Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

​М.Заяа: Чихэвчээр байнга юм сонсоод байвал сонсголын мэдрэлийн хэсэг гэмтдэг

​М.Заяа: Чихэвчээр байнга юм сонсоод байвал сонсголын мэдрэлийн хэсэг гэмтдэг
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 1
Хотын гудамжаар алхаж буй залуусыг ажиглаад байвал ихэнх нь чихэндээ хар, цагаанаас эхлээд янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй чихэвчийг зүүж, хөнгөн хөнгөн алхаж харагддаг. Зарим үед чихэвчтэй, юм сонсохгүй, автомашин ирж байгааг ч анзаараагүйгээс осол аваарт орох тохиолдолд цөөнгүй гардаг. Ер нь байнга, удаан хугацаагаар чихэвч сонсох нь хүний сонсголын эрхтэнд ямар нөлөө үзүүлэх талаар “ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн Сонсгол судлалын эмч М.Заяатай ярилцлаа.
-Байнга чихэвчээр дуу хөгжим сонссоноос үүдэн эмнэлэгт хандах тохиолдол хэр ажиглагдаж байгаа вэ?
-Ер нь сүүлийн үед сонсголын асуудалтай залуучууд маш их оношлогдож байна. Ялангуяа, утасны оператор буюу байнга утастай холбоотой ажил хийдэг, бар цэнгээний газар, уул уурхайд ажилладаг, өрөмдлөгө хийдэг хүмүүст сонсгол бууралт үүсэж байгаа нь ажиглагдаж, эмнэлэгт ханддаг .
-Байнга чихэвч юм сонсох нь хүний чихэнд болоод бусад эрхтэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хүний чихийг гадна, дунд, дотор гэж хуваадаг. Гадна, дунд чих нь дуу дамжуулах үүрэгтэй. Дотор чих дууны дамжиж ирсэн механик энергийг биологийн энерги болгож, сонсголын мэдрэлээр дамжуулах үүрэгтэй байдаг. Тиймээс гэнэтийн чанга чимээ сонсох, ялангуяа 85 дебицелээс илүү чанга чимээ эсвэл байнгын давтамжтай, удаан хугацаагаар хөгжим сонсоход дотор чихний сормууслаг эсүүд гэмтдэг. Өөрөөр хэлбэл сонсголын мэдрэл хэсэг гэмтэж байна гэсэн үг.
Энэ тохиолдолд эргэн төлжих боломжгүйгээр байнгын сонсгол бууралт болж үлдэх эрсдэлтэй. Гэнэт л таг дүлий болохгүй, бага багаар сонсгол буурдаг. Гэтэл хүмүүс үүнийг анзаардаггүй. Хэсэг хугацаа өнгөрч, энгийн яриа сонсохоо больсон үед л анзаарч эхэлдэг. Чихэвч хэрэглэхэд дууны хэмийг 100 хувь гэж үзвэл 50 хувийн хэмд хамгийн дээд тал нь нэг цаг сонсох ёстой. Үүнээс чанга хэмжээгээр тохируулбал 30 минут ба түүнээс бага хугацаанд сонсох ёстой юм.
-Хүмүүс холын замд явахдаа хэт удаан цагаар чихэвч хэрэглэх нь байдаг. Энэ тохиолдолд хүний сонсголд ямар өөрчлөлт орох вэ?
-Энэ тохиолдолд дотор чих гэмтэнэ, яваандаа сонсгол буурна. Чих шуугиж эхэлдэг ч шуугихгүйгээр сонсгол буурч болдог. Өөрөөр хэлбэл, дуу шуугианы эх үүсвэр байхгүй үед чихэн дотор нь янз бүрийн шуугиан сонсогдох юм.
-Чихэвчнээс хамааран сонсголгүй болох уу?
-Чихэвчийг байнгын давтамжтай хэрэглэвэл бага багаар сонсголоо алдаж, ирээдүйд таг дүлий болох эрсдэлтэй.
-Хүний мэдрэлд хэр нөлөөлөх вэ. Мэдрэлийн ядаргаанд орж болох уу?
-Сонсголын захын мэдрэлд нөлөөлнө. Хүн гэнэт чанга дуу чимээтэй орчинд очоод ядардаг шүү дээ. Үүнтэй адилаар сонсголын мэдрэл туйлдана, ядарна гэсэн үг.
-Өндөр дууны хэмтэй чихэвч сонссоноос хэнгэрэг цоорох уу?
-Гэнэтийн баротраума гэдэг маш хүчтэй чанга чимээнд хэнгэрэг цоорно. Жишээлбэл, уул уурхайн том машинуудын дугуй хагарлаа гэж үзвэл үүнээс гарч буй чанга дуу чимээнээс хэнгэрэг цоорч болно. Мөн анатомийн бүтцийн хувьд хэнгэрэг нь наашаа байрласан, суваг өргөн хүмүүс чихээ ухаж байгаад хэнгэргээ цоолох нь байдаг. Харин чихэвч сонсч байгаад хэнгэрэг цоорох нь харьцангуй бага.
-Зарим үед чих шуугиж, буруу сонсох нь байдаг. Энэ нь сонсгол муудсан гэсэн үг үү?
-Ядраад эсвэл цус багадалт байж болно. Иймд сонсголоо мэргэжлийн сонсгол судлалын эмчид үзүүлэх хэрэгтэй.
-Уншигчиддаа юуг зөвлөх вэ?
-Нэгд, хамар, хоолойн ханиаднаас урьдчилан сэргийлж, эрүүл байх хэрэгтэй. Ингэснээр дунд чихний дуу дамжуулах өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Хоёрт, эрүүл мэндийн мэдлэгтэй байж, хөгжим сонсохдоо чихэвчээр сонсохоос зайлсхийх хэрэгтэй. Үнэхээр сонсохыг хүсвэл өдөрт нэг цагаас илүү сонсохгүй байхыг зөвлөе. Гэхдээ дууны хэмийг 50 хувь дээр тохируулна. Мөн дуу чимээтэй газар чихний сонсголын бөглөө хэрэглэж байгаарай. .
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн