Манай улсын аймаг, сум, хороо, дүүргийн өрхийн эмнэлгүүд лабораторийн чадамж, төнөг төхөөрөмжийн дутмаг байдлаас шалтгаалан шээс, цусны шинжилгээг авдаггүй. Заавал хоёрдугаар шатлалын нэгдсэн эмнэлэгт очиж өгдөг билээ. Тэгвэл иргэд ирэх есдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлгүүд шээс, цусны шинжилгээг авдаг болохоор болсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв. Иргэд шээс, цус болон нарийн мэргэжлийн шинжилгээг өгөхийн тулд хоёр дахь шатлалын эмнэлгийг зорьж, ялангуяа сургууль цэцэрлэг эхлэх үетэй зэрэгцэн дүүргийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн ачаалал эрс нэмэгддэг билээ. Харин ирэх хичээлийн шинэ жилээр эцэг, эхчүүд цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ шээс, цусны шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ өгөх боломжтой болох нь. Энэ жил улсын хэмжээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил болгож, энэ хүрээнд өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн оношлогоо, лабораторийн төнөг төхөөрөмжийг шинээр суурилуулж, өрхийн эмнэлгүүдийн хүчин чадлыг сайжруулж байгаа юм байна.
Ингэхдээ өрхийн эмнэлгүүдэд ашиглах лабораторийн орчин үеийн тоног төхөөрөмжийг Солонгос улсаас нийлүүлж байгаа юм байна. Манай улсын Засгийн Солонгосын “Руйсанса”корпорацтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шээсний шинжилгээгээр 10 орчим өвчнийг илрүүлэх хүчин чадалтай анализаторруудыг нийлүүлжээ. Нийт 1.2 тэрбум төгрөгийн бүхий өртөгтэй 142 ширхэг аппаратыг нийлүүлсэн аж. Одоогоор өрхийн эмч нарт эдгээр аппаратыг хэрхэн зөв ашиглах талаар сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Иргэд есдүгээр сараас өрхийн эмнэлэг дээр ирж цээс, цусны шинжилгээг өгнө.Мөн өрх дээр ирж шинжилгээ өгсөн иргэн шинжилгээнийхээ хариуг заавал өрхийн эмнэлэг дээр ирж авах шаардлагагүй, шинжилгээний хариу унших тусгай вэб сайт ажиллуулах аж. Иргэдийн цаг зав, оочер дараалал үүсгэхгүй байхаар зохицуулж байгаа юм байна. Хариуцсан эмч шинжилгээний хариуг вэб сайтад байрлуулахдаа тухайн өвчтөнд өгөх зөвлөгөө, эмийн жор найрлагыг дэлгэрэнгүй бичиж оруулах юм байна. Одоогоор хариу хүлээн авах сайт бэлэн болсон бөгөөд эмчийн шинжилгээний хариу, эмчилгээ, эмийн жорыг нь ахлах эмч нь вэб сайт руу орж хянах байдлаар шийдсэн байна. Өрхийн эмч нарыг сургах ажил наймдугаар сарын дундуур дуусч, өрхийн эмнэлгүүд есдүгээр сараас эхлэн шээс, цусны шинжилгээг хийж эхлэх юм байна.
Мөн нэг онцлууштай зүйл нь өрхийн эмч нар амхад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт нь очиж шинжилгээг авах зөөврийн аппараты ашиглаж болохоор зохицуулжээ.