Open iToim app
Тэд бидний тухай | 4 мин уншина

Жон Керригийн хэлсэн ОНЦЛОХ 9 үг: Монголын ардчиллыг 13-хан хүн төлөөлөхгүй

Нийтэлсэн 2016 оны 6 сарын 6
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өчигдөр манай улсад айлчлаад буцлаа. Тэрээр айлчлалынхаа үеэр монголчуудад зориулж хэлсэн онцлох үгсийг түүвэрлэн хүргэж байна.   
  • Би хувьдаа ардчилал уналтад орсон гэж боддоггүй. Харин ч ардчилал илүү хөгжиж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ардчилсан улс орнуудын тоо 33 болж нэмэгдлээ. Тиймээс ардчилал устаж байна гэдэгтэй би санал нийлэхгүй. Хүн төрөлхтөний түүхэнд ядуурал анх удаа доош бууж, 10 хувьтай гарлаа. Монгол, Энэтхэг, Орос, Хятад гээд улсууд 10 жилийн өмнөхөөс тэс өөр байдалтай болсон байна. Өмнө нь, эдийн засгийн тусламж авдаг байсан улс орнууд өнөөдөр бусдад эдийн засгийн тусламж үзүүлж байна. Энэ бол өөрчлөлт.  Өөрчлөлт бол шинэчлэлийн эхлэл. 

  • Монгол Улс бусад улс оронтой хамтран ажиллаж Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байна. Тиймээс олон улсын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Монгол Улс Мьянмартай хамтран ажиллаж, ардчилалд үнэхээр агуу үлгэр жишээ үзүүлж байгаа. Бусдаас сурсан зүйлээ өөр бусдад сургаж, түгээх нь ямар их ач холбогдолтойг олон улсад ойлгуулж байна.  

  • Ардчилал амар хялбар замаар бий болдоггүй. Би танай Гадаад хэргийн сайдтай өмнө нь уулзаж, ярилцах боломж олдсон юм. Танай Засгийн газар ардчиллын төлөөх амлалтаа биелүүлэхээр хэрхэн ажиллаж байгааг би мэднэ. Энэ сарын сүүлээр танай улсын парламентын сонгууль ч болно. Гэхдээ ардчилал яг одоо хаа саагүй сорилттой тулгарч байна гэдгийг бодох хэрэгтэй. Бүх Засгийн газар сорилттой нүүр тулж байна. Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль “Ардчилал бол засаглалын муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөний байгуулж үзсэн бусад бүх загвараас хамгийн дээр нь” гэж хэлсэн байдаг. Засаглана гэдэг хэцүү. Олон бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ энэ бүхний эцэст засаглал хүний эрх чөлөөтэй байх эрхийг хязгаарладаг дарангуйллыг таслан зогсоож, хүн бүрт эрх чөлөөтэй байх сонголтыг олгож чадна гэж итгэдэг.

  • Нэг талд нь Орос, нөгөө талд нь Хятад улс оршиж асар их дарамт үзүүлдэг ч энд та бүхэн өөрийн ардчиллын баянбүрдэд өөрийн замаар хөгжихийн тулд тэмцэж байна.
  • Төвийг сахих үзлийн тухайд яг юун дээр төвийг сахих юм гэдгээс хамаарч уян хатан байх ёстой. Тухайлбал, Монгол Улс хүний эрхийн асуудалд төвийг сахисан байхыг би лав хүсэхгүй байна. Ардчиллын талаар төвийг сахисан байхыг хүсэхгүй байна. Гэхдээ зөрчил тэмцэлтэй байгаа хоёр улстай хоёулантай нь найрсаг харилцаатай байхын тулд төвийг сахисан байх шаардлагатай гэж байгаа бол асуудалгүй, болно. Өөрөөр хэлбэл аливаа ёс суртахууны асуудалд тодорхой байр суурьтай байх ёстой. Ёс суртахууны луужин гэж зүйл байх хэрэгтэй. Та бүхэн тэр ёс суртахууны луужингаа алдах юм бол улс орноо алдаж, өөрсдийн эрх, эрх чөлөөгөө алдах эрсдэлтэй. Тиймээс яг ямар асуудалд төвийг сахих вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Гэхдээ би л хувьдаа төвийг сахихаар болбол болгоомжтой байх хэрэгтэй гэмээр байна. Тухайлбал, Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын ард түмэндээ хийж буй зүйлсийг нь харсаар байж төвийг сахиж байна гээд энэ асуудлыг хайхрахгүй, байр суурь нь тодорхойгүй байж болохгүй. Хүмүүсийг үй олноор устгаж байхад төвийг сахиад байж болохгүй. Төвийг сахих гэдэг ёс суртахууны асуудал. Тиймээс үүнд болгоомжтой хандах хэрэгтэй.

  • Улс орнууд хөрштэйгөө найрсаг харилцаатай байх ёстой. Гэхдээ энэ нь бусад улс оронтой харилцаагүй байна гэсэн үг биш юм. Тиймээс хөрш орнуудаас гадна бусад улстай харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай. Энэ нь л бидний хайж байгаа бүрэн ардчилалд хүрэх үргэлжилсэн зам юм.
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын ардчиллын анхны 13-ын нэг гэдгийг би мэднэ. Тэд Монголд ардчилал бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан. Гэхдээ Монголын ардчиллыг 13 хүн төлөөлөхгүй. Ардчиллыг дан ганц энэ хүмүүсээр төлөөлж болохгүй. Ардчилал бол та бүгд юм. Өнөөгийн ардчилал бий болсон хүчин чармайлтын нэг хэсэг нь та нар юм. Хүмүүс хамтдаа ихийг хийж чаддагийг та бүхэн харуулсан. 

  • Ардчилсан улс эдийн засгаа илүү нээлттэй байлгах хэрэгтэй болдог. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Үүний тулд хариуцлага, дүрэм журмын шинэчлэл чухал. Тухайлбал, бизнесийнхэнд танай улс нээлттэй байх шаардлагатай. Бизнес эрхэлж, хөрөнгө оруулахад хялбар байх орчныг бүрдүүлэх ёстой. Гэхдээ энэ нь та бүхнийг ямар ч дүрэм журамгүй, ямар нэг стандартгүй гэж байгаа юм биш шүү. Зүгээр л бүх зүйл тодорхой байх хэрэгтэй. Нэг бичиг баримт бүрдүүлээд ирэхэд түүнийг нь яамны хүн өөрчил гээд явуулдаг, шаардсан бичгийг нь авчрахад дахиад л өөр хүн энэ нь буруу гээд байж болохгүй. Үүнтэй л адил. Бүх зүйл тодорхой, ил тод байх ёстой. Тиймээс АНУ Монгол Улстай ил тод байдлын гэрээг ирэх долдугаар сараас хэрэгжүүлэх талаар Гадаад хэргийн сайдтай ярилцлаа. Уг гэрээг хэрэгжүүлж эхлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад маш чухал алхам болно. Ингэснээр хувийн хэвшлийнхэнд илүү нээлттэй байх болно.
  • Дашрамд хэлэхэд, та бүхний тавьсан саналууд, түүний дотор визний шаардлагыг бууруулах болон бусад зүйлсийг шийдвэрлэхэд бид туслах болно. Үүний тулд оновчтой арга замыг хайх болно. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн