Гацууртын ордыг ашиглах тогтоолын төслийг өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар баталсан. УИХ-ын чуулганы босгыг давж чадалгүй хоёр ч удаа унаж байсан юм. Нэг жилийн дотор уг тогтоолын төслийг гурван удаа өргөн барьсны эцэст Цагаан сарын өмнөх өдөр баталсан билээ. Ингэхдээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газарт байрлах Гацууртын ордын 66 хувийг “Сентерра гоулд” компани, 34 хувийг Монголын төр эзэмшихээр баталсан юм.
Тухайн үед Гацууртын ордыг ашиглах тогтоолын төслийг эсэргүүцэж “Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага шүүхэд хандсан. Тодруулбал “Сентерра гоулд” компанийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртын ордод олгосон 431А, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байв. Хамгийн хачирхалтай нь, тухайн үед Нийслэлийн анхан шатны шүүхээс “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний нэхэмжлэхийн дагуу Захигааны хэрэг үүсгэх тухай захирамж гарсан ч УИХ тогтоолын төслийг баталж, Гацууртын ордыг ашиглах эрхийг “Сентерра гоулд” компанид олгосон. Нэхэмжлэгч тал болох “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхний хувьд Гацууртын ордод олборлолт явуулснаар байгаль орчин болон түүхийн дурсгалт газар алдагдана гэж тайлбарлаж байв.
Шүүх “Сентерра Гоулд” компанид олгосон хайгуулын хоёр, ашиглалтын хоёр лицензийг түдгэлзүүлэх, лицензийг хүчингүй болгуулах нэхэмжлэхийг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн байна. Тодруулбал, уг хэргийн шүүх хурал өнгөрсөн пүрэв гаригт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, “Сентерра гоулд”-ын Ноён ууланд эзэмшиж буй дөрвөн лицензийг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, Сентерра гоулд компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна.
“Сентерра гоулд” компани Гацууртын орд газарт олборлолтоо хараахан эхлээгүй байгаа бөгөөд ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хийж байгаа аж. “Сентерра гоулд” компани Монголын Засгийн газартай найман тэрбум төгрөгийн эхний гэрээ хэлцэл хийж, нэг тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр хийжээ. Мөн Гацууртыг ордын ашиглах бэлтгэл ажлыг хангаж 50 гаруй хүн уурхайн дээр ажиллаж байгаа аж. Нэгэнт УИХ дээр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол батлагдаж, хөрөнгө оруулалтын ажил эхэлсэн энэ үед “Сентерра гоулд”-ын лицензийг түдгэлзүүлснээр олон улсын биржид компанийн хувьцааны үнэ унах зэрэг олон хохирол учирна гэдгийг хариуцагч татагдсан Ашигт малтмалын газар болон “Сенттера гоулд” компани мэдэгдэж байгаа юм. Тиймээс хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж давж заалдахаа мэдэгдээд байна.
Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 432.3 сая ам.доллар буюу 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт есөн жилийн хугацаанд Монгол Улсад орж ирнэ гэж тооцож буй. Мөн тус ордыг ашигласнаар таван төрлийн татвар хураамж авна. Хөрөнгө оруулагч тал Монголын Засгийн газартай гэрээ хэлэлцээр байгуулах ажил үргэлжилж, энэ хавар, зунаас ажил эхлэхээр төлөвлөөд байсан юм. “Сенттера гоулд” компани хүдэр тээвэрлэх замаа тавьж, ордын олборлолтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд ороход бэлэн гэдгийг Уур уурхайн сайд Р.Жигжид мэдэгдэж байсан юм.