Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах үйлдэл хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. Иймээс Зам тээврийн яамнаас баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санал гаргасан нь Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ. Холбогдох судалгааг хийж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Энэ талаар Замын цагдаагийн албаны хэлтсийн дарга, хурандаа Ч.Жаргалсайханаас тодрууллаа.
-Засгийн газраас баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах саналыг боловсруулахаар боллоо. Та олон жил замын цагдаагийн байгууллагад ажилласан. Энэ саналыг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Зам тээврийн яамнаас насжилт өндөртэй болон баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр оруулахад хязгаарлах асуудлыг танилцуулсан байна лээ. Замын цагдаагийн байгууллага баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд сайн үр дүн үзүүлдэггүй гэдгийг нотолж чадна. Монгол Улс бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун талаар явуулна гэсэн хуультай. Гэтэл зүүн гар талын хөдөлгөөнтэй улсын тээврийн хэрэгслийг импортолж, хөдөлгөөнд оролцуулна гэдэг нь гэрлийн тусгалаар гялбуулахаас авахуулаад, эгнээ байр эзлэх, гүйцэж түрүүлэх, тойрон гарах хөдөлгөөн хийхэд жолоочид хүндрэлтэй байдаг. Техникийн болон замын хөдөлгөөний нөхцөл байдлаас шалтгаалаад Замын цагдаагийн байгууллага Засгийн газар энэ асуудлыг оруулж ирсэнд талархаж байгаа.
-Өмнө нь энэ асуудал тавигдаж л байсан. “Иргэдээ өмчөөр нь ялгаварлалаа. Япон машин унах бараг боломжгүй боллоо” гэх мэт шүүмжлэл өрнөөд больсон байх аа.
-Бид өмнө нь энэ асуудлыг тавьж байсан. Тодорхой хугацаа заагаад шийдвэрлэх ёстой асуудал мөн шүү дээ. 2011 онд Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стратеги төлөвлөгөөг гаргасан. Энэ төлөвлөгөөнд аль аль нь орсон боловч хэрэгжилт хангалтгүй байгаа. Сая Засгийн газраас сайдад үүрэг чиглэл өгсөн учраас хэрэгжих юм байна гэж ойлгож байна.
-2015 онд гарсан 41064 ослын 64.4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ гэсэн судалгааг Зам тээврийн яамныхан танилцуулсан байна. Ослын шалтгаанд ийм нөлөөтэй юм уу?
-Багагүй нөлөөтэй. Буруу талдаа рультэй машин Улаанбаатар хотод арай их байдаг. Үүнийг дагаад осол аваарт эзлэх хувь нь шууд хамааралтай нэмэгддэг. Орон нутгийн замд гарч байгаа осол аваарын дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашины саадыг тойрох үйлдэл, гүйцэж түрүүлэх үйлдлээс гардаг. Осол хэргийн хувьд буруу талдаа рультэй машины орон нутагт гаргаж байгаа осол их байдаг.
-Эхлээд импортыг хязгаарлах юм байна. Дараа нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн шийдвэр гарах байх даа?
-Аль ч улс шууд хориглодоггүй. Ер нь ийм шийдвэр хэзээ ч гарахгүй. Эхлээд орж ирэхийг нь хугацаа зааж хязгаарлах ёстой. Эсвэл гааль, татварын бодлого байдаг байх. Түүнээс биш шууд л хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргаж болохгүй.
-Жолооны хүрдийг Монголдоо шилжүүлэх боломжтой юу. Ийм асуултыг хүмүүс дайж байна лээ?
-Баруун гарын дүрэмтэй бусад улсад баруун талдаа жолооны хүрдтэй автомашинаар богино хугацаанд замын хөдөлгөөнд оролцохдоо урд гэрэл дээр лент наадаг. Гялбалтыг ингэж багасгадаг. Харин жолооны хүрдийг шилжүүлэх асуудал дээр заавал үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авах асуудал яригдана. Жолооны хүрдийг хэн дуртай нь сольж, шилжүүлэх нь техникийн аюулгүй байдал талаасаа маш аюултай. Яваандаа Монгол Улс зөв талдаа жолооны хүрдтэй автомашинууд хөдөлгөөнд оролцоод ирвэл маш сайн үр дүн авчирна. Осол, аваар мэдэгдэхүйц буурна.