“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хавсралтад шинэ дахь заалт нэмлээ. Унгар улсын Будапешт хотноо амьдарч буй монголч эрдэмтэн, ахмад дипломатч Ласло Кадар өөрийн хувийн цуглуулгад байсан Аюуш бурхныг Унгар улсад зохион байгуулагдсан Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди нарт хүлээлгэн өгчээ.
БСШУ-ны сайдын тушаалаар байгуулагдсан бурхны онцлог шинж, ур хийцийг тодорхойлон тогтоох, музейн сан хөмрөгт шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү Аюуш бурхныг Өндөр гэгээн Занабазарын мутрын болон хийцийн бүтээл мөн болохыг тогтоож, Монгол Улсын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад оруулах нь зүйтэй гэжээ.
Аюуш бурхан нь 1 тэргүүн, 2 мутар, 2 өлмийтэй. Амирлангуй, зөөлөн, төгс сайхан залуу дүртэй. Давхар бадамцэцэг суурин дээр бүтэн очир завилгаагаар оршино. Хоёр гараа тохойгоор бага зэрэг нугалж өвөр дээрээ авчран алгыг дээш харуулан баруун гараа зүүн дээр тавьж бумба барьсан.
Нүүрний төрх: Магнай дээрээ "ур-на" хэмээх товгорыг цагаан өнгөөр ялгаж өгсөн.Дээш дугуйрсан саран мэт хар өнгийн хөмсөгтэй.Мэлмий нь арвай нуман хэлбэртэй,зовхио ялимгүй буулгаж бясалгал хийж буй дүртэй. Нүдний дээд зовхийг хараар, доод зовхийг улаанаар будсан, харцыг тодруулж хар цагаан өнгөөр ялгаж өгсөн. Эгц шулуун хамартай,бомбогор улаан уруултай. 2 чихэндээ навчин хээтэй ээмэг зүүсэн.
Үсээ дээш нь шомбойлгож үснэр хийн боож оройг нь эрдэнээр чимсэн, үлдсэн хэсгийг нь 2 мөр үү унжуулсан. Үсийг хөх өнгөөр ялгаж өгсөн. Тэргүүндээ рин-аа титэм өмссөн. Хүзүүндээ урт богино чимэг бүхий зүүлт эрхи зүүсэн.Энгэрийн зүүлтнээс гадна бугуй, бугалга,шилбэндээ бугуйвч чимэг зүүсэн. Аюуш бурхан нь нүцгэн биендээ торгомсог гоё өмсгөл өмссөнийг уран цоолтбороор гарган товойлгож өгсөн. Г.Занабазарын шавь нар монгол уран баримлын уламжлалт аргаар Занабазарын бурхан дүрслэлийн тигийг баримтлан бүтээсэн.
Диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан Монгол, Төвд, Хятад зэрэг дорно дахины ихэнхи орнуудад өргөн дэлгэр шүтдэг, Насан цаглашгүй хэмээх Аюуш бурхан нь санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээн алдаршсан.
Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа тэгш агуулан насны бумбыг галбирваасан модоор чимж барьсан, үсээ жинсэлж боосон, торгон цээживч ба хормогчтой, эрдэнэ хэлхсэн титэм, сонорын чимэг, хүзүүний чимэг, хоолойвч, хөл ба гарын бугуйвч, сугавчлуур тэргүүтэн чимэгтэй, гэрэл цаглашгүй цацарсан, очир завилгаагаар лянхуан саран дэвсгэрт залардаг. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч "Үйлдвэрийн үндэс" буюу "Жажүд" ёсны , цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө.