УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан болон Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх юм.2016 оны төсвийг батлахад Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэгтгэж Ерөнхий сайдын харъяанд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлд 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт орсонтой холбогдуулан Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн. Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан ирэх сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ч байгаа юм.Харин Монголбанкын тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн ажээ. Б.Жавхлан ирэх сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшихээр тус аймагт компанит ажлаа албан бусаар эхэлсэн. Уг нь тэрээр Сүхбаатар аймгийнх бөгөөд тэндээс нэр дэвших бэлтгэлээ сүүлийн жилүүдэд сайтар хангасан ч АН-аас нэр дэвших аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг ялахгүй гэж тооцсон учир ийнхүү Дархан-Уул аймгийг сонгожээ.Сүхбаатар аймаг нэг, Дархан-Уул аймаг хоёр мандаттай. МАН-аас Б.Жавхлангийн нөгөө хамтрагч нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа байх бололтой. Мөн тус аймагт АН-аас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, хэрвээ намын жагсаалтад орж чадахгүй бол МАХН-аас Ж.Сүхбаатар, саяхан “ХҮН” намд орсон “Алтан дорнод”-ын Т. Ганболд нар нэр дэвших таамаг байгаа юм. Дөнгөж сая: Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх түүний хүсэлтийг хэлэлцсэн ч УИХ-ын гишүүдийн санал тэнцэв. Иймээс Б.Жавхлангийн хүсэлтийг дэмжигдээгүйд тооцлоо. УИХ-ын дарга З.Энхболд МАН-ынханд хандан, "Намын даргаа надтай уулзуулаарай" гэв.Харин чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа олонхын дэмжлэг аваагүй уг асуудлыг эргэн харж дахин хэлэлцэх хүсэлт гаргасны дагуу олонхын дэмжлэг аваагүй саналыг хүчингүйд тооцох горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувь дэмжсэн юм. Иймээс Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцов.