Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

​С.Жавхланбаатар: Томоохон компаниуд бүгд л оффшор данстай. Энэ нь хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөгүй

​С.Жавхланбаатар: Томоохон компаниуд бүгд л оффшор данстай. Энэ нь хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөгүй
Нийтэлсэн 2016 оны 5 сарын 13
Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай ярилцлаа.
-2016 оны эхний таван сарын байдлаар манай улсад хэчнээн төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, хэдэн компани шинээр бүртгүүлээд байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн сүүлийн үеийн мэдээ гурван сарын байдлаар гарсан байгаа. Гуравдугаар сарын эцсийн дүнгээр манай улсад 100 орчим сая ам долларын гадааын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Шинээр 100 орчим гадаадын хөрөнгө оруулалттай компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил төвшинд байна. Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжсэн. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хийгдэж байсан үе шиг  хөрөнгө оруулалт хагас жилээс хойш нэмэгдэх хүлээлт байгаа. Харин удахгүй сонгууль болох гэж байгаа урчаас зарим санхүүжилт нь бэлэн болсон төслүүд хүлээлтийн байдал шилжээд байна .
-Үе үеийн сонгуулийн жилийг харахад улстөрийн сонгууль хөрөнгө оруулалтад ямар байдлаар нөлөөлдөг вэ. Шинэ Засгийн газар бүрдэхэд хөрөнгө оруулалт сэргэдэг гэж зарим шинжээчид хэлдэг?
-Манайх шиг жижиг эдийн засагтай, төрийн оролцоо өндөр байдаг улсын хувьд ихэнхи хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилждэг. Урт хугацаандаа үргэлжлэх төслүүд дээр асуудал гардаггүй. Харин хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах  үе шатандаа явж  байгаа төслийн хөрөнгө оруулагчид сонгуулийн байдлыг харгалзаж үздэг. Гэхдээ өнөөгийн бий болгосон хууль эрх зүйн тогтолцоо , өмнө байгуулсан гэрээгэээр аль ч Засгийн газар адилхан хариуцлага хүлээж, залгамж чанарыг хадгалах тогтолцоог бий болсон. Тиймээс хөрөнгө оруулалт тал дээр сонгуулийн нөлөөлөл жилээс жилд багасах учиртай.
-Концессоор хэрэгжиж байгаа, хөрөнгө оруулалт нь хийгдсэн шинэ ямар төслүүд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Хөрөнгө оруулалтын газар 20 гаруй концессын төслийг хэрэгжүүлэх шатандаа явж байна. Нийт зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын концессын төслүүд байна. Он гарсаар 4-5 төсөл санхүүжилт татах процессоо эхлүүлж, эхний хоёр төсөл дээр 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Энэ жилийн хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан дэд бүтцийн төслүүд, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн жилээс анхаарч ажиллаж, санхүүжилтийн хаалтыг хийхээр төлөвлөж байгаа хамгийн том төсөл бол Багануурын цахилгаан станц байгаа. Нийт 900 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төсөл. Бүх концессын гэрээ, санхүүжилтийг татах ажил дуусах шатандаа орж, удахгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байна. Дараагаар нь Бөөрөлжүүт, Тэвшийн говийн цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ажил идэвхжинэ. Мөн төмөр зам, авто замын концессоор хэрэгжих төслүүд бий. "Эрдэнэт-Овоот"  чиглэлийн төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг баталж, хөрөнгө босгохоор ажлаа эхлүүлсэн байна. Өнгөрсөн онд энэ чиглэлийн 30 гаруй км төмөр замыг барьж ашиглалтад оруулсан байгаа.
-Концессын төслүүд дээр хөрөнгө татах ажилд цаг хугацаа нэлээд шаардагдаж, төслийн ажил удааширч байгаа харагддаг?
-Тийм ээ. Гэхдээ энэ нь олон шалтгаантай. Манай эрх зүйн тогтолцоо нөлөөлж  байна. Монгол Улс баталгаа гаргаж өгөхгүй байх, тухайн төслийн эдийн засгийн үр ашгаас шалтгаалан хөрөнгө босгох ажлууд удааширдаг. Гэхдээ концессын гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын бий болгосон хуулиар олгож байгаа дэмжлэг, гэрээний баталгаа. Энэ механизм ямар нэгэн байдлаар ажиллаж , хүн болгон гэрээгээ бариад хөрөнгө оруулагч дээр очиж байгаа нь хөрөнгө татах магадлыг нь өндөр болгож байгаа юм.
-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт идэвхжсэний дараа хөрөнгө оруулалтын хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ. Мэдэгдэхгүй өөрчлөлт  ажиглагдаж байна уу?
-Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийгдэх болсноор манай улсын хөрөнгө оруулалт сэргэх хандлагатай болсон. Гадна талд Оюутолгойгоос бусад төслүүд дээр санхүүжилт татах, хийхээр төлөвлөж байгаа хандлага эрс нэмэгдэж байна. Оюутолгойд ханган нийлүүлэлт хийх бизнесүүд биш огт хамаагүй холбоогүй төслүүд дээр эерэг нөлөөлөл үзүүлж байна. Санхүүжилт хийх орчныг эергээр харж, бизнес эрхлэгчидтэй уулзах саналыг тавьж эхлээд байна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оюутолгойгоор дамжуулан Монголыг эерэг талаас сурталчилж байна. Энэ нь урт хугацаандаа нийт хөрөнгө оруулалтын орчинд эерэг үр дүнг авчирна.
-Сүүлийн үед оффшор данстай холбоотой асуудал нийгмийн анхаарлыг ихээр татаж байна. Манай улсад хөрөнгө оруулалт хийсэн томоохон компаниудын толгой нь татваргүй бүсэд байрладаг. Энэ нь эргээд хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн талаасаа асуудал болохгүй юү?
-Хөрөнгө оруулалт босгох, компанийн зардлыг бууруулах, илүү найдвартай эрх зүйн орчинд эх үүсвэрийг хадгалах тал дээр олон улсын ихэнхи компаниуд оффшор данстай байгаа. Энэ нь тухайн бизнес эрхлэгч компанийн данс. Хөрөнгө босгохын тулд компаниуд салбараа эсвэл толгой, охин компаниа оффшор бүсэд байгуулдаг. Энэ нь нийтлэг үзэгдэл. Ихэнх компаниуд оффшор дансыг  хөрөнгө босгох чиглэлд хэрэглэдэг механизм гэж үздэг.  Оффшор бүсэд хялбар хэлбэрээр мөнгөн гүйлгээ хийдэг, татвар маш бага, дээр нь санхүүгийн төвүүдтэй хурдан холбогддог учраас бизнесийн компаниуд оффшор дансыг ашиглахыг илүүд үздэг. Бизнес талдаа томоохон компаниуд бүгд л оффшор бүсэд байгаа учраас хөрөнгө оруулалт хийсэн компанийн үйл ажиллагаанд нөлөөлөх талаас нь харах ёсгүй.
-Гаднын компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулагчаар бүртгүүлэхдээ “манай компани татваргүй бүсэд данстай” гэдгээ мэдүүлдэг үү?
-Хуучин Хөрөнгө оруулалтын хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээг олгодог байсан. Уг гэрчилгээг олгохдоо толгой, охин компанийнхаа талаар мэдээллийг нэг бүрчлэн хавсаргадаг байсан. Харин шинэ хуулиар гэрчилгээ олгохоо больсон. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахдаа бүртгүүлэх материалд компанийн талаар мэдээллийг хавсаргаж байгаа.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн