Open iToim app
Анализ | 3 мин уншина

​Ерөнхийлөгчийн сонгууль: Түгжил ба ходоод

​Ерөнхийлөгчийн сонгууль: Түгжил ба ходоод
Нийтэлсэн 2017 оны 7 сарын 9
Учир мэдэх хүмүүс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хамгийн хараар нэрлэв. Дахин санал хураалтын долоо хоногт бол Монгол Улс Сонгуулийн хуульгүй юмшиг л ил цагаандаа гарлаа. Иймэрхүү талцал цаашдын сонгуулиудад давтагдвал Монголд иргэний мөргөлдөөн гарахгүй гэх баталгаа алга. Харамсалтай нь, ямар үнэ цэнэтэй эрх ашиг, ямар үнэтэй сандал суудлын наймаа энд явааг энгийн бид эс мэднэ. Сая бол талбай дээр ил гарч чулуу шидэлцээгүй л болохоос МАН, АН-ын хүрээллийн дунд бараг л иргэний дайн гарлаа. Хөлд нь олон түмэн яаж үрэгдсэн, сульдсаныг улстөрчид мэдээгүй нь бас харамсалтай.
Аливаа бүхэн хоёр талтай. Энэ удаагийн сонгуулийн хамгийн муухайг, хамгийн сайныг залуу сэтгүүлчийнхээ хэмжээнд үнэлснээ Та бүхэнтэй хуваалцъя.
Өнгөрсөн сонгуулиудын тухай уншиж байхад улстөрчдөөс ард түмнийг ходоодны сонголт хийлээ гэж ихэд буруутгаж ярьсан байдаг. Хүүхдийн мөнгөнд, 21 мянгад, Эх орны хишиг, Эрдэнийн хувь нэртэй 1-1.5 сая төгрөгийг дагаж саналаа өглөө л гэдэг. Үе, үеийн сонгуульд ходоодны санал хамгийн их хувь хэмжээг эзэлдэг учраас л улстөрчид бэлэн мөнгө тараадаг.
Харин энэ удаа ард түмэн ходоодны санал өгсөнгүй, ходоодны сонголт хийсэнгүй. Хэрэв үнэхээр л ходоодны сонгууль хийж бэлэн мөнгө харсан бол МАН-ын нэр дэвшигч ялах байв. Гэтэл ард түмэн дахин санал хураалтын үеэр гэнэт олгож эхэлсэн Хүүхдийн мөнгө, “Эрдэнэт”-ийн хувьцааг дагаж хуйларсангүй. Анхны санал хураалтын үеэр М.Энхболд, Х.Баттулга нарт өгсөн санал хадгалагдахын зэрэгцээ С.Ганбаатарт өгсөн санал хоёр нэр дэвшигчид бараг адил тэнцүү хуваагджээ. Эцэст нь, бэлэн мөнгөний амлалт, ходоодны сонголт олонх болсонгүй. Олон түмэн үнэхээр ходоодоороо сонголт хийхээ больсон бол энэ нь Монголын сонгуулийн түүхэнд урагш нэг алхам ахисан амжилт, энэ сонгуулийн ганц эерэг үнэ цэнэ юм болов уу.
Энэ удаагийн сонгуулийн хамгийн муухай нь Түгжилүүд үнэд орсон явдал байв. Нэг удаагийн сонгуульд дэндүү олон Түгжил тодорлоо. Бодлого ярьсан нь, мэргэжлийн баг, мэргэжлийн хүмүүс үнэлэгдсэнгүй. Хаяагаа хадарсан нь, хулгайгаар бичсэн, хулгайлсан бичлэгүүдээ зарсан, зуучилсан нь илүү тодорлоо.
Ард түмэн угаас шударга бус зүйлд дургүй. Тэр сэтгэхүй дээр тоглож хулгайн бичлэгүүдээ дэглэсэн нь, бичлэгт мэргэжлийн бусаас гадна мэдрэмжгүй хүмүүсийн хэт зусардалд байсан зэрэг нь АН-ын нэр дэвшигчийн саналын нийлбэрт ихээхэн нэмэрлэлээ. Түүнээс бус, өмнө нь ажиллаж байсан журмын нөхдөө хаяхгүйгээр цуглуулж золгох, төрийн тэргүүнийг тодруулах мэтгэлцээнд урьдчилж бэлтгэх зэрэг бол хүний амьдралд байх л хэвийн үзэгдэл. Харин 60 тэрбум, гишүүн Гантулгын бичлэгүүдийг хуулийн байгууллага шалгаж тогтоох л ёстой.
Сонгогчид бичлэгийн агуулга, зусардалтад дургүйцэхийн зэрэгцээ тэдгээр бичлэгийг задалсан, зарсан хувь хүмүүст ч зэвүүцсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тэд магадгүй, зөв бөгөөд шударга зүйлийг задалсан байж болох ч, ард түмэнд үнэлэгдэх эрхгүй. АН-ынхны хэлж байгаа шиг улсын баатар болох ямарч бололцоогүй. Яагаад гэвэл ард түмэн Түгжилд хэзээд дургүй байдаг. Зөв үйлийг зөв замаар хийж байж л үнэлэгдэнэ. Тэд үнэхээр шударга иргэний үүргээ биелүүлсэн юм бол тэдгээр бичлэгүүдээ өөр цаг хугацаанд, өөр газарт аваачиж өгөх ёстой байлаа. Задлах бичлэгээ шударга бус зүйл гэж үзэж байгаа бол түүнийгээ бариад Баянгол зочид буудал руу биш, цагдаа руу алхах ёстой байсан юм. Гэтэл сонгуулийн цаг хугацааг тааруулж, улстөрийн сонгуульд өрсөлдөж байгаа хоёр этгээдийн нэгд өрсөлдөгчийнх нь бичлэгийг аваачиж өгнө гэдэг бол ашгийн төлөө үйлдэл. Итгэл бол нэг удаагийн сонгуульд ялахаас, нэг удаа бөөн мөнгө авахаас хамаагүй чухал. Хэн нэгний итгэлийг алдана гэдэг бол хүн чанараа алдаж, гээж байгаагийн илрэл, эхлэл. Цаад хүн чинь чамайг “миний итгэлийг алдаж байна даа гэж бодож байж болно, бодит байдал дээр чи алдаагүй байх нь л чухал” гэж мэргэд сургасан байдаг даа.
Ер нь улс төрийн сонгууль иргэн бүрийн амьдралд тийм ч чухал биш, хүн сонгуульгүйгээр, албан туршаалгүйгээр амьдарч чадна. Харин итгэл бол хүн бүрт чухал. Итгэлээ алдсан хүмүүсийн дунд шударга өрсөлдөөн гарах бололцоогүй. Тийм учраас хүнээ, хүн чанараа гээж эхэлсэн нь энэ удаагийн сонгуулийн хамгийн муухай нь байв. Энэ бүхэн дахин давтагдаж болохгүй юм!!!
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн