Open iToim app
Анализ | 3 мин уншина

​Ерөнхий сайдын үүргийн дараа алдах шахсан 5 гр хар тамхи

​Ерөнхий сайдын үүргийн дараа алдах шахсан 5 гр хар тамхи
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 1
Юуны өмнө Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг зөрчиж, “том толгойлсон” гаалийнханд талархал илэрхийлье. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар наймдугаар сарын 12-нд “Чингис хаан” нисэх буудалд ажилласан. “Гадаадын хил гаалийнхан Монгол руу нисэх гэж буй зорчигчдын ачаа, тээшийг шалгачихдаг. Ийм учраас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед Монголд ирсэн хүмүүсийн гар тээшийг давтан шалгаж, зорчигчдын тав тухыг алдагдуулахаа зогсоо гэсэн хугацаатай үүргийг Ерөнхий сайдын зүгээс холбогдох албаныханд өгсөн. Нисэхийн гаалийнхан Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлж, тэр өдөр бүх рентгэнээ унтраажээ.
Гэтэл тус гаалийн зарим алба хаагч өнгөрсөн баасан гаригаас бямбад шилжих шөнө “Хонконг-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор газардсан монгол эмэгтэйн гар тээшийг шалгаснаараа Ерөнхий сайдын даалгаврыг зөрчжээ. Ингээд гар тээшнээс нь метамфетамин буюу “мөс” хэмээх мансууруулах төрлийн синтетик бодис илрүүлсэн байна. Уг нь хуулиар өөрсдөд нь оногдсон үүргээ биелүүлж хар тамхины хэрэг илрүүлчихээд байдаг. Гэтэл Ерөнхий сайдын хуулиас давсан аман үүргийг зөрччихөөд байдаг. Ийм мухардмал байдлаас болж өнөөдөр Буянт-Ухаа дахь гаалийн газрынхан болон Гаалийн ерөнхий газрынхан дээрх хэрэг явдлыг тас нууцгааж байна.
Хэргийг одоогоор УМБГ-ынхан шалгаж байгаа юм. Эх сурвалжуудын өгүүлснээр, гар тээшиндээ “мөс” авч явсан эмэгтэй мансууруулах төрлийн бодис зөөхөөс гадна биеэ үнэлж байсан хар намтартай ажээ. Үүнээс үүдэж БНХАУ-ын нутаг дэвсгэрээр зорчих эрхээ хасуулсан юм байна. Иймээс Хонконг, Сингапур зэрэг чөлөөт бүсээр зорчдог нэгэн ажээ. Энэ удаа түүний авч явсан “мөс”-ний жин таван гр. Хэдий бага хэмжээтэй ч донтсон хүний 4-5 удаа хэрэглэх норм. Хятадын нутгаар гарахыг хориглосон хүн газардсан учраас гаалийнхан эрсдэл тооцон шалгасан байх гэсэн мэдээллийг цагдаагийнхан өгч байна.
Эндээс үзвэл, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг амьдрал, практикт нийцээгүй үүргээ өөрчлөх шаардлагатай байна. Шулуухан хэлэхэд, ямар ч мэдээлэл авалгүй сэтгэлийн хөөрлөөр шийдсэн түүнийг үүрэг даалгавар үндэсний аюулгүй байдалд маш хортой үр дагавар авчирна шүү. Түүх соёлын хулгайн үзмэр, хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, нууцын зэрэглэлтэй газрын зураг зэргийг гар тээшиндээ хийгээд Монгол руу оруулах боломжтой. Ингэж гадаадаас авчирсан гар утас, алт мөнгө, үнэт эдлэлийг татваргүй оруулсан тохиолдлууд ч хар мянга бий. Гадаадын хил, гаалийн хяналт чанга ч гэсэн тэднийг аргалаад орж ирж болдог гэдгийг саяын жишээ харууллаа. Тусгай бэлтгэгдсэн үнэрч нохдын тоо хангалтгүй байхад рентгэн төхөөрөмжийг унтаалгана гэдэг бол гэмт хэрэгт хамтран оролцож байгаагаас өөрцгүй. Рентгэн төхөөрөмж бол Монгол Улсын хилийн манаанд хамгийн чухал үүрэгтэй байдгийг тагнуул, цагдаа, хилийн цэрэг, мэргэжлийн хяналь, гаалийнхан мэднэ дээ. Манай улсыг аль эрт хар тамхины дамжин өнгөрүүлэх оронд багтаачихсан. “Алтан гурвалжин” гэж ямар бүлэглэл байдгийг, Монголын ямар иргэд галт зэвсэг, мансууруулах бодисын хууль бус наймаанд оролцож байдгийг Ерөнхий сайд хүн хамгийн сайн мэдэж байх учиртай. Яагаад гэвэл, улс орны нүд чих болсон Тагнуулын ерөнхий газар Ерөнхий сайдын харъяаллынх. ТЕГ Засгийн газрын тэргүүнд цаг үеийн мэдээллийг хүргэдэг л байж таарна.
Мартаагүй бол, 5.8 кг героиныг Филиппин эмэгтэй Вендо чемодандаа нуугаад оруулж ирэхэд нь Монголын мэргэжлийн хяналт, гаалийнхан илрүүлж байсан юм. 1 гр героины мансууруулах чадал 60 литр архитай тэнцдэг гэх мэдээлэл бий. 2-3 улсын хил, гаалийн шалгалтыг даваад орж ирэхэд нь манай гаалийнхан бусдын хүчинд итгээд оруулчихсан бол 5.8 кг героин хэдэн монгол айлын амьдралыг сүйрүүлж байгаа бол. Хэрвээ тэр эмэгтэй Монголоор дайраад гадагшаа гарч худалдсан бол тэр улсынх нь хууль хяналтынхан Монголын гаалийнхныг ямар их үзэн ядах бол. Ийм учраас Үндэсний аюулгүй байдлын гишүүн Ерөнхий сайд хүн судалгаа, мэдээлэлгүйгээр сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаж болдоггүй юм.
Наймдугаар сарын 12-нд гаалийнхан рентгэнээ унтрааж, гар тээш шалгахаа больсон байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд сая баригдсан “мөс”-нөөс өөр хориотой болон аюултай бараа Монголд орж ирээгүй л байгаасай. “Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул” гэсэн эрхэм зорилгоо, хуулиар хүлээсэн үүргээ Ерөнхий сайдын даалгавраас илүүд үзэж тангарагтаа үнэнч ажилласан гаалийн байцаагч нарт талархал илэрхийлье. Төрийн сайдын хуулиас давсан үүрэг даалгаврыг биелүүлээгүй зоригийг нь үнэлье.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн