Open iToim app
Чөлөөт цаг | 10 мин уншина

​Заавал үзэх байгалийн дурсгалт найман газар

​Заавал үзэх байгалийн дурсгалт найман газар
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 15
Монгол орон үзэсгэлэнт байгаль, газар нутаг, түүх, шашин шүтлэг, зан үйл, ан амьтан, ургамал, Их Монгол Улсын агуу түүхээр жуулчдын харааг ихээхэн татдаг билээ. Сүүлийн үед жуулчид ч гэлтгүй монголчууд дотооддоо аялах, зугаалах дуртай болоод байгаа юм. Манай улс байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан найман газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байдаг юм байна. Аялж, зугаалж байгаа, зуны амралтаа хэрхэн өнгөрөөхөө төлөвлөж байгаа иргэддээ зориулж улсын тусгай хамгаалалтад авсан байгалийн дурсгалт найман газрыг танилцуулж байна. Эдгээр дурсгалт газрыг байгалийн онгон байдлаар өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан юм байна. Нийт 101724,1 га газрыг хамардаг юм байна.
1.Булган Уул

Булган уул нь Улаанбаатар хотоос 520 гаруй км зайд Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог. Уг уулыг байгалийн үзэсгэлэнт байдал, түүхийн дурсгалт зүйлсийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна. 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлсэн. Булган уул нь урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтох бөгөөд хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Энэ бүсэд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзахын нуруу, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруунууд байхаас гадна, зүүн өмнө талд орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт хэмээх боржин хадат уул, Малгай зэрэг өндөр уулууд оршдог. Булган уулын зүүн хормойд Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус байдаг юм.
Булган уул нь ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг. Гүзээлзгэнэ, хад, тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир зэрэг эмийн ургамалтай юм байна. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гоньд зэрэг хүнсний ургамалтай. Булган ууланд хангайн бүсэд ургах хар мод, хуш зэрэг шилмүүст мод, хус, улиас, улиангар, хайлаас зэрэг навчит модод ургадаг.
2.Даян дээрхийн агуу

Даян дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд байрладаг. Улаанбаатар хотоос 700 гаруй км зайд оршдог байна. Цагаан үүр сумын төвөөс зүүн хойш 35 км явж Монгол орны хамгийн том агуйн нэг Даян дээрхийн агуу байрлана. 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан. Даян дээрхийн агуй нь ховор тогтоцтой, байгалийн үнэт үзмэр. Дотроо 10 гаруй өрөөтэй, зүг бүртээ олон ам хаалгатай, олон янзын рашаантай, нарийн шороон будагтай. “Эхийн умай” гэдэг эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсар байрладаг байна. Агуйн ам нь Номхон уулын дунд орчим зүүн урагш хандсан том дөрвөлжин хаалга хэлбэртэй юм байна. Түүний хамгийн том амсар нь 3х4 м хэмжээтэй бөгөөд түүнээс бага хоёр амсар байдаг байна. Агуй үүсгэгч шохойн чулуу нь өгөршилд орж олон нүх сүв, хонхорхой, сэнж, ан цав үүсгэсэн байна. Даян дээрхийн агуйн орчных нь байгаль маш үзэсгэлэнтэй ажээ. Цагаан суварга, Сэнжит хад зэрэг том жижиг олон агуй бий. Агуйнуудын орчимд олон тооны хиргисүүр, булш байдаг. Энэ орчмын нутаг хотгор гүдгэрийн хувьд 1600-1900м-ийн өндөр бүхий дундаж намхан уулс, голын хөндий хосолсон гадаргатай. Уулсын орой, хяр нь гол төлөв бөмбөгөр оройтой боловч хажуу нь эгц байдаг. Дээрхийн голын баруун зүүн талын эгц цавчим хажуутай уулс нь шохойн чулуу, занараас тогтоно.
Хуш нарс, гацуур, улиас, шинэс, монос, улаан, бор бургас, нохойн хошуу, боролзгоно, далан хальс, тавилгана, ямаан ба хонин арц, ягаан даль, улаалзгана, аньс, гүзээлзгэнэ зэрэг жимс, ургамлаар нэн баялаг гэж ярьдаг.
Орчны уулсад халтар хандгай, халиун буга, бор гөрөөс, зэрлэг гахай, хүрэн баавгай, хүдэр, үнэг зэрэг үслэг ан амьтан элбэг байдаг. Гол нуур цөөрөмд нь цурхай, алгана, гутаар, зэвэг, балиус зэрэг загастай. Харцага, шонхор, бэгбаатар, шар шувуу, сойр, хөтүү, ногтруу, өвөөлж, хөх цөгцгий, тоодог, тогоруу зэрэг жигүүртэн шувуудтай.
3.Сүйхэнт Уул

Сүйхэнт нь Дорноговь аймгийн Мандах сумын нутагт оршдог бөгөөд Улаанбаатар хотоос 455 км юм байна. Монгол оронд төдийлөн элбэг тохиолддоггүй чулуужсан модоор хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм. Чулуужсан модны үлдэгдлүүд нь бага хэмжээтэй боловч сүүлийн жилүүдэд аймаг сумын төв рүү зөөх явдал ихэсч нөөц нь багасч байгаа учраас 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Чулуужсан модны зарим нь дөврөн метр бөгөөд хожуул нь 76-189 см диаметртэй. Эдгээр мод нь эрт дээр үед энэ нутагт ой байсныг гэрчилнэ. Одоогоос 140-150 сая жилийн өмнө ургаж байсан араукария хэмээх эртний шилмүүст шув шулуухан өндөр мод энд ургаж байжээ. Монголын говьд байсан энэ өндөр модыг оросууд “болотны капирас” буюу “намгийн агар-майлс” гэдэг. Дэлхий дээр энэ мод 20-иод төрөл байдгийн зарим нь Өмнөд Америк, Австрали, Баруун өмнөд Азид одоо ч байдаг ажээ. Сүйхэнтийн чулуужсан мод нь 0.5 ам км-ээс ихгүй багахан талбай эзэлнэ. 1946 онд Оросын эрдэмтэн И.А.Ефремов Сайншанд хотын ойролцоох Чойлингийн ууланд зургаан хэсэг болж хугарсан нийт 11 метр урттай, нэг метр бүдүүн мод үзэж харсанаа тэмдэглэжээ. Мөн чулуужсан модны 4м бүдүүн хожуултой тааралдаж байжээ. Дэлхийн зарим оронд байдаг чулуужсан ойгоос Сүйхэнт ялгардаг бөгөөд чулуужсан мод нь үндэс, мөчир, холтостойгоо, өсөлтийн цагираг нь хүртэл тов тод үлдсэн байна. Цайвар цагаан, улаан ногоон өнгөтэйгөөс гадна магма, галт уулын чулуулаг, боржингийн хольцтойгоороо онцлог юм. 1970 оны сүүлчээр Сүйхэнт уулын чулуужсан моднуудын унанги, хожуул зэрэг нь огт хөндөгдөөгүй хадгалагдсан байсан боловч харамсалтай нь зах зээл рүү шилжсэн үед эдгээр үнэт чулуужсан модыг хулгайлан сүйтгэж урд хөрш рүү зөөсөн байна.
Сүйхэнтийн бүсэд хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль зэрэг туурайтан байхаас гадна элсний зусаг, говийн алагдаага, сибирийн алагдаага зэрэг олон зүйлийн мэрэгч амьтад амьдардаг.
4.Уран Уул-Тулга тогоо

Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Булган хотоос баруун тийш 80 км-т Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд анх 1965 онд дархлан улсын тусгай хамгаалалтад авчээ. Д.т.д 1686 м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600 м өргөн, гүн нь 50-60 м юм. Тогоондоо 20 м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Тулга, Тогоо, Жалавч уулууд нь Уран уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм. Хамгийн сүүлд 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь д.т.д 1540 метр. Тогоо уулын өндөр нь 1620 метр, өрхний амсар нь сэтрээгүй бүтэн бөгөөд хөндлөнгөөрөө 400 метр орчим, гүн нь 100 метр бөгөөд үнэхээр том хонин тогоо шиг хэлбэртэй. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул да.т.д 1560 метр. Эдгээр уулуудыг 1965 онд улс хамгаалалтанд авч Байгалийн дурсгалт газар болгожээ.
Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.
Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ам амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтэн улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.
5.Хөргийн хөндий

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс зүүн хойш 45 км зайд, зүүн талаасаа огт мэдэгдэхгүй уудам тал гэнэт доош цөмрөх мэт эгц буусан тогтоцтой газар. 40-өөд метр өндөр, нэг км урт хадан хясаагаар хязгаарлагддаг өвөрмөц газар юм. Хадан хясааны эгц энгэр дээр “Ан амьтныг энд олноор нь шахаж хороосон хүн өөдлөхгүй” гэсэн харууслын бичиг байдаг байсан гэж нутгийн ардууд ярилцдаг байна. Ийм ч учраас “Бичигтийн шахаа” гэж нэрлэжээ. Бичигтийн шахааны баруун доогуур урдаасаа хойш чиглэсэн их хөндийг “Хөргийн хөндий” гэдэг. Энд долоон хүн чулуу бий. Эрт үед энэ нутагт эмэгтэйчүүдийг дур сэтгэлгүй эрчүүдэд барьж богтлох ёс дагнан ноёрхож байжээ. Хайр сэтгэлдээ үнэнч, зоригтой шийдэмгий бүсгүйчүүд энэхүү Бичигтийн шахааны хадан хясаан дээрээс нисч амь насаа егүүтгэж байсан гунигт явдлыг мөнхлөн хүн чулуу босгосон гэсэн домогтой ажээ. Нутгийн ардууд энэ хөндийг уг хүн чулуунуудаар нь онцлон Хөргийн хөндий хэмээн нэрлэсэн байна. Хөргийн хөндийн хүн чулуунуудын хамгийн нийтлэг зүйл нь бүгд ямар нэгэн юм сандайлан суусан байдалтайгаар дүрслэгдсэн бөгөөд энэ нь Түрэгийн хүн чулуунуудаас ялгарна. Мөн ихэнхийг малгай гуталтайгаар дүрсэлсэн атал биеийг нь хувцасгүй нүцгэн, цээжинд нь товгор хөх гаргаж, доод хэсэгт нь эр хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн явдал юм. Энэхүү байгаль түүхийн үнэт дурсгалыг хамгаалах зорилгоор УИХ-ын 2004 оны 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авчээ.
6.Хүйсийн найман нуур

Хүйсийн Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба Улаанбаатар хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд д.т.д 2400 метрт оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм. Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Баян-Уул хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доор усны судлаар холбогдсон байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай байдаг. 2007 оны байдлаар уг нууруудын хоёр дахь том нуур Хүйсийн нуурын 10 хувь орчим нь ширгэж, хоёр жижиг нуур нь бүрмөсөн ширгэсэн байна.
Хүйсийн Найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ойтой. Хойд талаараа галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг.
Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ.
7.Шилийн богд

Сүхбаатар аймгийнДарьганга суманд зүүн урагш 60 км-т д.т.д 1778 метрт оршдог.Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь хоёр км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан барьчихсан юм шиг шовгор харагддаг. Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан галт уул бий. Шилийн богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг.
Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийн гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий.
8.Ээж хайрхан

Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм. Монголын баруун өмнө зүгт Алтай хотоос 200 км зайтай оршино. Д.т.д 2277 м өндөр бөгөөд 1992 оноос тусгай хамгаалалтанд авчээ.
Ээж хайрхан ууланд өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба зүүн өмнө хажуугийн чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй 9 чулуун тогоо бий. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40-50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно. Эдгээрийн 4 дэх нь хамгийн том бөгөөд түүний гүн нь 4 м хүрдэг. Харин 9 дэх тогоо нь бусдаасаа нилээд тусгаарлагдмал. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий агуй бий. 9 тогооны ойролцоо орших ба тэдгээр тогоо харсан нүүрэн талыг битүүлж хаалга, гэгээвч гарга тохижуулсан ламын агуй юм. Түүхийн ухааны доктор Д.Очирбат судалгаа хийсний үр дүнд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг тогтоожээ.
Ээж хайрхан уул нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших боржин чулуун уул бөгөөд 93 зүйл ургамал тархсан гэж эрдэмтэд тогтоожээ.
Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт орших бөгөөд аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтадын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдөгөөрөө чухал ач холбогдолтой. Энд аргаль, янгир, цоохор ирвэс, хярс, мануул, үнэг, чоно элбэг байдаг. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай бий. Нутгийн хүмүүс тариалангийн талбайд зориулж 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьжээ.
Ашигласан эх сурвалж: touristinfocenter.mn
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн