Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг 97.1 хувийн саналаар дэмжлээ. Ж.Эрдэнэбатыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Сангийн сайд хийж байснаар олон нийт мэднэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хувь хүн, карьер талаас нь онцлох баримтуудыг хүргэж байна.
Хамгийн залуудаа буюу 35 настайдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд болж байв. Түүнээс өмнө 1996 онд М.Энхсайхан 41 настайдаа Ерөнхий сайд болсон бол Ж.Наранцацралт агсан 1998 оны сүүлд мөн 41 насандаа Монгол Улсын Ерөнхий сайд болж байжээ. Тэгвэл Ж.Эрдэнэбат мөн 41 насандаа Ерөнхий сайд болж, хамгийн залуудаа Ерөнхий сайд болсон эрхмүүдийн нэг боллоо.
/Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэр бүлийн хамт/
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эцэг, эхээс дөрвүүлээ, нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй, айлын том хүү. Ерөнхий сайдынх ам бүл тавуулаа. Гэргий Тунгалагтайгаа арван жилийн нэг ангийн хоёр юм байна. Том охин нь “Мон Турк” дунд сургуульд, дунд охин нь “Хобби” дунд сургуульд, бага хүү нь цэцэрлэгт явдаг.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын аав Г. Жаргалтулга Мандал сумын Хэрх ЕБС-д захирлаар ажиллаж байжээ. Түүний аав үндэсний бөхийн аймгийн хурц арслан цолтой бөх бөгөөд аймгийнхаа наадамд хоёр удаа түрүүлж байжээ. Улсын гарьд Пунцагийн Сүхбат агсны багш гэдгээр нь олон түмэн анддаггүй аж. Ээж Л.Пүрэвдулам нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аж.
АТГ-т өнгөрсөн онд мэдүүлсэн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдүүлгийг сонирхож үзлээ. Тэрээр нийт 99974 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Гурван орон сууцтай бөгөөд дөрвөн компанид хувь эзэмшдэгээс нэг нь 100 хувь Ерөнхий сайдынх юм байна. “Toyota Land cruiser 105”-1, “Toyota highlander”-1, “Lexus-570”-1 гэсэн гурван автомашинтай, нийт 116 сая төгрөгтэй тэнцэх малтай юм байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүйг инфографикаас харна уу.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат их сургуулиа төгссөнийхөө дараа хувийн компанид нягтлан бодогч хийж байгаад жилийн дараа 22 насандаа Сэлэнгэ аймгийн Хянан шалгах газрын байцаагчаар анх төрийн албан хаагч болжээ. Үүнээс хойш тасралтгүй төрийн албанд 19 жил ажиллаж байгаа аж. Түүний ажлын туршлага нь:
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч,
1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,
2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.
Ж.Эрдэнэбат 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажиллаж байжээ.
1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,
1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,
1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт,
2002-2004 онд Удирдлагын академи,
2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр, англи хэлтэй аж.
/Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргий Тунгалагийн хамт/