/Энгийн өрөө болон люкс, эко өрөөний тохижилт, амралтын газрын гаднах талбай, эмчилгээний зураг/
-Аварга тосон рашаан сувилал наймдугаар сарын 15-аас бүх өрөө, үйлчилгээндээ 15 хувийн хөнгөлөлт зарлана-
Манай агентлаг өнгөрсөн долдугаар сард иргэдийн цаг завыг хэмнэх үүднээс рашаан сувиллын газруудын үнэ, замын маршрутын талаар мэдээлэл хүргэсэн билээ. Энэхүү мэдээлэл гарсны дараагаар иргэд манай редакц руу олноор хандаж зарим рашаан сувиллын газрын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Тэр дагуу “Аварга тосон”, рашаан сувилал, “Шаргалжуут” рашаан сувиллын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэхээр Марктенгийн ахлах мэргэжилтэн Ц.Золзаяатай ярилцлаа.
-Хоёулаа “Аварга тосон” рашаан сувиллаас яриагаа эхэлье. Тус рашаан сувиллын газар хэзээнээс үйл ажиллагаа эхлүүлж, ямар төрлийн рашаан дээр тулгуурлан, ямар эмчилгээг үзүүлдэг вэ?
-Аварга тосон рашаан сувиллын газар 1969 оноос өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотоос 270 км зайд оршдог. Улаанбаатар хотоос Хэнтий аймаг хүртэл 230 гаруй км засмал замаар явж цаашаа Жаргалтхаан сумаас сайжруулсан шороон замаар 40 км явж очно. Хэнтий аймгийн Аваргын бүлэг рашаан болох Аураг рашаан, эмчилгээний шавар, тосон нуурыг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг. Аваргатосон бол шавар, рашаан эмчилгээ хослуулсан сувиллын газар.
-Тосон нуурын шаварт ямар эрдэс бодис агуулагдаж, хүний биед эергээр нөлөөлж байгааг тайлбарлаж болох уу. Ер нь шавран эмчилгээгээр ямар төрлийн өвчнийг анагааж байна вэ?
-Аварга тосон нуурын дэргэдэх шаврын орд нь биологийн идэвхт бодисын агууламж өндөртэй бөгөөд устөрөгчийн ион нь хүний биеийг анагаах онцгой чанартай юм. Шавар нь дулаан физик чанартай, төмөр, зэс, хөнгөн цагаан, нүүрстөрөгч, хүхэрт устөрөгч агуулсан учраас эмчилгээнд ашигладаг юм. Шаврын орд нь сувиллын газрын дэргэд байрладаг учраас байгалийн шинж чанараар нь эмчилгээнд ашигладаг. Шавар эмчилгээгээр тулгуур эрхтэн, эмэгтэйчүүдийн өвчин, бүх төрлийн арьсны эмгэгүүд, гэмтэл бэртлийн дараах эмгэгүүд, үе мөчний хэрх өвчин, үрэвсэлт ба тэжээлгүйдлийн шинжтэй өвчнийг эмчлэхэд тун тохиромжтой.
-Аураг рашаан, тосон нуурын эмчилгээний гол давуу тал нь юу вэ?
-Тосон нуур нь олон мянган жилийн настай, химийн маш өндөр эрдэсжилтэй нуур. Найрлагадаа олон төрлийн органик бодисыг агуулсан шавар элсэн дээрх газрын гүний рашааны ундаргаар тогтсон байгалийн рашаан гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, өндөр эрдэсжилтэй давст нуур л даа. Тиймээс хүний биеийн дархлааг сайжруулах эрүүлжүүлэх маш сайн үйлчилгээтэй байдаг. Аваргын рашааны хувьд нүүрс хүчлийн хийн агууламж өндөртэй, 56-88 метрийн газрын гүнээс ундран гардаг рашаан. Тиймээс ходоод гэдэсний архаг үрэвсэл, арван хоёр нугалаа гэдэсний шархлаа, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн үрэвсэл, чихрийн шижин өвчнийг анагаах зорилгоор ашиглаж байна. Ер нь рашаан, нуурын усыг биедээ хүргэхэд арьсан дээр сөрөг ионууд үүсэж, хүний биеийг чийрэгжүүлж эхэлдэг.
-Аварга тосон сувиллын газар хэзээг хүртэл ажиллах вэ?
-Аварга тосон рашаан сувилал улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд наймдугаар сарын 31 хүртэл ажиллана. Тиймээс бид наймдугаар сарын 3-аас эхлэн энгийн өрөө, байрандаа 10 хувийн хөнгөлөлт зарласан байгаа. Харин наймдугаар 15-ны өдрөөс 31-ийг дуустал бүх өрөө байрандаа 15 хувийн хөнгөлөлт зарладаг. Долоо хоногийн гурван өдөр буюу даваа, лхагва, баасан гаригуудад сувилал руу автобус явдаг. Мөн энэ жил Аварга тосон сувиллын газар шинээр "Аураг" зочид буудлыг ашиглалтад оруулж хүчин чадлаа нэг дахин нэмэгдүүлсэн. /Өрөөнүүд зургийг слайдаас харна уу/
-Иргэдэд сувиллын газар чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх боломжтой вэ?
-Чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л зүйл тэнд байгаа. Эмэгтэйчүүдэд зориулсан гоо сайхны гаар байна, саун, задгай кафе, билльярд теннис, сагс волейболын талбай, лоунж бар, караоке, амралтын талбай бий. Мөн хэд хэдэн чийрэгжүүлэлтийн талбайтай. Шаргалжуут рашаан сувиллын газар ч эдгээр чөлөөт цаг өнгөрөөх бүх зүйл бүрдсэн.
-Иргэд Аварга тосон сувилалд амрахаар болбол шууд очоод бүртгүүлээд явах уу. Ер нь энэ жил анх удаа амрах гэж байгаа иргэд яаж очиж бүртгүүлэх вэ?
-Ер нь Аварга тосон, Шаргалжуут рашаан сувилалд амрах гэж байгаа иргэд эхлээд аймаг сум, өрх дүүргийн эмнэлгээсээ илгээх бичиг авч, зааврын дагуу бүрдүүлэх ёстой. Илгээх бичгээ бүрдүүлсний дараа манай төв дээр ирж бүртгэлээ хийлгэж захиалга өгнө. Тухайн иргэн харьяа дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж оношоо тодорхойлуулна. Өвчтөний илгээх бичигт дээрх оношны дагуу рашаан сувиллын газар эмчилгээ хийнэ. Гэтэл зарим иргэд шууд л очоод эмчлүүлнэ гэсэн буруу ойлголттой яваад байдаг. Заавал илгээх бичиг авч, өрхийн болон дүүргийнхээ эрүүл мэндийн төвийнхөө ерөнхий эмчээр тамга даруулж, гарын үсэг зуруулсны дагуу эмчилгээг хийнэ гэдгийг иргэдээ дахин сануулж хэлье.
-Хөдөө орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотод ирж илгээх бичиг танайхаас авах уу?
-Тэгэх шаардлагагүй. Илгээх картыг 21 аймгийн Эрүүл мэндийн төвүүдэд өгсөн учраас иргэд аймаг, сумынхаа Эрүүл мэндийн төвөөс илгээх картаа авах боломжтой гэсэн үг.
-Аварга тосон рашаан сувиллын нэг өдрийн эмчилгээ, орон байрынх нь үнэ хэд юм бэ?
-Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй бол хөнгөлөлт эдэлнэ. Харин даатгалгүй бол үндсэн төлбөр дээрээ хоногт тутам 11 мянган төгрөг нэмж тооцно. Хүүхэд, том хүний төлбөр ялгаатай. Энгийн тарифаар бол 7-12 насны хүүхдийн төлбөр 27800-44800 төгрөгийн үнэтэй. Том хүн 35800-55800 төгрөг болж байгаа. Үүнд, эмчийн үзлэг, хяналт сувилгаа, зургаан удаагийн хоол цай, унтах ор, чөлөөт цагийн бүх үйлчилгээнд хамрагдах эрх дагалдаж байгаа. Харин "Аураг" зочид буудал болон люкс өрөөний үнэ, эмчилгээний үнэ тус тусдаа өөр байдаг.
-Аварга тосон, Шаргалжуут рашаан сувилалд ажиллаж байгаа боловсон хүчний чадавхи хэр вэ?
-Олон жилийн турш ажилласан туршлагатай нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар арьс, эмэгтэйчүүд, үе мөч, хүүхдүүдийн дотрын гээд уламжлалт физик, нөхөн сэргээх эмчилгээг хийж байна. Мөн үйлчилгээний алба, хүлээн авах, зочид буудлын
-Аварга тосон рашаан сувилалд ямар төрлийн өвчтэй хүн очихыг хориглосон байдаг вэ?
-Арьсны хайрст үлд, түүний намжмал үед экзема, арьсны тууралт, мэдрэлийн эмгэгүүд, сахартай, ходоодны архаг өрөвсөлтэй, гэмтэл бэртлийн дараа шавран эмчилгээг хийлгэх хүмүүс ирдэг. Үе мөч, ууц нурууны архаг өвчин, эмэгтэйчүүдийн өвчин гээд олон өвчнийг шавран эмчилгээ хийж анагаагдаг.
Харин зүрх судасны дутагдалтай, цусны даралт өндөртэй хүмүүсийг аль болох очихгүй байхыг зөвлөдөг. Учир нь нууранд орж, рашаан уугаад шавар тавиулаад ирэхээр гэнэт цочроо өгөх магадлал өндөр байдаг. Мөн даралт огцом унах, ихсэж хэлбэлздэг, бамбайны хордлоготой, элэгний циррозтой, архаг астматай, жирэмсэн, хорт хавдартай, бөөрний дутагдалтай, сүрьеэ, ходоодны шарх нь хүндэрсэн хүмүүс огт явж болохгүй. Өвчин архаг төвшиндөө орсон учраас эмчилгээ авахгүй, улам сэдрэх аюултай байдаг юм.
-Одоо “Шаргалжуут” рашаан, сувиллын давуу тал болон эмчилгээний талаар ярина уу?
- Анх 1954 онд Шаргалжуут бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан. Шаргалжуут рашаан сувиллын газар нь дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулдаг. Зуны улирал нэг ээлжиндээ 445 хүн хүлээн авах хүчин чадалтай бол хүйтэн сэрүүний улиралд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Тус рашаан сувилал нь 64 зүйлийн өвчнийг анагаах 108 төрлийн рашаантай, далайн төвшнөөс дээш 2150 метр өргөгдсөн уулын энгэр газар байрладгаараа онцлогтой. Халуун, хүйтэн рашаан, халуун шавар, замаг, утлагат эмчилгээг нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан хийдэг. Монголын байгалийн эмчилгээний хамгийн том цогцолбор газар. Хүний биеийн эртхэн болгонд зориулсан рашаантай. Ер нь хүний биеийн өвчин зовиурыг анагаахад нэн тустай байгалийн идэвхжсэн устөрөгчийн ион болон өвчин үүсгэгч нянг эсэргүүцдэг бактерийн агууламж өндөртэй өвөрмөц рашаанууд юм. Хүйтэн рашаан нь 23-20 градус бол бүлээн нь 30-45 градус байна. Харин халуун рашаан нь 50-86 градус, буцлан оргилох рашаанууд нь 90-96 градус. Шаргалжуутын рашааны ундаргын ихэнхийг халуун рашаан эзэлдэг. Арьс, харшлын эмгэгүүд, уушги, гуурсан хоолойн үрэвсэл, бөөр, давсгийн архаг үрэвсэл, үе мөчний өвчин, чихрийн шижин, хоол боловсруулах чиглэлийн өвчнийг эмчлэхэд хамгийн сайн үр дүнтэй нь нотлогдсон. Мөн шинэхэн рашааныг газар дээр нь уух хүний биед онц ач холбогдолтой.
-Үнэ ханшийн хувьд ямар байгаа вэ. Хөнгөлөлт байгаа юу?
-Үнийн хувьд өрөө байрнаасаа хамаарч янз бүр байгаа. Орчин үеийн шинэ эко зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх газрыг шинээр барьж ашиглалтад оруулсан байгаа. Мөн сүүлийн үеийн шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд “unitel”-ийн 3G үйлчилгээ нэвтэрсэн. Хүн амрах бүхий л таатай орчин бүрдсэн бөгөөд байгалийн өвөрмөц тогтоцтой учраас иргэдэд маш таатай сэтгэгдэл төрүүлдэг. Нэг том хүний өдрийн дундаж өртөг 35500-55500 төгрөгийн үнэтэй. Шаргалжуут рашаан сувилал нь есдүгээр сараас эхлэн 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. 10, 11, 12 дүгээр сард тусгай хөнгөлөлт зарлаж, байгууллага хамт олон болон хурал зөвлөгөөн, сургалт семинарыг зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг.
-Рашаан сувилалд яваад ирсэн хүмүүс хамгийн багадаа долоо хоног гам барих ёстой гэдэг. Яг ямар дэглэм барих ёстой вэ?
-Уламжлалт анагаах ухаанд рашаанд орсны дараа заавал гам барих хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Түүний дагуу рашаан сувилалд эмчлүүлснийхээ дараа гам маш сайн барих хэрэгтэй. Багадаа 7-10 хоног гам баривал тун тохиромжтой. Жишээлбэл, бороонд норохгүй, хүйтэнд даарч, халуунд халж болохгүй. Хэт ядрахаас сэргийлж, гартаа хүйтэн зүйл барихгүй байвал сайн. Компьютер, гар утас удаан хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.