Авлигатай тэмцэх газрынхан хэд хоногийн өмнө Дорноговь аймгийн төв болон зарим суманд ажиллажээ. Ажлын хэсэг энэ үеэрээ Замын-Үүд дэх Гаалийн газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм байна. Тус газраас хэд хэдэн зөрчил, дутагдал илрүүлснийг арилгуулахаар хугацаатай албан бичгийн Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлд хүргүүллээ. Албан бичиг дотор Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Хишигбаттай холбоотой нэлээд мэдээлэл ГЕГ-ын даргын нэр дээр очсон байна.
Б.Хишигбат нь Улаанбаатар хотын гаалийн газарт олон ажил ажилласан гаальчин. Түүнийг ардчилсан хувьсгалын партизан явсных нь хувьд болон олон жилийн туршлагыг нь үнэлж 2012 оны сонгуулийн дараа тус гаалийн даргаар тавьсан гэдэг. Ингээд нэг жил хагасын дараа түүнийг Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар томилсон. Гаалийнхан мэднэ дээ, Замын-Үүд дэх гаальд алба хашина гэдэг бол албан тушаалын шагнал гэдэг. Гэвч Б.Хишигбат дарга ардчиллын буянг даасангүй бололтой.
Тэрээр өөрт нь хуулиар олгосон чиг үүргээ хэрэгжүүлэхдээ авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтуудыг зөрчсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Учир мэдэх зарим нэгний яриагаар Замын-Үүдийн гаалиар орох, гарах тарифыг Гаалийн ерөнхий газраас нэмээгүй байхад орон нутгийн удирдах зарим албан тушаалтан нэмж, үүнд нь Б.Хишигбат нэр холбогдож яваа юм байна. Уг нь АТГ-аас авлигын эсрэг үйл ажиллагааны хүрээнд 2014 онд мэдээллийн ил тод байдлыг хангах, гаалийн улсын байцаагчдыг авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, сурталчилгааны чиглэлийн сургалтад хамруулсан юм байна.