Өглөөний 08.30 цаг. Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар дээр “13.. УНГ” улсын дугаартай автомашины жолооч зөрчил гаргаж замын цагдаа дохио өгч зогсоолоо.
-Цагдаа: Амрыг эрье. Автомашины гэрчилгээ, жолооны үнэмлэхээ гаргаад ир. Та ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу?
-Жолооч: Сайн мэдэхгүй байна. Гэрлэн дохионы дагуу л баруун гар тийш эргэсэн.
-Цагдаа: Өнөөдрөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ дүрэм хэрэгжиж эхэлж байгааг мэдэж байгаа биз дээ. Автомашин жолоодож байхдаа гар утас хэрэглэхийг хориглосон байхад та гар утасаараа ярьж явна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй учраас хуульд заасны дагуу Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгоно гэлээ.
... Энэ өглөө замын хөдөлгөөнд оролцож буй 10 жолооч тутмын гурав нь дээрх зөрчлийг гаргаж байна гэж замын цагдаа хэллээ.
Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, авто замын түгжрэл өмнөх өдрүүдийнхээс хэд дахин их байна. Замын цагдаагийн газрын албан хаагчид хичээлийн шинэ жил болон шинэ хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ойролцоохь авто замууд дээр өглөөний 07.00-10:30 цаг хүртэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Хан-Уул дүүргийн 41 дүгээр сургуулийн ойр орчимд Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч Л.Амаржаргал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллав. Тус сургуулийн орчим зам тээврийн осол гараагүй, түгжрэл их байгаагаас хөдөлгөөнд оролцогчид зохицуулагчийн дохиог зөрчих тохиолдол их гарч байв. “Өнөөдрөөс шинэ хууль хэрэгжиж байгаа учраас хөдөлгөөнд оролцогчид анхаарал болгоомжтой байна" гэж Л.Амаржаргал хэллээ. Мөн тэрээр замын хөдөлгөөнд оролцож буй 10 жолооч тутмын 8 нь хамгаалтын бүсээ зүүсэн байгааг олзуурхаж ярилаа. Харин жолоочийн хажууд сууж яваа зорчигч суудлын бүсээ зүүгээгүй тохиолдол олон байна гэв. Шинэ хуулийн дагуу жолоочийн хажуугийн суудлын зорчигч суудлын бүсээ зүүгээгүй бол 9000 төгрөгийн торгууль ногдуулахаар байгаа юм. Автомашин жолоодож байгаа хүмүүсийн 30 хувь гар утсаар ярьж байгаа бол явган зорчигчдын 30 хувь гарцаар ногоон гэрэл хүлээлгүй зам гарч байна гэж цагдаа ярилаа. Утсаар ярьсан жолооч, гарцаар гараагүй явган зорчигч бүрийг саатуулж торгож чадаагүй ч хууль хэрэгжиж эхэлснийг олон хүнд Л.Амаржаргал ахлагч тайлбарлан уучилж байв.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Жолооч нарын хувьд хэт ядарсан үедээ жолоо баривал торгоно гэдэг заалт дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Энэ заалт орон нутгийн чиглэлд үйлчилж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт л хамаатай гэж зарим хүн ярьж байна. Энэ үнэн үү?
-Тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа бүх жолооч нарт хамаатай. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, сэтгэцэд нөлөөлөх эм, бодис хэрэглэсэн гэдэг заалтууд нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг заалттай үр дагаврын хувьд адилхан. Хэт ядарсан үед хөдөлгөөнд оролцогчийн сэтгэн бодох чадвар, орчныг мэдрэх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар нь алдагдсан байдаг. Ийм байдалтай жолоо барьсан хүн осол гаргаж, өөрийгөө болон өрөөлийг тахир дутуу болгох магадлал өндөр байдаг.
-Замын цагдаа нар тухайн жолоочийг хэт ядарсан байна гэдгийг нь яаж тогтоох юм бэ?
-Хэт ядарсан хүн харахад андашгүй байдаг. Хүүхэн хараа нь томорсон эсвэл хөдөлгөөнгүй болсноор нь ихэвчлэн илэрдэг. Гэхдээ хүүхэн хараа томорсон жолооч бүрийг торгоно гэж ойлгож болохгүй. Ер нь ажиглалтын явцаас ядарсан хүнийг харахад л илт мэдрэгддэг шинж нь. Гэхдээ хэт ядарсан гэдгийг тогтоохын тулд эмнэлгийн байгууллагыг түшиглэн тогтоож ажиллана. Эрүүл мэндийн газраар хэт ядарсан гэдгийг нь тогтоолгоно. Онгоцны нисгэгч нисэхийн өмнө эрүүл мэндийн бүх үзлэгт орж шалгуулсны дараа нисдэг. Үүнтэй адил нийтийн тээврийн үйлчилгээнд оролцож байгаа бүх жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд бага ядралттай байх ёстой. Эхний ээлжид нийтийн тээврийн үйлчилгээнд оролцож байгаа жолооч нарт нарийн хяналт тавина. Учир нь, олон хүнийг амь насыг хариуцаж байгаа шүү дээ. Өдөрт машин дотроо хоёр цаг унтчихаад үлдсэн 22 цагт нь таксинд явж байгаа хүн олон байна. Энэ хүмүүс осол аваар гаргаж, хөдөлгөөнд саад учруулж, өөрөө болон өрөөлийг гэмт хэрэгт оруулж байна. Үүнийг л арилгаж, хариуцлагыг л өндөржүүлж байгаа юм. Түүнээс биш цагдаа “чи хэт ядарсан байна” гээд л мөнгө аваад байна гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Тухайн хүн өөрөө хариуцлагатай ухамсартай байвал замын тээврийн осол гарахгүй, торгууль төлөх шаардлагагүй болно.
-Хэт ядарсан гэдэг заалт орон нутгийн чиглэлд явдаг тээврийн хэрэгслийн жолооч нарт их хамаатай юм байна даа?
-Ер нь бүх жолоочид хамаатай. Гэхдээ эхний ээлжинд хот хооронд болон нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч нарт хатуу хяналт тавина. Хот хоорондын тээвэр хийж байгаа том оврын автомашин жолооч нар заавал туслах жолоочтой байх ёстой гэдэг шаардлагыг илүү өндөрсөж байгаа. Ер нь 1000 км замын турш нэг хүн ганцаараа 13-14 цаг хөдөлгөөнд оролцож болохгүй. Тиймээс шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Төр иргэдийнхээ амь насыг албадлагаар хамгаалах систем бүх л улс оронд байдаг. Манайх энэ чиглэл рүү явж байна
-Жолоочийн онооны систем гэдгийг тайлбарлаж өгнө үү.
-Энэ мөн л жолоочийн сахилга соёлыг дээшлүүлэх гэсэн үйл ажиллагаа. Жолооч бүрт 10 оноо олгоно. Хэрвээ жолооч замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалт буюу хурд хэтрүүлэх зөрчил гаргасан бол 10 онооноос хоёр нь автоматаар хасагдаж, дээр нь 48000 мянган төгрөгөөр торгуулна. Зөрчил гаргах бүрт оноо хасагдаж, оноогүй болсон бол эрхээ хасуулна. Дүрэмгүй ажиллагаа, нөлөөллөө алдсан торгуулиас болж зам тээврийн осол гардаг. Үүнийг зохицуулахын тулд хууль хэрэгжүүлж байгаа гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Жолоочийн эрхийг хасч, мөнгөөр торгох гэж байгаадаа биш, дүрэм зөрчихгүй байснаараа оноогоо хасуулахгүй эрхээ хасуулахгүй, торгуулахгүй, журамлуулахгүй, нөгөө талд зам тээврийн осол гаргахгүй хүний ам нас эрсдэхгүй байх нөхцөл бүрдэнэ. Энэ ухамсрыг л суулгахын тулд торгуулийн механизмыг хэрэгжүүлж байна. Хариуцлагыг таны түрүүвчнээс чинь авна. Иргэн та түрүүвч рүүгээ оруулахгүйн тулд хариуцлагатай, дүрэм зөрчихгүй байх ёстой.
-Жолооч оноогоо эргүүлж авах, нэмэгдүүлэх боломж байгаа юу. Ер нь жолоочийн анхааруулах талоныг оноогоор сольчихож байгаа юм уу?
-Жилийн дотор зөрчил гаргахгүй бол хамгийн сүүлд хасагдсан оноо нэмэгдэж орно. Хоёр жил дүрэм зөрчихгүй бол автоматаар 10 оноо нь сэргэнэ. Хуучин толанаар жолоочийн эрхийг хасч, давтан курст суулгаж, шалтгалт өгч эрхээ сэргээлгэдэг байсан бол жолоочийн оноотой болсноор сүүлийн оноо хасуулснаас хойш жилийн дотор зөрчил гаргаагүй бол оноогоо нэмж авна.
-Өмнө нь зорчигч болон явган зорчигдод торгууль ногдуулдаггүй байсан. Харин шинэ хуулиар зорчигчид торгууль ногдуулахаар болсон байгаа.
-Тийм ээ. Ер нь зам тээврийн осол ганцхан жолоочоос үүдэлтэй байдаггүй. Явган зорчигч гарцаар гараагүй, гэрлэн дохио андуурснаас үүдэж осол гардаг. Тиймээс зорчигчийн шаардлагыг өндөрсгөх ёстой. Бусад улсуудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүний хажууд суусан зорчигч маш өндөр хэмжээгээр торгох хуулийн заалт байдаг. Зорчигч жолоочийг мэдсээр байж шаардлага тавихгүй хөдөлгөөнд оролцуулсанд торгууль ногдуулдаг. Манайх тэгж заагаагүй ч хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчийг 9000 төгрөгөөр торгох заалт шинээр орсон. Хамгаалалтын бүс зүүсэн тохиолдолд зам тээврийн ослоос тухайн хүнийг 50-70 хувь хамгаалдаг. Ийм судалгаа тооцоотой учраас гэнэтийн осол аваараас сэргийлэхийн тулд байнга бүсээ зүүж хэвшүүлэхийг зорьж байгаа юм.
-Замын цагдаа нарын хувьд үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа юу. Торгуулийг бэлэн бусаар ногдуулах уу?
-Тодорхой хэмжээгээр замын цагдаагийн үүрэг хариуцлага өндөрсөнө. Хуучин хуулийн дагуу шийтгэлийг давхардуулдаггүй байсан. Торгууль тавьсан бол эрх хасдаггүй байсан. Тэгвэл шинэ хуулиар эрх хассан бол торгууль давхар ногдуулна. Согтуугаар жолоо барьсан бол жолоодох эрхийг зургаан сараар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 384 мянган төгрөгөөр торгоно. Өнгөрсөн жил Замын цагдаагийн байгууллага 59 мянган согтуу жолоочийг илрүүлсэн. Энэ нь гарч болох 200 мянган зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн гэсэн үг. Гэхдээ тухайн үед шийтгэл, торгуулийн хэмжээ бага байснаас давтах тохиолдол гарч байсан. Харин шинэ хуулиар шийтгэл, торгуулийн хэмжээ өндөрсөж байгаа учраас хариуцлага илүү сайжирна гэж харж байна.
-Жолооч нарыг торгож байгаа мөнгө хашаа орж юунд зарцуулагдаж байгаа вэ?
-Энэ торгуулийн мөнгө хашаа ордгийг Цагдаагийн байгууллага мэддэггүй юм. Ер нь улсын төсөвт орлого болж төвлөрүүлдэг. Замын цагдаа нар торгосон мөнгөнийхөө 10 хувийг авдаг гэсэн яриа гарсан. Энэ огт худлаа. Торгуулийг бэлэн бусаар тавьж, тусгай данс руу орлого нь ордог шүү дээ.