Дэлхийн удирдагчид ирэх даваа гаригт Нью-Йорк хотод цуглаж, НҮБ-ын 70 жилийн ойн чуулганд оролцох гэж байна. Энэ жилийн чуулган өмнөх чуулгануудаас онцлогтой, өндөр ач холбогдолтой байх юм. Учир нь найм дахь арван жилтэйгээ золгох гэж байгаа НҮБ энэ үеэр ирэх арван жилийн зорилт, чиг хандлагаа хэлэлцэнэ. Түүнчлэн энэ үеэр НҮБ-ын Ерөнхий Ассемблейн гишүүн улс орон бүр өөрсдийн үйл ажиллагаагаа дүгнэн тайлагнах юм.
Чуулганы эхний өдрийн нээлт буюу есдүгээр сарын 28-ны Ерөнхий Ассемблейн хуралдаанд уламжлал ёсоор Бразил улсын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд үг хэлж, илтгэл тавих юм байна. Түүний дараа АНУ, Польш, Хятад, Йордан, ОХУ гэсэн дарааллаар дэлхийн удирдагчид илтгэлээ тавьж, үг хэлэх юм. Харин эхний өдрийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Өмнөд Африк, Швейцарь, Кыргызстан, Канад, Кени зэрэг улсын удирдагчид үг хэлэх аж.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүх нийтийг тогтвортой хөгжилд татан оролцуулах нь” сэдэвт Дээд хэмжээний арга хэмжээ, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өндөр түвшний чуулга уулзалт”, “Энхийг сахиулах үйл ажиллагааны асуудлаарх” Дээд хэмжээний тусгай арга хэмжээ болон “Эмэгтэйчүүдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт”-д тус тус оролцохоор төлөвлөж байна.
Ерөнхий Ассемблейн чуулганаар НҮБ 2015 онд хийсэн амжилтуудаа дурдана. Энэ жил НҮБ хоёр том амжилттай ажилласны нэг нь Ираны цөмийн гэрээ юм. Иран, АНУ-ын хоорондох буруу ойлголтыг залруулж, Иран болон аюулгүй байдлын зөвлөлийн байнгын 5 /5+1 / гишүүн орон энэхүү гэрээг байгуулсан билээ. Түүнчлэн хамгийн том, хамгийн урт олон улсын ядуурлыг бууруулах хүчин чармайлт болох Мянганы хөгжлийн зорилтын 15 жилийн үр дүнг чуулганы үеэр дүгнэх юм. Мянганы хөгжлийн зорилт нь 2030 он гэхэд ядуурлыг бууруулах, байгаль орчны тогтвортой байдлыг хангах хөтөлбөр бөгөөд 70 жилийн ойн чуулганаар ирэх 15 жилийн зорилтыг авч хэлэлцэх юм. Мөн ирэх арванхоёрдугаар сард Парис хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцийн гэрээний талаар дүгнэлтээ хийж, улс орнууд ямар шийдвэртэй арга хэмжээ авсан, авах ёстой талаар Ерөнхий Ассемблейн чуулганы үеэр ярилцана.
Хэдий тийм ч НҮБ-ын шийдэж чадахгүй, нөлөөлж чадахгүй байгаа Сирийн асуудал, Тайванийн асуудал, Ойрхи Дорнодын асуудал, терроризм, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилт гээд олон сэдвүүд дахин улирч, хөндөгдөх нь гарцаагүй.
70 жилийн ойн хуралдаанд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Ираны Ерөнхийлөгч Хассан Рохани нар олон жилийн дараа анх удаа нүүр тулан уулзах гэж байна. Тэд хуралдааны үеэр тусгайлан уулзах бөгөөд Обама, Рохани нарын уулзалтын эргэн тойрон дахь асуудал дэлхий нийтийн анхаарлыг татах нь гарцаагүй.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний хувьд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хуралдаанд анх удаа оролцож, үг хэлэх юм. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 орчим жилийн дараа анх удаа НҮБ-ын чуулганд үг хэлэх гэж байгаа нь мөн л олны анхаарлыг татаж байгаа юм.
Дэлхийн геополитикийн гол гурван тоглогч анх удаа Ерөнхий Ассемблейн чуулганд хамтдаа оролцож, дараалан үг хэлэх гэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Гурван тал тус бүрийн чиг хандлага, үзэл баримтлалыг НҮБ-ын индэр дээрээс илэрхийлнэ.