Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

Жүжигчин М.Цэрэнболдын тоглосон "Марк Поло" цувралын II бүлэг ирэх сард нээлтээ хийнэ

Жүжигчин М.Цэрэнболдын тоглосон "Марк Поло" цувралын II бүлэг ирэх сард нээлтээ хийнэ
Нийтэлсэн 2016 оны 6 сарын 22

“Netflix” компанийн санхүүжилтээр бүтсэн “Марко Поло” цувралын хоёрдугаар бүлэг ирэх сарын 1-нд нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны хоёрдугаар бүлэг 10 ангитай бөгөөд интернэт кино түрээсийн “Netflix” үйлчилгээгээр олон нийтийн хүртээл болох юм.
2014 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн киноны эхний бүлэгт Хубилай хаан Сүн улсын Шэньян хотыг эзлэн авч Сүн улсыг захиргаандаа оруулж, Юань гүрнийг байгуулж байгааг харуулдаг. Энэ үед Марко Пологийн худалдаачин эцэг түүнийг Хубилай хаанд өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд боол болгон өгдөг байна. Ийнхүү Венецийн аялагч Марко Поло Хубилай хааны ордонд хоригдох ч сүүлдээ Хубилай хаантай танилцаж, түүний итгэлт туслах болж буй байдлаар гарна. Мөн эхний бүлэгт өөрийн ах Хубилай хаантайгаа адил өөрийн эзэнт улсыг байгуулахаар оролдож буй Аригбөхийн тухай гардаг бөгөөд энэ дүрд СТА, жүжигчин Б.Амарсанаа тоглосон байдаг.
“Марко Поло” цувралын хоёрдугаар бүлэг дэх монголчууд 
 Жон Фускогийн найруулсан “Марко Поло” киноны хоёрдугаар бүлэгт Хайду хаан, Хубилай хаан нарын зөрчил, тэмцэл болон Марко Поло Монголын соёл, ахуйн талаар шинээр судалж, мэдэж байгаа тухай гарах юм. Киноны гол дүр болох Венецийн аялагч Марко Пологийн дүрд Италийн жүжигчин Лорензо Ричелми, Хубилай хааны дүрд Их Британийн жүжүигчин Бенедикт Вон, Хубилай хааны их хатан Чабигийн дүрд БНХАУ-ын жүжигчин Жоан Чен нар тоглосон байна. Түүнчлэн Хубилай хааны хүү, ханхүү Чингимийн дүрд Хятад-Малайзын жүжигчин Реми Хи тогложээ.
Харин Монгол Улсаас “Аав” киноны гол дүр, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд Сорхугтани хатны аав Чахахамбу баатрын дүрд тогложээ .

Мөн Хубилай хааны бага насны дүрд 12 настай монгол хүү сонгогдон тоглосон байна . Тэр хүү жүжигчин Ц.Цэрэнболдтой цуг нэг хэсэгт тогложээ.
Түүнчлэн кинонд дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй монгол хүн олны хэсэгт тоглосны нэг нь жүжигчин А.Цэгмид аж. Тэрээр киноны гол дүр Марко Пологийн хажууд сууж буй монгол хүний нэгд тоглосон байна. Түүнтэй хамт Баян-Өлгий, Сэлэнгэ, Булганы хүмүүс, тэдний дотор Засгийн газрын автобаазын жолоочоор ажиллаж байсан эрэгтэй, малчин эрэгтэй зэрэг хүмүүс оролцон тогложээ.

Тус кино төслийн хоёрдугаар бүлэгт нийтдээ 45 монгол хүн оролцсоноос зургийн талбайд 40 гаруй хүн ажилласан байна. Тодруулбал, орлон тоглогч, олны хэсэг, орчуулагч, бөмбөрчид, хөгжимчид, зохион байгуулах багийнхан ажилласан байна. Орлон тоглогчдын багт “Хан монгол морьтны холбоо”, “Тэнгэрийн чоно” орлон тоглогч багийнхан оролцож байгаа аж. Түүнчлэн Монголоос нэг уртын дуучин, дөрвөн бүжигчин, зургаан хөөмийч нар кино төсөлд оролцож, Хантайшир дэвжээний бөх, аймгийн арслан Тангад, Бямба-Очир Тангад Хойд омгийн хүчтэний дүрд тоглосон байна. Түүнчлэн Монгол Улсын мисс А.Баярцэцэг тус кино төслийн багт багтан ажиллажээ. 
Энэхүү цуврал нь “Netflix” компанийн хийж буй хамгийн өндөр өртөгтэй цуврал болж байгаа юм. Цувралын эхний бүлгийн зургийг Малайз, Казахстан, Италид авсан бөгөөд ойролцоогоор 90 сая ам.долларын өртгөөр бүтсэн байна. Харин хоёрдугаар бүлгийн зураг авалтыг Малайз, Унгар, Шинэ Зеланд улсад хийсэн бөгөөд нийт хэдэн долларын өртгөөр бүтсэн нь тодорхой бус байгаа ч өмнөх төсвөөс төдийлөн хэтрээгүй гэх таамаглал байгаа юм. Академийн шагналт найруулагч Жоахим Рөннинг, Эспэн Сандберг нар киноны шинэ ангиудад хамтран ажилласан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн