Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Засгийн газрын шинэ бүтцийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Ерөнхийлөгчид өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газрыг 13 яам, Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайдтай байхаар тодорхойлжээ. Хуулийн төсөлд төрийн захиргааны байгууллагын бүтцийг тодорхойлохдоо тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар 13 яам, 27 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулна . Эдгээр нь Ерөнхий сайд, Шадар сайд болон тодорхой яамдад харьяалагдана. Ингэхдээ Гааль, татварыг салгаж, Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Үндэсний хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар, Соёл урлагийн газрыг байгуулахаар тусгаж, таван агентлагийн нэрийг сольжээ. Тодруулбал: Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөрөнгө оруулалтын газрын татан буулгаж, Үндэсний хөгжлийн газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон шинээр байгуулахаар болжээ.
Мөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хэрэгжүүлэгч агентлагийн чиглэлээр шинээр эмхлэн байгуулах юм.
Үүнээс гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хүрээнд Биеийн тамир, спортын газар болон Соёл урлагийн газрыг тус бүр хэрэгжүүлэгч агентлаг болгон шинээр байгуулна.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын нэрийг Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар болгон өөрчилж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар тусгажээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын нэрийг Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилж, хүүхэд төдийгүй залуусын хөгжил боловсролын асуудлыг хариуцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлсон байна.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг Гадаадын иргэн, харьяатын газар болгон нэрийг нь өөрчилж, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгажээ.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болгон өөрчлөхөөр тусгаж, Барилга, хот байгуулалтын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байх тодорхойлжээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газрыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болгон өөрчлөхөөр тусгаж, шинээр байгуулагдах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгасан байна.
Газрын тосны ерөнхий газар болон Ашигт малтмалын газрыг нэгтгэн Ашигт малтмал, газрын тосны газар болгон шинээр байгуулагдах Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны харьяа, тохируулагч агентлаг байхаар тусгажээ.
Бүртгэл статистикийн ерөнхий газар болон Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэл, оюуны өмчийн газар болгон нэгтгэж Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгажээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Нийгмийн халамж, үйлчилгээний газрыг нэгтгэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болгон байгуулах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тодорхойлжээ.
Гааль, Татварын ерөнхий газрыг салган Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газруудыг байгуулж, хоёуланг нь Сангийн яамны харьяа, хэрэгжүүлэгч агентлаг байхаар тусгажээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн
Нийгмийн даатгалын ерөнхий газар
Нийгмийн халамж, үйлчилгээний газар