Open iToim app
CEO | 13 мин уншина

​Б.Жаргалсайхан: Төр бүгдэд оролцдог социалист эдийн засагтай болчихлоо

Нийтэлсэн 2016 оны 5 сарын 18
Манай улсын ДНБ-ий 80 гаруй, ажлын байрны 75 хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Тэр хэрээрээ манай улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж, улсын төсвийн ачааны хүндийг үүрдэг хэрэг. Энэ бүхнээс харвал улстөрчдөөс илүү бизнесийнхнийг хүндэлж, үгийг сонсох чухал баймаар. Гэтэл манайд эсрэгээрээ улстөрчид эдийн засгаа гацааж, улстөрчдийг шүтэх үзэгдэл газар авсаар байх шиг. Цагтаа 17.5 хувиар өсч байсан эдийн засаг өнөөдөр найм дахин саарч, иргэдийн худалдан авах чадвар суларч, бизнесийнхний ашиг орлого хумигдлаа. Харамсалтай нь, энэ үед нийгмээрээ эдийн засагтаа биш улс төрийн сонгууль, нэр дэвшигчид хэн байх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Энэ их улстөржилт дунд бизнесийнхэн хэрхэн ажиллаж байгаа, ямар бэрхшээлтэй тулж байгааг бизнесменүүдтэй “БИЗНЕСИЙН ОРЧИН” сэдвийн хүрээнд ярилцаж, уншигчдад цувралаар хүргэх гэж байна. 
Ингээд “БСБ сервис” компанийн ерөнхий захирал Б.ЖАРГАЛСАЙХАНтай ярилцлаа.

-Монголын эдийн засаг 2013 оноос хямралтай байна гэж ярьж байгаа. Энэ хямрал бизнесийнхэнд ямар байдлаар нөлөөлж, өнөөдрийн бизнесийн орчныг ямар байна гэж та дүгнэж байгаа вэ?
-Эдийн засгийн хямралын хамгийн эхний шинж тэмдэг иргэний хэрэглээнээс харагдаж байна. Иргэдийн хэрэглэдэг юм бүхэн хомсдож, муудсан. Худалдааны чиглэлийн компаниуд иргэдийн худалдан авах чадвар дээр бизнесээ хийдэг. Бидэнд хамгийн түрүүнд ажиглагдаж байгаа зүйл бол импортын хэмжээ асар өндөр хувиар буурсан. Сүүлийн хоёрхон жилийн хугацаанд манай улсын импорт 40 хувиар буурлаа. Монгол Улс импортоор амьдардаг улс шүү дээ. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэл гэж ярьж байгаа ч нийт бараа бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг гаднаас авсан хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд импорт 40 хувиар буурсан гэдэг нь иргэдийн хэрэглээ, худалдан авах чадвар 40 хувиар буурсныг давхар илтгэж байгаа юм. Иргэд хэрэглээгээ багасгаж байгаа нь мөнгөгүй болсны шинж.
-Монголбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хангалтай мөнгө хэвлэж, Засаг ч их мөнгө гаднаас босгосон гэдэг. Гэтэл яагаад иргэд мөнгөгүй болсон гэж та бодож байна вэ?
-Мөнгөгүй болоход олон шалтгаан нөлөөлсөн. Нэгд, гаднын хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Жилд дөрвөн тэрбум ам.долларын гаднын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол өнөөдөр тэг болсон байна. Өнгөрсөн онд хасахтай гарч, эцэстээ хөрөнгө оруулагчид өмнө оруулсан хөрөнгөө Монголоос нэгмөсөн татаад гарлаа шүү дээ. Оюутолгойн гүний уурхайн хөрөнгө оруулалт эрчимжсэн юм чинь гаднын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж ярьж байгаа. Гэхдээ би хувьдаа үүнд итгэлгүй байна. Оюутолгой бол нэгэнт эхэлсэн хөрөнгө оруулалт учраас үргэлжлэх нь сайн хэрэг. Харин шинээр хөрөнгө оруулалт хийхэд Монголын бизнесийн орчин таатай биш байна . Бусад улсын хөрөнгө оруулалтын орчныг харахад двидентээс нь татвар авдаггүй байх жишээтэй. Аль ч улсын хөрөнгө оруулагч өндөр ашиг өгөх улсыг сонгоно. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улс бусад улстай өрсөлдөх ёстой. Тодруулбал, гадаад хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг үргэлжлүүлэн бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Ер нь манайд нэг алдаа бий. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын хөрөнгө оруулагчидтай адилтгаж үздэг. Энэ маш буруу. Гадаадын хөрөнгө оруулалт дотоодын хөрөнгө оруулалтаас заавал давуу эрхтэй байдаг. Учир нь өнөөгийн нөхцөлд дотоодын хөрөнгө оруулалт гэж бараг алга. Яагаад гэвэл мөнгө байхгүй. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь зөвхөн мөнгө биш юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж шилдэг технологиуд нэвтэрдэг. Гаднынхан хөрөнгө оруулахаас өмнө тусгай баг ажиллуулж судалдаг учраас хамгийн нэгдүгээрт найдвартай салбарын үр ашигтай төсөл рүү хөрөнгө оруулалт хийнэ. Хоёрт, шинэ дэвшил технологийг нэвтрүүлдэг. Өнөөдөр дэлхий нийт технологиороо л өрсөлдөж байна. Хэн сайн технологиор хямд, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна, тэр нь зах зээлд ноёрхож байна. Тэгэхээр шинэ технологи Монголд нэвтрүүлэхгүйгээр дэлхийн зах зээлд гаргана гэж ярилтгүй. Хоёрт, технологиос гадна шилдэг ноу-хауг бүрдүүлдэг. Бизнест шилдэг менежментийг бүрдүүлэх маш чухал. Манайд сүүлийн хэдэн жилээс менежмент гэдэг зүйлийг ярьдаг болсон. Менежмент байхгүй бол мянга мөнгөтэй, технологитой, бага хүүтэй зээл авсан ч амжилт олж чадахгүй. Өнөөдөр менежментийг гаднынхантай хамтрахгүй өөрсдөө суралцана гэвэл бас л худлаа. Маш олон компани бор зүрхээрээ зөв, буруугаа мэдэхгүй бизнес хийдэг. Буруу хийсэн нь алдаа болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, маш өндөр алдаан дээрээ л суралцаж явна.
-Төр шилдэг менежер байх ёстой гэж ярьдаг. Шилдэг менежер байхын тулд сайн менежменттэй байх ёстой. Өнөөдрийн төр сайн менежменттэй байж чадаж байна уу?
-Төрийн менежмент бол сайн засаглалтай байхыг хэлнэ. Гэтэл өнөөдрийн төр нь хувийн компанийн менежментээс дээрдэх юм алга байна. Миний хувьд төр маш муу менежменттэй яваа.
-Бизнесийн орчинд төрийн оролцоо хэр нөлөөлж байна вэ. Зарим хүн төрийн буруу бодлогоос эдийн засаг хямарсан гэх. Та үүнтэй санал нийлүүлэх үү?
-Санал нийлнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төрийн буруу бодлого улам лавширлаа. Хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд “Том төрөөс ухаалаг төр рүү” уриатай хурал хийж, бизнесийнхнийг урьсан. Тэнд бизнесийнхэн “Төр бизнес рүү хэтэрхий орж байна, оролцохоо болиоч ээ” гэдгийг л ярьсан. “Төр бизнесийнхэнд тусалж, дэмжих хэрэггүй, харин бизнест төр оролцохгүй байх нь том дэмжлэг, бизнесийг битгий үймүүл” гэдгийг хүссэн. Уг нь том хурал зөвлөгөөний дараа гадаадад аливаа юм сайжирдаг. Гэтэл манайд эсрэгээрээ улам муудсан. Өнөөдөр төр бүх зүйлд хутгалдаж, оролцож байна. Хамгийн сүүлд гэхэд импортын гаалийн татварыг нэмэгдүүллээ. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, үндэсний үйлдвэрлэлээ хамгаалсан бодлого гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрийг хамгаалж, импортын татварыг нэмэх бодлогыг явуулж байгаа хэрэг л дээ. Төр хэчнээн их оролцоно тэр хэмжээгээр эдийн засаг, бизнесийн орчин муудна.
-Импортын татварыг нэмснээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх үү?
-Зайлшгүй өснө. Өнөөдөр таван хувийн татвартай байсан модны импортыг 20 хувийн татвартай болгосноор Монголд худалдаалагдаж байгаа дотоод, гадаадын бүх мебелийн үнэ хамгийн багадаа 15 хувиар өснө. Импортын татварыг нэмэх Засгийн газрын 187 дугаар тогтоолоос болж эдийн засаг өнөөдрийн байгаа төвшнөөс муудна . Импортын татвар нэмж байгаатай холбогдуулан иргэдийн өдөр тутмын хэрэглээний бараа, мах, сүү, төмс, хүнсний ногооны үнэ өснө. Импортын татвар нэмнэ гэдэг нь дотоодын импортын барааны үнэ өснө гэсэн үг. Үндэсний хэдхэн компани ашгаа нэмж, өрсөлдөгчөө зайлуулахын тулд импортын татварыг нэмж байна. Гэтэл гаднаас оруулж ирж байгаа өрсөлдөөнтэй барааны үнэ нэмэгдэхээр дотоодын барааных ч дагаад өснө шүү дээ. Энэ бол төрийн буруу оролцооны хамгийн энгийн жишээ. Цаашид цемент, модон тавилга, буйдан, цахилгаан бараа, гурил, будааны үнэ өснө. Төр ашигтай ажиллаж чадахгүй байгаа хэдэн үйлдвэрийн өрийг төлдөг сайн дурынхан болж хувирлаа. Ийм л сонголтыг өнөөдрийн Засгийн газар хийчихлээ. Манайхан үндэсний үйлдвэрлэл гэсэн ерөнхий зүйл яриад хөгжихгүй. Улс ашиг хийж хөгжиж, баяждаг. Түүнээс биш гаднаас өр тавьж, түүгээрээ алдагдалтай үйлдвэр барихыг хэлдэггүй. Хямд эх үүсвэрээр тэтгэж бариулсан үйлдвэрүүд нь хөдлөх болгондоо алдагдал үйлдвэрлэж байна шүү дээ. Наана нь үндэсний үйлдвэр, баялаг бүтээгчид гэсэн гоё нэр зүүж ярьдаг. Цаана нь бөөн алдагдал үйлдвэрлэж, тэрийгээ эргээд татаасаар дахин санхүүжүүлж байна. Зах зээлийн зарчмаар 1000 төгрөгөөр үйлдвэр барьсан бол 1100 төгрөгийн ашигтай ажиллах ёстой. Гэтэл өнөөдрийн төрөөс дэмжиж 1000 төгрөгөөр барьсан үйлдвэрүүд 900, 800, 700 төгрөг олж, бүгд алдагдалтай ажиллаж байна. Энэ хэрээр зах зээл агшиж байна. Үүний гол бууртан нь төр. Төр зах зээлийг мэддэг, зах зээлээс илүү ухаантай, би мэднэ гэж хэдхэн сайд, дарга нар шийдвэр гаргасны гор гарч байна.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төр гадна, дотноос нэлээд мөнгө босгож бизнесийнхнийг ч тэр хэрээр дэмжсэн. Банкууд аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон, Чингис бондоос мөнгө хуваарилсан. Эдгээр эх үүсвэр нь бизнесийн орчинд эергээр нөлөөлөөгүй гэж үү. Тухайлбал, танай компани хөнгөлөлттэй зээлд хамрагдсан уу?
-Засгийн газраас бизнесийнхнийг дэмжсэн төсөл, зээлийн алинд нь ч манай компани хамрагдаагүй. Төсөл байдлаар Чингис, Самурай бонд, янз бүрийн нэртэй мөнгө оруулах нь буруу. Өнөөдөр Монголд мөнгө дутагдаж, зээлийн хүү өндөр, мөнгө их үнэтэй байгаа үнэн. Гэхдээ мөнгө үнэтэй байгаа нь Монголын банкуудтай холбоотой. Мөнгөтэй банкууд маш өндөр хүүтэй зээл олгодог. Өнөөдөр банкны өндөр хүүтэй зээл авах чадалтай бизнесмэн алга . Нөгөө талд арилжааны банкууд нь үндэсний банкаа хамгаалж байна гээд мөнгөтэй гадаадын банкийг оруулдаггүй. Хэдэн арилжааны банкаа хамгаалж байна гээд нийтээрээ ядуурч, дахиад 25 жил алдах уу. Өнөөдөр бүх улс оронд гаднын банк ажиллаж байна. Хятадын банк гээд халгаад байгаа бол “Bank of China”-г “Bank of Japan”, “Bank of Russia” болго л доо. Эцэстээ үндэсний банкаа хамгаалж байна гэдэг нь гаднын банк оруулахгүй байх шалтаг, хэдхэн хүний эрх ашиг. Гаднын банк орж ирээд Монголын банкуудтай өрсөлдөж, хямдхан мөнгө оруулах нөхцөлийг өөрсдөө хаачихаад Засгийн газрын тэргүүн, нэг сайд энд тэндээс янз бүрийн нэртэй өндөр хүүтэй мөнгө оруулж ирж түүнийгээ дахин хуваарилах процесс явж байна. Сайдынхаа олж ирсэн мөнгийг яам нь шийдэж хуваарилдаг. Уг нь зах зээл ямар нэгэн яам, улстөрчийн оролцоогүйгээр хувийн компани, мөнгөтэй хүмүүс төслөө боловсруулж, зах зээлээ судлаад зээлээ авдаг. Гэтэл зээл олгох төслийг нэг сайд, яам өөрийн үзэмжээрээ шалгаруулж, хэнд нь өгч, хэнд нь зээл өгөхгүй байх уу гэдгийг шийдэж байна. Харамсалтай нь, ингэж өгөөд эдийн засаг, бизнесийн орчин сайжирсан зүйл алга. Ихэнхи мөнгө “арын хаалга”-аар орж, эргээд авсан зээлээ төлөх үр ашигтай төсөл ховордож, Чингис, Самурай бондыг эргэн төлөх магадлал байхгүй. Төлөвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байхад төр бүх зүйлийг зохицуулдаг байсан шиг өнөөдөр төрийн оролцоо бүх зүйлд хутгалдаж байна. Чадахгүй юманд оролцож хамаг зүйлийг орвонгоор нь эргүүллээ. Монгол Улс 25 жилийн дараа буцаад социалист эдийн засгийн бодлого руу орчихлоо . Үнэхээр харамсалтай, бид зах зээлийн эдийн засагт яаж шилжсэн билээ. Өнөөдөр хэн мөнгөнд хамгийн ойр байна, тэр хүн хамгийн их хожиж, харин ард түмэн нийтээрээ буруу бодлогын үр дүнг үүрч байна. Бизнесийг зах зээл өөрөө зохицуулахаас биш яам, сайд зохицуулдаггүй. Эрх баригчид үйлдвэрүүдээр орж “Одоо чамайг дэмжинэ, чамайг дэмжихгүй” зэргээр зах зээлийг ойлгомжгүй болчихоод байна.
-Өнгөрсөн оноос эхлэн манай улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа. Засгийн газар болон Төв банкнаас иргэд импортын бараанаас татгалзаж, үндэсний үйлдвэрийг дэмжиж байгаа гол үзүүлэлт гэж тайлбарлаж буй. Гэтэл та импорт буурсныг иргэдийн худалдан авах чадвартай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, иргэдийн худалдан авах чадвар буурсан нь таны эрхлэж байгаа бизнест хэрхэн мэдрэгдсэн бэ?
-Манай компани цахилгаан бараа, гэр ахуйн тавилга гээд аль алиныг нь зардаг. Засгийн газрын барилгын салбарыг дэмжсэн, ипотекийн зээлийн бодлоготой хамт тавилгын бизнес цэцэглэх ёстой. Гэтэл бодит байдал дээр 2016 оны борлуулалт 2015 оноос буурч байгаа. Гуч, дөчин мянгаараа орон сууц ашиглалтад орж байхад нөгөө талд тавилгын борлуулалт буурч байна. Байранд орсон иргэд хамгийн түрүүнд шарах шүүгээ, хөргөгч, зурагт авдаг. Эдгээр бараа нь хүний анхан шатны хэрэглээнд тооцогдог. Гэтэл өнөөдөр эдгээр бүтээгдэхүүний борлуулалт хэд дахин буурсан. Энэ нь иргэдийн амьдрал, худалдан авах чадвар сул байгааг л итгэх үзүүлэлт шүү дээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа гэдгийг ойлгомжтойгоор тайлбарлавал экспортод гарсан бараа импортоор авсан барааны зөрүү юм шүү дээ. Импортлогч компаниуд дотоодод зарагдах хэмжээний барааг гаднаас авдаг. Тэгэхээр импортлогчдын захиалга буурч, дотоодод бараа зарагдахгүй байна гэсэн үг. Иргэд, бизнес эрхлэгчид мөнгөгүй, орлогогүй байгааг л илтгэж байна. Түүнээс биш энэ сайн үзүүлэлт биш. Жишээ нь, электрон барааны зах зээлд жилд 40 мянган айл зурагт авдаг байсан бол өнөөдөр 20 мянга болж, үлдсэн нь зурагт авах орлогогүй байна шүү дээ.
УЛСТӨРЧДИЙН БУРУУ БОДЛОГООС БОЛЖ АРД ТҮМЭН БҮСЭЭ ЧАНГАЛАХ ЁСГҮЙ
-Иргэд олсон орлогоо хэрэглээндээ зарцуулдаг байсан бол хямралын үед хэрэглээгээ хумиж, бүсээ чангалж байх шиг. Ерөнхий сайд ч улсаараа хямралын эсрэг бүсээ чангалъя гэж уриалсан шүү дээ?
-Улстөрчдийн буруу бодлогоос болж ард түмэн бүсээ чангалж болохгүй. Үүнийхээ оронд төр бодлогоо зөв болгох ёстой. Ингэвэл бүс чангалах шаардлагагүй болно. Төрийн оролцоогоор хэрэгжүүлсэн арга хэмжээ нь Монголын эдийн засагт дараагийн хямралын хаалгыг тогшиж байна . Энэ нь ипотекийн зээл. Эдийн засгийнхаа чадлаас давсан зээлийг олгосон. Хэсэг хугацааны дараа үүнийхээ эрсдэлийг нийтээрээ амсана. Өнөөдрийн байдлаар 80 мянган өрх тусгай зориулалтын ипотекийн зээлд хамрагдсан. Үүний цаана өөрийнхөө хөрөнгөөр байр авсан 20 мянган иргэн байгаа. Ингээд 100 мянган өрх буюу нийт хүн амаар тооцоолон бодвол 400 мянган иргэн зээлтэй амьдарч байна. Улаанбаатар хотын дөрвөн айлын нэг нь орон сууцны зээлтэй. Зээлтэй хүн авсан цалингаа зээлэндээ өгч, бодит хэрэглээ хоёр дахин буурдаг. Үүнийг дагаж барилгын салбараас бусад бизнесүүд хумигддаг.
-Таны ярьсныг сөргүүлж асуухад, ипотекийн зээлтэй иргэд цалингаа хэрэглээндээ зарцуулалгүйгээр харин ч ирээдүйн хуримтлалдаа хөрөнгө оруулж байгаа юм биш үү?
-Орон сууцыг хуримтлал гэж хэлэхгүй. Хуримтлал юм бол байнга өсч байх ёстой. Хүн мөнгөн хуримтлалаа банкинд хадгалуулахад өсдөг. Нэг үгээр бол хуримтлал гэдэг бол эргэлтийн хөрөнгө байдаг. Гэтэл байшин өсөхгүй, харин ч байнгын арчилгаа, засвар үйлчилгээ шаардагдаж үнэ цэнээ алддаг эд. Барьж дуусаад гудамжны зам шиг гурван жилийн дараа цоорно, таван жилийн дараа сална, арван жилийн дараа алга болчихдог. Тэгэхээр хуримтлалд шилжиж байна гэдэг нь дахиад л нөгөө популизм шүү дээ. Иргэд байранд орж амьдралын нөхцөл соёлтой боловсон болж байгаа ч хөрөнгө талаасаа иргэдэд том дарамт бий болж байгаа. Байрны мөнгөө төлж, дээр нь 20 жил зээлийн дарамтад амьдарна. Эндээс хэдхэн барилгын компани л хожсон. Маш богино хугацаанд 30, 40 мянгаар нь орон сууц барьж гурван жил иргэдийн мөнгөөр хагартлаа баяжиж ард түмэн нь 30 жил өрнөөсөө гарах гэж зовох нь. Ипотек бол иргэдийг сайхан амьдруулах зөв бодлого биш. Төрийн буруу бодлогын л алдаа шүү дээ.
-Таны ярилцлагадаа хэлэх гэсэн гол санааг төрийн оролцоог бага байлгая гэж уриалж байна гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм ээ. Засгийн газар, УИХ-ын улстөржсөн байгууллагууд популизм хийж “ард түмэн та бүхэн зөв хүнээ сонгосон шүү, та нарыг сайхан амьдруулна” гэсэн мессежийг өгөх гэж улайрч байна. Энэ мессежийг өгч байгаа арга замууд нь эргээд бизнесийг боомилсон, бизнесээр дамжин нийт эдийн засаг, хүн амынхаа амьдралыг муутгаж байна. Тиймээс улстөрчдөд одоо өөрсдийгөө биш улсаа бодооч ээ гэж уриалмаар байна. Хэдхэн улстөрч өөрийн рейтингээ өсгөж, улсын баатар болох гэж бусдыгаа хорлох хэрэггүй. Хэдэн мянган хүнийг хохироож дарга, сайд болох нь ямар үнэ цэнэтэй юм бэ. Шударга байцгаая. Бизнест төрийн оролцоо огт хэрэггүй гэдгийг дахин сануулж хэлье. Цаашид зөв, буруугаа эргэж дүгнэж цэгнэхгүй бол болохгүй боллоо. Нэг хэсэг хэтэрхий их үндсэрхэг үзэл гаргаж гаднын хөрөнгө оруулагчдыг хөөснийхөө горыг нийтээрээ амсч байна. Дараа нь үндэсний үйлдвэрлэл гэсэн үндсэрхэг хөдөлгөөнийг өрнүүллээ. Одоо үйлдвэрлэл л Монголыг хөгжүүлнэ гэж ярьж эхэллээ. Утоп гэж үг байдаг. Биелэгдэшгүй мөрөөдөл. Эх баригчид утопоо зогсоох хэрэгтэй. Ямар бизнес ашигтай байна түүнийгээ төр бизнесийнхэнд өг л дөө. Төрөөс илүү ашигтай ажиллуулах нөөц бизнемэнүүдэд байгаа. Үр ашиггүй, менежмент байхгүй үйлдвэрүүдийг дэмжээд, татаас өгөхөө боль. Ер нь улсаас дэмжлэг хүснэ гэдэг чинь асуудалтай компани л байгаа шүү дээ.
МАНАЙ КОМПАНИЙН НЭГ АЖИЛТАН ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ГУРВАН ХҮНИЙГ ТЭЖЭЭЖ БАЙНА
-Танай компанийн хувьд хэчнээн хүнийг ажлын байраар хангаж, улсад хэдэн төгрөгийн татвар төлдөг вэ?
-Манайх 350 гаруй ажилтантай. Манай жилийн борлуулалт дунджаар 70 тэрбум гэвэл долоон тэрбумыг НӨАТ-д суутгуулдаг. Дээр нь импортлогч учраас учраас гаалийн таван хувийн татвар төлнө. Үүнд гурав орчим тэрбум төгрөгийг суутгуулдаг. Цаана нь ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараа төлнө. Дээр нь компани ашигтай ажиллаж ашгаасаа төрд 10 хувийн татвар төлнө. Ингээд тооцвол жилд 10 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг байгаа. Манай ажилчдын цалингийн зардал жилдээ гурван тэрбум төгрөг болдог бол ажилчдынхаа цалингаас гурав дахин их хөрөнгийг улсад өгдөг гэсэн үг. Манай компанийн нэг ажилтан төсвийн байгууллагын гурван хүнийг тэжээж байна .

-Та төрөөс дэмжлэг, хөнгөлөлттэй зээл аваагүй гэлээ. Энэ хямралын үед бизнесийн ашгаа нэмэгдүүлэхэд ямар менежмент барьж ажилласан бэ?
-2013 оноос эдийн засаг хүндрэх нь тодорхой болж ирсэн. Эдийн засгийн хүндрэл өртэй хүн, бизнесмэнд хамгийн хүнд тусдаг. Тиймээс хямралын үед аль болох өр бага тавьж, шинээр хөрөнгө оруулалт хийхээ зогсоосон. Зах зээлд үйлдвэр үйлчилгээ өргөжихгүй, хумигдаж байхад үйлдвэр үйлчилгээгээ өргөжүүлнэ гэсэн тооцооллыг хийх ямар ч боломжгүй болсон. Бизнес тэлж, өргөжихийн хэрээр орлого өсч зээлээ төлөх чадвартай байна. Тиймээс зах зээлийн аясаар л бизнесээ унагахгүй жолоодож явна. Засгийн газар, улстөрчдийн оролцоо өндөр байгаагаас бизнесийн орчин тогтворгүй байна. Өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш нь өөр зүйл ярьж байна шүү дээ. Ийм нөхцөлд бизнесээ төлөвлөж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй болж хувирсан. Бизнесмэнүүд аргаа барсандаа юу ч хийхгүй байх нь зөв сонголт юм байна гэж хүртэл ярьж байна шүү дээ. Гэтэл бизнес зогсвол улс орон нийтээр дампуурна гэдгийг улстөрч популистууд ойлгохгүй юм даа.
-Монгол Улсын ирэх дөрвөн жилийн бизнес, эдийн засгийн орчныг хэрхэн төсөөлж байна вэ?
-Ганц найдаж байгаа зүйл бол залуучууд байна. Хуучин социализмаар явсан хүмүүс засрахгүйгээрээ л дуусах юм шиг байна. Энэ хүмүүс өнөөдөр ч төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж, төрийн дэмжлэг зохицуулалт нэрээр бүгдэд оролцож, зах зээлийн жолоог нь булааж аваад байна. Гэхдээ энэ буруу бодлого нь социализмийн үеийнхэнтэйгээ дуусч, зах зээлийн эдийн засгийг олгодог дараагийн залуучуудын үе гарч ирвэл нийгэм өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. Жилээс жилд буруу шийдвэр багасч, зөв бодолтой нь олшрох байх. Өнөөдөр социализмын бүтээгдэхүүн нь давамгайлж байгаа ч магадгүй дөрвөн жилийн дараа 50:50 болж, найман жилийн дараа шинэ үеийнхэн олонхи болбол улс орны байдал, эдийн засгийн нөхцөл эрс өөрчлөгдөнө
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн