УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан 20 гаруй гишүүн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд гадаадын банкны салбар нэгж үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тусгасан байна. Хуулийн төсөл болон цаг үеийн зарим асуудлаар УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.
-Та бүхний боловсруулан, өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиар гаднын банк үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Гаднын банкыг оруулж ирвэл яг ямар төрлийн үйл ажиллагаа явуулах вэ?
-1990 оноос хойш манай улс банкны салбар хоёр шатлалтай тогтолцоо руу шилжсэн. Түүнээс хойш Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуультай явж ирлээ. Энэ хоёр хууль маш сайн хууль. Гэхдээ манай Банкны тухай хууль нийтлэг үйлчилгээний банкны үйл ажиллагааг зохицуулдаг. Тэгэхээр бидний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл нь цоо шинэ хуулиас гадна төрөлжсөн банкны үйл ажиллагааг зохицуулахаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын чиглэлийн санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэх, хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг зохицуулах юм. Түүнээс биш ганц гаднын банкны салбарыг Монголд оруулж ирэх гэж байна гэж ерөнхий хүрээнд ойлгож болохгүй. Уг хуулийн төсөл батлагдсанаар гаднын банкны салбар, гадаад хөрөнгө оруулалтаар Монголд байгуулагдах хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалтын сангууд манай улсын банк, санхүүгийн салбарт ажиллах хүсэлтэй байвал ажиллах хуулийн зохицуулалтыг хийж өгч байгаа юм. Нөгөө талаар одоо байгаа банкны системдээ хамгаалалт хийж өгч байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн хүрээнд гаднын банк дотоодын банкуудын зах зээл дээр ажиллахгүй . Тухайлбал, иргэдийн хадгаламж, аж ахуйн нэгжүүдийн харилцах хадгаламж татахгүй. Зөвхөн гадаадын эх үүсвэрээр ажиллах юм. Мөн банкны зээл талдаа манай жижиг зах зээл дээр ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн зээл, малчдын зээл олгохгүй. Зээл олгохдоо манай банкуудын хүрч ажиллаж чаддаггүй, 100 сая ам.доллараас дээш зээл, төслийг санхүүжүүлэхээс гадна банк хоорондын зах зээл дээр ажиллана. Банкуудад хямд эх үүсвэрээр зээл олгож болно гэсэн үг. Энэ бүх зохицуулалтыг хийснээр дотоодын банкны зах зээлийг хамгаална. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа банкны тухай хуулиар гадаадын банкны салбар үйл ажиллагаа явуулж болно. Орж ирлээ гэхэд дотоодын банкуудын зах зээл дээр л шууд өрсөлдөх хуулийн зохицуулалт юм. Тиймээс дотоодын банкны зах зээлээс зааглаад, тусдаа хуулиар зохицуулах юм. -Улаанбатарт Төлөөлөгчийн газраа 1-2 жил тасралтгүй ажиллуулсан байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа гэсэн. Ийм шалгуур тавьж ганцхан БНХАУ-ын Bank of China-г оруулж ирэх гэж байна гэсэн мэдээлэл ч гараад байгаа?
-Одоо мөрдөгдөж байгаа Банкны тухай хуулиар энэ нь Төв банкнаас гаргасан журмаар зохицуулагддаг асуудал. Хэрвээ манай зах зээл дээр ажиллах гэж байгаа бол эхний ээлжинд Төлөөлөгчийн газраа ажиллуулаад, ямар бодлого бүтцээр, ямар зах зээлд ажиллах гэж байгаагаа манай талд таниулж, бодлого гаргагч нарт үүнийгээ үзүүлсний дараа үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн зохицуулалт байгаа. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд ийм зохицуулалт байхгүй. Хөрөнгө оруулагчдыг аль болох татах гэж энэ хуулийг санаачилсан учраас аль болох олон шаардлагаас татгалзах хэрэгтэй. Харин манай банкны салбарт орж ажиллах тал дээр арай өөрөөр хандах хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл батлагдлаа гэхэд манай шаардлагыг хангасан гаднын хэчнээн банк байгаа вэ?
-Яг өнөөдрийн нөхцөл байдалд бид чихрээ харамлаж байгаа хүүхэд шиг зах зээлээ дараад байх ямар ч боломжгүй, тийм шаардлага ч байхгүй. Эдийн засгийн өсөлттэй үед гаднын хөрөнгө оруулагчид манайд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байсан байж магадгүй. Одоо бол бид хөрөнгө оруулагчдыг татах, уян хатан бодлого барих хэрэгтэй байна. Өндөр шалгуур гэхээсээ илүү зах зээлээ зөв таниулах, боломжуудыг нь өгөх, улс төрийн хүрээнд ч тэр, бодлого шийдвэрийн хүрээнд ч тэр бид дунд, урт хугацаанд тогтвортой байж чадна гэдгээ илэрхийлэх, түүнийгээ харуулж чадах нь хамгийн чухал. Нөгөө талаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд тодорхой шалгуур давсан хөрөнгө оруулагчид манайд ажиллаж болно гэсэн заалтууд бий. Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь зөвхөн гаднын банкыг ажилуулах зохицуулалт биш. Мөн банкуудын дүрмийн санг Төв банк тогтоодог бөгөөд банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум төгрөг байгаа. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлд 300-500 тэрбумын дүрмийн сантай байна гэж тусгасан. Нэг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх доод хэмжээ нь 100 тэрбумаас дээш байна гэсэн хязгаарлалтуудыг зааж өгсөн. Ингэснээр дотоодын банкуудтай өрсөлдөж, тэдэнд эрсдэл учруулахгүй.
-Одоогийн байдлаар манай улсад салбараа нээх хүсэлт тавьсан хэчнээн улсын банк байгаа вэ?
-Намайг Төв банкинд ажиллаж байхад таван улсын банк байсан. Харин өнгөрсөн есдүгээр сараас хойш би гурван банкны төлөөлөлтэй уулзахад 3-4 жилийн өмнөхөөсөө өөр болсон байна. Тэд “эдийн засгийн тодорхойгүй байдлууд бий болж, зээлжих зэрэглэл буурсан. Бизнесийн нөхцөл өөр болсон учраас судалгаа хийнэ, хүлээнэ” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг баталснаар бид банк, санхүүгийн системээр дамжуулж хөрөнгө оруулалтыг татах мессежийг олон улсад гарах нь хамгийн чухал байгаа юм.
-БНХАУ-ын банк үйл ажиллагаа явуулж эхэлвэл эрсдэлийг нь та хэрхэн харж байна вэ?
-Гаднын банк гэхээр л бид "Bank of China"-г оруулж ирэх гэж байна гэж энэ асуудлыг их улстөржүүлж байна. Ингэснээр гаднынхныг үргээдэг. Энэ банкны нэрийг дурьдаад бусад боломжуудыг хаачихдаг. Ер нь "Bank of China"-г банк талаас нь харвал энэ дэлхийн 10 топ банкины нэгд байнга бичигдэж байна. Нөгөө талаар Үндэсний аюлгүй байдлын тал дээр ярих ёстой зүйлүүд ч бий. Гэхдээ үүн дээр улс төрийн шийдвэр гаргах ёстой. Энэ банк БНХАУ-ын Засгийн газрын санхүүжилттэй учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулиар эхлээд Засгийн газраар хэлэлцэгдэнэ. Өөрөөр хэлбэл, эхлээд улс төрийн шийдвэр гарна гэсэн үг. Гэхдээ энэ асуудлаас болоод хөрөнгө оруулах сонирхолтой банк, санхүүгийн байгууллагуудыг үргээж болохгүй. Тиймээс бодлогоо зөв бариад тодорхой хэмжээнд нээлттэй бодлого явуулах ёстой. -БНХАУ-ын банк оруулж ирвэл үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн байр суурьтай хүмүүс ч байна. Тэгэхээр заавал БНХАУ-ын банкийг оруулж ирэх шаардлага байна уу?
-Таван улсын банк төлөөлөгчийн газраа ажлуулж байгаа гэж байна. Банкны хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар хэдэн улсын банк үйл ажиллагаа явуулах боломжтой болох вэ?
-Ямар ч байсан ажиллах хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгч байгаа болохоос зөвшөрөл өгч байгаа юм биш шүү. Зөвшөөрлийг Тө вбанк ч юм уу, Хөрөнгө оруулалтын газар ч юм уу, Засгийн газар ч юм уу лицензээ өгнө. Ер нь хууль батлагдлаа гээд дараалал үүсээд л, банкууд шуураад ороод ирнэ гэсэн зүйл байхгүй. Хуулиа баталчихаад танилцуулга хийж, сурталчилж байж л гаднын банкуудыг урьж авчирна. Шинэ хууль учраас нэлээд суух хэрэгтэй байх. Тэгэхээр энэ намрын чуулганаар хараахан хэлэлцэж амжихгүй байх гэж бодож байна.
-Гаднын банк оруулж ирснээр манай зээлийн хүү буурна гэж ярьдаг. Тийм боломж бий юү?
-Гаднын хөрөнгө оруулалттай банкийг оруулж ирснээр зээлийн хүү огцом буурна гэсэн ойлголттой байдаг. Гаднын банк орж ирлээ гэхэд богино хугацаанд зээлийн хүү буурахгүй. Манай улсын банкны системийн зээлийн хүүгийн бүтцээ харах хэрэгтэй. Манай банкууд зээлийн хүү дээрээ өрсөлддөггүй. Хадгаламжийн хүүгээрээ өрсөлддөг онцлогтой зах зээл. Уралдаж, хадгаламжийн хүүн дээрээ бодлого барьж байж, эх үүсвэрээ бүрдүүлдэг. Зээлийн хүүгийн суурь зардал нь хадгаламжийн хүү. Дээрээс нь инфляци өндөр яваад байдаг. Мөн эрсдэлийн төвшин нэмэгдэж байна. Эх үүсвэрийн гол зардалд нь гаднаас хямд эх үүсвэр орж ирвэл зээлийн хүүнд нөлөөлж эхэлнэ. Мөн банкны шинэ технологи, соёл орж ирнэ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар яагаад энэ бүхнийг зохицуулж чадахгүй байгаа юм бэ гэж асууж магадгүй. Одоо байгаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны 7,8 банк нь их бага хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалттай. Тухайлбал, Хаан банкны 51 хувь Японы хөрөнгө оруулалттай бол Хасбанк Канад улсын хөрөнгө оруулалттай. Мөн Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны тодорхой хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай. Одоо хэрэгжиж байгаа хуулиараа зохицуулалт хийж болж байгаа юм. Гэхдээ том хэмжээний төслүүдийг санхүүжүүлэх чадвартай гаднын хөрөнгө оруулалтыг банк санхүүгийн системээр дамжуулан татахын тулд зохицуулалтуудыг нь зөв хийж өгөх хэрэгтэй. Нөгөө талаар дотоодын банкны зах зээлээ хамгаалах зорилготойгоор тус хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан.
-Энэ онд Хөгжлийн банкны 580 сая еврогийн зээлийг төлнө. Энэ өрийг төлөх ямар боломж байна вэ?
-Хөгжлийн банкаар дамжин эргэн төлөгдөх 580 сая еврогийн зээлийн асуудлыг Засгийн газрын төвшинд сайн ярьж байгаа. Ерөнхий байдлыг харахад дефолт болохгүйгээр энэ зээлийг төлөх боломжтой гэж үзэж байгаа.