Open iToim app
Нийгэм | 12 мин уншина

Б.Зангад: Мөнгөөр биш сэтгэлээр хэмждэг уран бүтээл гэж бий

Б.Зангад: Мөнгөөр биш сэтгэлээр хэмждэг уран бүтээл гэж бий
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2015 оны 12 сарын 4
“Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй
Уудам бэлчээрт шуугиан татрахгүй
Алтан намар он жил улиравч дуурсгалтай
Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан.
Ай даа намар цаг
Алтан сайхан цаг...” хэмээн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайн дуулсан дуу телевиз, радиогоор цацагдах нь нэгэнтээ алтан намар айлчлан ирснийг илтгэнэ. Энэ л дуугаар бид намрыг угтаж, үддэг. Ард түмний сэтгэлд хоногшсон энэхүү дуугаар овоглосон уран бүтээлч маань саяхан төрсөн нутгаа зориод иржээ. Уран бүтээлээрээ овоглосон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад гуайтай аян замын сонин сайхнаас хуучилж, их хотод анх хөл тавьж байснаас авахуулаад түүний уран бүтээлийн талаар мартагдашгүй сайхан дурсамж хөлөглөн ярилцсанаа хүргэе.
-Сүүлийн үед ойрмогхон нутаг руугаа явдаг болж. “Тунгалаг Буянт”-аа үгүйлээд замд гараад байна уу, эсвэл уран бүтээлийн ажлаар хүлгийн жолоо залав уу?
-Би Ховд аймгийн Буянт сумын уугуул. Саяхан төрөлх сумынхаа 90 жилийн ойн баярт оролцоод ирлээ. Эх орны маань дөрвөн зүг найман зовхист улс орон хөгжиж, хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгааг хараад сэтгэл тэнүүн явлаа. Улс орон дэд бүтцийн асуудлаа шийдэж байгааг замын турш харлаа. Зам дагаж хөгжиж байгаа учир алс нутгуудын дэд бүтцийг шийдээд өгвөл хөгжих боломжтой юм байна. Хүн амын хөгжлийн төвшин хуучин цагийг бодвол өөрчлөгдсөн байна.
-Хүн нас явах тусам нутаг амьтай болдог гэдэг. Танд нутагтаа амьдрах бодол бий юү?
-Хүн нутгаа санадаг гэдэг үнэн үг шүү. Би сүүлийн жилүүдэд нутаг руугаа гүйдэлтэй болчихоод байгаа л даа. Нутагтаа очно, тоглож өссөн газраа харна. Гэтэл багын дурсамжаа хуучилъя гэхээр үе тэнгийнхэн маань цөөрчихжээ. Тэгэхээр хүн ганцаардах байдал руу орчихдог юм уу даа. Тийм болохоор нутагтай очоод амьдаръя гэсэн бодол үгүй болчихсон байна. Өндөр наслах сайхан ч үеийнхэн маань цөөрчихөөр сэтгэл хоосроод байх юм даа.
-Ингэхэд Та хэзээ анх хотод хөл тавьж байв. Тэр үеийн дурсамжийг одоогийн өндөрлөгөөс эргэн дурсвал?
-Би 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор арван хэдхэн насандаа Ховд аймгийн жүжигчид, сайн дурын уран сайханчидтай анх Улаанбаатарт ирж, хотын соёлтой танилцаж байв. Түм түжигнэж, бум бужигнасан олон хүн төвлөрсөн газрыг үзээгүй хөдөөний хүүхдийн хувьд нийслэлийн байдал их сонирхолтой байсан санагдана. Хөдөө орон нутгийнхан тэр тусмаа Ховдынхон Улаанбаатарт ирнэ гэдэг ховор завшаан.Ховд аймаг нийслэлээс 1500 км хол. Машин тэрэг ховор учраас хааяа нэг машин явдаг. Хагас сар гаруй явж байжУлаанбаатарт ирж байлаа гээд яривал одооны хүүхдүүд гайхах байлгүй дээ.Бид Яармагийн дэнж дээр дөрвөн майхан барьж байрласан. Баруун талын хоёр эрээн майханд Ховд аймгийн ХДТ-ын жүжигчид, зүүн талын хоёр майхан нь Дорнод аймгийн ХДТ-ын жүжигчид байрласан юм. Хөдөөгийн мэргэжлийн урлагийн театрын уран бүтээлчид Улаанбаатарт анх удаа ирж уран бүтээлээ хүргэж байгаа нь тэр шүү дээ. Ховдын театрыг 1950 онд байгуулсан. Үүнээс нэг жилийн дараа театрынхан сайн дурын уран сайханчидтайгаа Ардын хувьсгалын 30 жилийн ойд оролцохоор ирсэн. Ховдын театр олон ястан, үндэстэнтэй их баялаг учраас тэр бүхий л уламжлал соёлоо тоглолтоо тусгахыг хичээсэн.
-Хотын соёлтой анх удаа танилцаж байгаа хүүхдэд бүх зүйл л шинэ сэргэг харагдсан нь лавтай. Тэр дундаас сэтгэлд хоногшсон, хараад гайхаж, сонирхож байсан зүйл байсан уу?
-Мах комбинатын хоёр давхар байшин их тод харагдаж байсан. Нэгдүгээр сургууль, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, тухайн үеийн Элдэв-Очирын кино театр буюу одоогийн Хөрөнгийн бирж, Гадаад хэргийн яам, Улсын багшийн дээд сургуулийн байшин гэсэн хэдхэн барилга нийслэлд анх хөл тавихад их өндөр, сүрлэг санагдаж байсан даа. Ер нь тэр үед тоймтой хэдхэн байшин байлаа шүү дээ. Ямар сайндаа тэр олон давхар барилгын дээд давхарт нь яаж ордог юм бол гэж бодож байсан юм даг. Жаахан хүүхэд учраас юм бүхэн л сонин содон харагдаж ширээ байсан ч барьж үзмээр санагддаг байж билээ. Дээрээс нь хотын хүмүүс торгон дээл өмссөн гоё ганган харагдана. Тэр үед Яармагийн талбайд Улсын баяр наадам болдог байв. Наадмыг улсын баяр наадам, цэргийн баяр гэж олон янзаар нэрлэнэ. Хятад дэлгүүр, гуанз гэсэн ахуйн үйлчилгээний газрууд ихэвчлэн хувийнх байсан. Сонирхолтой нь морин тэрэг одоогийн таксины үүрэг гүйцэтгэдэг байлаа шүү дээ. Наадмын үеэр хотын бүх албан байгууллагууд үзэсгэлэнгээ гаргана. Тэнд бас циркийн байртай бөгөөд нийслэл болон хөдөө орон нутгаас ирсэн уран бүтээлчид ард түмэнд тоглолтоо хүргэдэг байсан.
-Алс хязгаараас хотод ирээд учраа олохгүй зүйл тохиолдож байв уу?
-Төрсөн ахтайгаа ирсэн болохоор тийм зүйл болоогүй. Хүүхэд болсон хойно олон зүйл хараад сатаарах үе байсан. Ялангуяа янз бүрийн хэлбэртэй чихэр гоё харагддаг байж билээ.
-Нийслэл хотод очоод ирсэн хүүхдийг нутгийн олон хэр хүлээж авч байв?
-Үгээр хэлэхийн аргагүй. Нутагтаа иртэл хүн бүхэн тэвэрч үнсээд л сансарт нисээд ирсэн баатар шиг л хүлээж авч байсан. Аргагүй байх л даа. Хаа байсан тэр алс бөглүү газраас 1500 км замыг туулж очоод тоглолтоо хийгээд ирсэн болохоор.
-Дараагийн удаа хотод мөн л урлагийн ажлаар ирж байв уу?
-Хотод соёл урлагийн ажлаар л голдуу ирдэг байлаа. Анх ирж байснаа бодвол бага сага юм ойлгодог болчихсон, бас ахын костюмыг өмсөхтэйгөө болчихсон байсан юм. Наймдугаар ангид сурч байхдаа дахин Улаанбаатарт ирсэн гэсэн үг л дээ. 61 жилийн өмнө Ховд аймгийн соёлын өдөрлөгийн нээлт одоогийн Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх талбайд болсон. Энэ тоглолтыг бэлтгүүлэхээр нийслэлээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, нэрт зохиолч, найруулагч Л.Ванган, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав нар ирэв. Тоглолтыг найруулахаар ирсэн хоёр Ховд аймгийн соёлын өдрүүд учраас нутгийн зохиолчдын бүтээлийг оруулах хэрэгтэй гээд манай нутгийн ах Дашнямтай хамтраад Л.Ванган багш “Тожоо жолооч”, Д.Лувсаншарав багш, Гончиг гэж авьяаслаг ахтай хамтарч “Цэцэг нуурын хошуунд” хөгжимт драмын жүжгүүдийг бичиж хөтөлбөртөө оруулж байсан. Ингээд их баялаг хөтөлбөртэй Улаанбаатар хотод ирлээ. Дөрвөн жилийн дараа хотод ирэхэд барилгын тоо олшроод, Сүхбаатарын талбайн хэмжээ том болчихсон юм шиг харагдсан. Засгийн газрын ордон гэж өргөтгөлгүй, дөрвөн давхар урт цагаан байшин байсан даа. Одоогийн хотын захиргаа “Алтай” нэртэй зочид буудал байв. Тэнд бид байрлаж, Дуурь бүжгийн эрдмийн театрын оронд байсан Улсын хөгжимт драмын театр руу явдаг байсан.
-Ямар ч гэсэн Та хоёр дахь удаагийн явалтаар ганзага хоосонгүй явжээ. "Тунгалаг Буянт" дуу энэ үед төрсөн гэл үү?
-Тийм ээ, яг энэ үед Л.Ванган, Д.Лувсаншарав багш нар маань надад “Тунгалаг буянт” дууг өгсөн юм. Лхашид гэж жүжигчин үгийг нь бичиж Балдан гэж хөгжим тоглодог авьяаслаг ах аяыг нь бичсэн юм билээ. Тэгээд Л.Ванган багш надад “За чи одоо сайн дуулна шүү.Нутгийнхаа нэр төрийг цуурайтуулах энэ дууг нийслэлчүүдэд хүргэх ёстой” гэж хэлж байсан. Би ч их хичээж дуулсан. Тухайн үед би “Тунгалаг буянт” дууг ирээдүйтэй сайхан дуу болно гэж бодож байгаагүй. Зүгээр л аятайхан дуулчих юмсан гэж бодож байсан. Тэгээд дуултал хүмүүс нижигнэтэл алга ташаад сүйд. Алс бөглүү газрын хүүхэд учраас онгирч оодойно, хамраа сөхнө гэсэн зүйлгүй багш нар юу гэж хэлнэ тэрийг л дагадаг байсан. Тэгээд нутгийнхаа сайхан дууг дуулсан гээд Хөдөлмөрийн баатар академич тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн орлогч дарга байсан Ширэндэв гуай намайг хүндэт үнэмлэхээр шагнаж байсан. Бас болоогүй Эвлэлийн төв хорооны хүндэт үнэмлэх аваад “Залуучуудын үнэн” сонинд “Залуу авьяастанд талархал илэрхийлье” гэсэн булангийн анхны зочин болоод би ч мандаж өглөө. Энэ сонин хөдөө орон нутагт тараагдаж Зангад гэдэг хүн тэнгэрт гарлаа даа. Тухайн үед сонинд гарна гэдэг ховор зүйл шүү дээ. Ингэж хоёр дахь удаагаа Улаанбаатар хотод ирээд ганзага дүүрэн буцсан юм.
-Ингэж яваад л Та хотын суурин иргэн болохоор шийджээ дээ. Өөрөөр хэлбэл, урлаг Таныг их хот руу хөтөлж оруулж ирсэн юм байна?
-Тэгэлгүй яахав. Их урлагийн ач буянаар 1955 онд би хотод ирж суурьшсан. Тэр жилийн Дэлхийн залуучууд оюутны их наадамд оролцох шалгаруулалтад тэнцээд Ардын ансамблийн уран бүтээлчидтэй хамт Варшав хотыг зорилоо. Газрын зурган дээрээс хардаг байсан хотуудыг дайраад явж байгаадаа өөртөө ч итгэхгүй байсан. Уралын нуруу, Волга мөрөн, Красноярск, Новосибирск, Москва гээд л том хотуудыг дайраад Варшавт ирлээ. Тэнд би ардын хөгжимтэй “Тунгалаг буянт", “Буурал морь” гэж хоёр дууг дуулсан. Энэ фестивалийн дараа Германы 14 хотоор юм үзэж нүд тайлж явсаар байгаад 1955 оны намар Монголдоо ирлээ. Арван жилээ төгсөөгүй байсан ч нутагтаа эргэж очиж суралцаагүй. Учир нь Ардын ансамбльд дуучнаар орох санал ирсэн юм.
-Хотод анх ирж байсан үеэ өнөөдөртэй харьцуулбал тэр үеийн байшин барилгаас үлдсэн юм юу байна. Та тухайн үеийн нийслэл хотын бүтээн байгуулалтын ид үед л хотод суурьшиж ээ дээ?
-Одоо бодоход 1951 оноос Шар дэлгүүр л үлдэж дээ. Одоогийн “25 суваг” телевизийн цаахан талд бий. Тэнд өмнө нь үсчин, зурагчин, будгийн газар зэрэг хувийн үйлчилгээний газрууд байлаа. Одоогийн Драмын театр буюу Залуучуудын ордон 1954 онд Монголын ард түмний хөрөнгөөр боссон байшин юм шүү дээ. Би хүртэл сурагч байхдаа 45 мөнгө хандивлаж байв. Тэр үед одоотой харьцуулахад хүн ам цөөхөн. Үндэстнийхээ хувцсыг их өмсдөг байсан ч соёлжоод улам л өнгөлөг сайхан болсон. Ер нь 1956 оноос хот олон барилгаар өнгө нэмсэн. Дөчин мянгат, Тавин мянгат баригдаад, төмөр зам ч тавигдаад, хүн ам төвлөрч, 1960-аад оноос хурдтай хөгжиж эхэлсэн дээ. Эсгий хотоос орчин үеийн хот болон хөгжсөн гэж энэ үеийг онцолдог шүү дээ. Яах аргагүй л тухайн үеийн бүтээн байгуулалтын олон гэрчийн нэг нь дээ, би. Энэ намар Ховдын өдрүүд Улаанбаатарт болж байх жишээтэй. 60-аад жилийн өмнөх соёл урлагийн өдрүүд хүрээгээ тэлж өдгөө ийм өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өргөжсөн байна.
-Тухайн үеийн соёлын довтолгооныг Та сайн санадаг байх. Үр дүн нь юу байв?
-1960-аад оны үед болсон санагдана. Соёлын довтолгооны үед албадлагаар хүнийг сургасан ч их зүйл өгсөн. Хүн бүр цагаан хэрэглэл, шүдний сойз, гутлын алчуур, тостой байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Түүнээс гадна боловсролын хувьд айлд номын шүүгээ байх ёстой гэдэг байсан. Ер нь тэр үеийн төр засаг Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, эрүүл байхад их анхаарч байв. Хүмүүс эрүүлжсэн учир төрөлт ч нэмэгдсэн. Хотын соёл гээч зүйл эндээс эхэлж төлөвшсөн болов уу. Өнөө үед ч хотын соёл төлөвшиж, ялангуяа сүүлийн үеийн хүүхдүүдийг ажиглахад их соёлтой болж. Гадаадынхан шиг явган хүний гарцаар хүлээцтэй гарч, олон нийтийн газар соёлтой байх ёстойгоо ухамсарладаг болсон байна.
-Нийслэлийн иргэн хүний хувьд эх орныхоо цаашдын хөгжилд нэмэр болохоор санал бодол танд байгаа болов уу?
-Байлгүй яахав. Хот төлөвлөлтдөө анхаараад, замаа өргөсгөөд эхлэхээр айлууд нь газраа чөлөөлж өгөхгүй, өндөр үнэ хэлээд байх юм. Одоо иргэддээ өмчлүүлж байгаа газраа бодлоготой өмчлүүлэх хэрэгтэй. Миний бодлоор одоо барилга барихдаа захдуу газар барих хэрэгтэй байна. Тэгж чадвал хүн амын нягтаршил багасч, хотын ачаалал буурна. Тэгэхгүй бол захын гэр хорооллууд улам л хүрээгээ тэлсээр байх болно. Бас ногоон төгөлтэй болох, эко хот болох боломж бидэнд байна. Өөрөөр хэлбэл, айл бүр бурхан болооч болон шинэ хүндээ зориулан мод тарьж өгвөл энэ маш амархан бүтэх ажил. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд холбогдох газрууд тусгайлан мод тарих газар гаргаж өгч байвал сайн сан.
-Нар төөнөсөн намрын налгар өдөр таны “Алтан намар” дууг сонсохоор өөрийн эрхгүй бодолд автдаг гэж олон хүн ярихыг сонссон. Үнэхээр ч таны энэ дууг мэдэхгүй монгол хүн цөөхөн?
-Дуу болгон түүхтэй байдаг. Монголын яруу найрагч, хөгжмийн зохиолч, уран бүтээлчид бурхнаас заяасан авьяастай агуу хүмүүс байдаг юм шүү дээ. Тиймээс эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө олон сайхан бүтээл хийсэн. Улирал бүхэн сайхан. Би хавар төрсөн болохоор энэ улирал надад сайхан санагддаг. Уран бүтээл маань цэцэглэдэг болохоор намар бас сайхан санагддаг юм. 1982 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос Монголын хөгжмийн урлагийн “Алтан намар” наадмыг Д.Сүхбаатарын талбайд анх санаачлан зохион байгуулсан. Тэр үед МАН-ын Төв хорооны тогтоол гараад “Алтан намар” наадмыг зохион байгуулах хороог байгуулж байсан юм. Монголын хөгжмийн зохиолчид тэр онд ямар бүтээл хийснээ ард түмэндээ тайлагнах зорилгоор зохион байгуулсан наадам юм л даа. Тэгээд 1983 онд энэ наадмыг нээж, хаадаг сүлд дуутай болъё гээд хөгжмийн зохиолчдын дунд нэргүй уралдаан зохион байгуулсан. Улмаар Л.Мөрдорж, Н.Жанцанноров, Г.Алтанхуягийн гурван дуу шалгарснаас “Алтан намар” үлдсэн юм билээ. 1983 оны аравдугаар сарын 1-нд циркэд “Алтан намар” наадмын нээлт болоход би анх “Алтан намар” дууг дуулсан даа. Одоо дуугаа сонсоод “Энэ дууг анх дуулж байхдаа залуухан байж дээ” гэж бодогддог юм.
-Хүнд бодол ухаарал хайрласан, мартагддаггүй дуу олон бий. Гэтэл сүүлийн үед гарч байгаа уран бүтээлийн ийм “амьд” чанар үгүй болчихжээ. Энэ нь танд ч гэсэн мэдрэгдэж байгаа байх?
-Би Монголын дуулаачийн урлагт ороод 60 гаруй жил болж байна. Энэ хооронд Монголын олон сайхан яруу найрагч, хөгжмийн зохиолчтой хамт ажиллаж, амьдарчээ. Одоо миний үеийнхэн ховордсон байна. Би чинь “танихгүй” хүмүүсийн дунд амьдарч байна шүү дээ. Танил хэд маань бурхны оронд заларчээ. Тэднийгээ санана, үгүйлнэ, дурсана. Бас сэтгэлдээ зурдаг юм. Тэд уран бүтээлдээ сэтгэлээ зориулдаг байсан учраас одоо хүртэл хуучрахгүй байна. С.Гончигсумлаа, Ж.Бадраа гуай “Жаргаах зүрхэн” бүтээлээ хийхдээ хамтдаа зөвлөж, сэтгэлээсээ шижир бүтээл хийсэн. Тэгээд тэр бүтээлүүд нь мөнхөд үлдэж байгаа юм. Гэтэл сүүлийн үеийн уран бүтээлчид мөнгөний төлөө ажиллаад байна. Уран бүтээлийг мөнгөөр хэмжиж болохгүй. Сэтгэлийн уран бүтээлийг сэтгэлээрээ хэмжинэ үү гэхээс өөр зүйлтэй зүйрлэж болохгүй юм шүү дээ.
-Таны урлагт зүтгэсэн он жил, хүч хөдөлмөрийг тань төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол олголоо. Олон жилийн хөдөлмөрийг үнэлсэн тэмдгийг энгэртээ зүүлгэж байх мөчид хамгийн түрүүнд юу бодогдож байсан бол?
-Аав ээж, төрсөн нутаг хамгийн түрүүнд санагддаг юм билээ. Тэр үед “Би ийм хүндтэй шагнал хүртэх зүйл хийсэн юм байх даа” гэж бодоод ханцуйндаа залбирч явлаа. Тэр сайхан нутгийн бүтээгдэхүүн болж төрсөн болохоор намайг харж үзэж хүний дайтай хүн болгож өдий зэрэгтэй амьдруулж байгаа байх гэж боддог юм. Нутаг маань намайг хайрлаж үргэлж харж байдаг шүү. Бас интернэтээр намайг яаж баалах бол гэж эмээж байсан боловч надад тийм шүүмж ирээгүй. Энэ нь миний уран бүтээлдээ хариуцлагатай ханддаг байсантай холбоотой болов уу гэж бодсон. Мөн олон түмэн намайг хайрлаж хүндэтгэж байгаагийн илрэл гэж бодоод залбирсан.
-Та ахмад хүний хувьд залуучууддаа хандаж юу захих вэ. Өнөө үед санаачилга гаргаад хийчихмээр санагддаг зүйл юу байдаг вэ?
-1970-аад оны үед соён гэгээрүүлэх ажил хүчтэй өрнөж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагууд тодорхой төлөвлөгөөтэй, түүнийхээ дагуу бүх сумаар аялж тоглолт хийдэг байв. Хаана хүн амьдарч байна, тэнд урлаг соёлынхон хүрч үйлчилдэг байлаа. Өнөөдөр тэр ажлыг хийхээ больж. Үүнээс гадна орхигдоод байгаа зүйл дотор нэг чухал зүйл бий. Намар болохоор залуус хөдөө явж улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан хадлан тэжээл бэлтгэх, тариа ногоо хураахад гар бие оролцдог байв. Тэр ариун хөдөлмөрийн шимээр залуус хүссэн мэргэжлээ олж, зарим нь амьдралаа зохиодог байв. Гэтэл тэр ажил одоо дутагдаад байна. Тэр үед тариа будаагаа Төв цэнгэлдэхийн гадна талбайд байрлуулж, эскпортод гаргадаг байсан. Бид цөөхүүлээ байсан ч ажиллаж болоод л байсан. Харин одоо олуулаа тэр үеийнх шиг хөдөлмөрлөвөл ямар их ажлын ард гарах бол. Ийм учраас би залуу үеийнхэнд өнөөдрийн хөл нь майжиг болсон бөгтөр өвгөн, нүүрэнд нь үрчлээ суусан энэ хөгшчүүдийн нуруун дээр Монгол Улсын хөгжлийг тулж ирсэн юм шүү. Тиймээс автобусанд ороход нь тохойноос нь дэм болоод өргөж оруулаад суудал тавиад өгчихөж бай. Ахмад үеийнхнийгээ хүндэлж бай гэж залуучуудад захьдаг юм.

www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн