малаас хүнд халдварладаггүйгээс гадна Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө жагсаал, цуглаан зохион байгуулах тухайгаа бичгээр мэдэгдсэн байдаг. “Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Хэлмэгдүүлэлтээ зогсоо. Шүүх шударга бус байна” гэсэн уриа лоозон барьсан иргэдийг цагдаагийн байгууллагаас хүчлэн тарааж магадгүй байна. С.Зориг агсны дүү С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулахыг шаардаж байгаа. Түүний байр суурь шүүгдэгчдийн ар гэрийнхэний байр суурьтай нийцэж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн