Open iToim app
Анализ | 9 мин уншина

"Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал МАН-д сургамж болох ёстой болохоос хохирол болж тусах ёсгүй"

"Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал МАН-д сургамж болох ёстой болохоос хохирол болж тусах ёсгүй"
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 31
УИХ-ын гишүүн Н.Оюундарь бичиж байна. 

Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал хэрхэн доройтсоныг сонгогчдод тайлбарлаж, тухайн үеийн эрх баригч Ардчилсан намын алдсан алдаа, хариуцлагагүй улс төрийг шүүмжилж явсан нь ердөө жилийн өмнө билээ. Засгийн газар сэтгэл гарган ажтллавал нэг жил гэдэг эдийн засгийг сайжруулахад багаддаггүй юм байна гэдгийг харлаа. Төсвийн орлого, хөрөнгө оруулалтын гадаад дотоод нөхцлүүд сайжирч байна. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар боломжоороо ажиллаж байгаа ч Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улс төрийн нөхцөл байдал маш хурдан өөрчлөгджээ. УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр огцруулах гэсэн оролдлогууд өнгөрсөн сарын хугацаанд хэвлэл мэдээлэл сошиал ертөнцөөр дүүрлээ. Үүгээрээ эрх баригч намыг дотор нь хагалан бутаргаж, бие биенийх нь эсрэг турхирах, улмаар Засгийн газрыг огцруулах улс төр хүчтэй өрнөж байна. Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч зарчмын байр сууриа илэрхийлэх нь УИХ-ын гишүүний үүрэг гэж үзэж байгаа учраас хэвлэлийн хуудсаар дамжуулан олон нийт, намынхаа нэр бүхий журмын нөхдөдөө хандаж байна.
  • Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн үр дүнд суудал авсан улс төрийн нам дангаар буюу суудал авсан бусад намуудтай хамтарч байгуулдаг хуулийн зохицуулалттай. Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Засгийг газрыг байгуулдаггүй, харин ч эсрэгээрээ огцруулж, огцруулахад нь нөлөөлж ирсэн гашуун түүх бидэнд бий. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди гуай ялалт байгуулснаар улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, тухайн үед эрх барьж байсан Ардчилсан Холбоо Эвслийн Засгийн газар 3 удаа огцорч байсан. Үр дүнд нь 2000 оны Монгол улсын нийгэм эдийн засаг ямархуу байсныг сана. 1996-2000 оны хугацаанд хэдэн хүн сайдын тамга атгаж үзсэн билээ, тоогоо алдсан байх. Гурван сар болоод л огцордог, нэг жил болоод л огцордог, үүрэг гүйцэтгэгч нэртэй бүлэглэл засаг төрийг самарч байсан билээ. Өнөөдөр МАН-ын нэр бүхий улс төрчид өнөөгийн Засгийн газрыг огцруулбал бид тэр алдааг давтахад яг бэлэн байна. Хэрэв огцруулбал дараагийн Засгийн газрыг хэрхэн байгуулах юм, сөрөг хүчинтэй нийлэх үү, ямар гарц шийдэл байгаа юм сонсоё! Улс төр, нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах амлалт, үүрэгтэйгээр УИХ-д олонхи болсноо мартаж болохгүй гэдгийг хариуцлагатайгаар сануулмаар байна.
  • 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын дахин нэр дэвшсэн сонгуулийн дараа яг өнөөдрийнх шиг нөхцөл байдал бүрдсэнийг хэн хүнгүй санаж байгаа. Тухайн үеийн улс төрийн зөрчил, нөхцөл байдал даамжирсаар, Монголын улс төр дэх тулхтай, бүтэц зохион байгуулалтын хувьд Монгол улсын төрийн албыг хүний нөөцөөр бүрэн хангах боломжтой цорын ганц улс төрийн хүчин болсон МАН-аас МАХН гэх улс төрийн нам салан байгуулагдсанаар хоёр хуваагдаж, эв нэгдэл, шударга ёс эрх чөлөөг эрхэмлэдэг намынхаа гишүүдийг хүртэл хагалан бутаргасан билээ. Үүнээс хэн хожиж, хэн хохирсныг эргэн санацгаая. Монгол улсын төрийн албыг голлон бүрдүүлж байгаа эрх баригч улс төрийн хүчин хагарч бутрах нь улс нийгмийн амьдралд тэр болгон ашиг тусаа өгдөг билүү? МАН хоёр хуваагдсанаар олон нийтийн эрх ашиг хохирч, цаг үеийн шийдлээ хүлээж байсан олон асуудлууд гацаанд орж, хувийн хэвшлийнхэн цаг хугацаа алдаж, олон нийтийн амьдрал улам доройтсоор ирсэн нь бодит үнэн билээ. МАН-ыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар нэгэнтээ “Бидний улс эв саналаа нэгтгэн, нийтийн нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээн зүгээр нэг хэлсэн үг биш, үүний үг бүрийн цаана маш гүн гүнзгий агуулга, МАНай намын үнэт зүйл илэрхийлэгдэж байдаг билээ. Монгол улсын түүхийн бүхий л цаг үед эвтэй байхдаа хүчирхэг байсан эзэнт гүрний үр сад эвдэрч сарнихаараа болохоо байдгийг энэ цагийн өнгөн дээр батлаагүй гэж үү, та бид? Бага хаадын үе, Манжийн дарлалын үе, Олноо Өргөгдсөн 1911 он, Ардын Хувьсгалын 1921 он, Их Хэлмэгдүүлэлтийн үе, Ардчилсан хувьсгалаас хойшхи 25 жилийн түүхүүд гагцхүү эе эвдрэхээр гандан буурч, гадна дотныхны зууш болдгийг л харуулахгүй, нотлохгүй байна гэж үү?
  • МАНай улсын хамгийн олон гишүүд дэмжигчидтэй, хамгийн том хариуцлага хүлээх ёстой улс төрийн хүчин хагарч бутрахаар хэн хожих юм, ямар асуудал шийдэгдэх юм? Эв түнжингүй байдал, бүлэглэл хоорондын талцал хуваагдал, хувь улс төрчдийн эрээ цээргүй тоглолт, алсын хараагүй улс төр бидэнд юу авчирч болохыг сөрөг хүчин байхдаа хангалттай хараагүй гэж үү? Бид олон түмний итгэлийг хүлээж, Монгол улсын Засгийн газрыг байгуулах эрхийг авч байгуулсан болохоос биш Монгол Ардын Намын Засгийн газрыг байгуулаагүй билээ. Гэвч Монгол Ардын Нам өнөөдөр Монгол улсын төрийн байгуулалтын эд эс, ширхэг шивээс болон ажиллаж байна. Бид ганхах ёсгүй. Цаг хугацаа, дэлхийн улс орнууд биднийг хүлээхгүй. Бид ч хоцрох ёсгүй. Олон нийтийн өгсөн итгэлийг даасан шиг дааж, хариуцлагаа үүрсэн шиг үүрэх ёстой, өнөө маргаашгүй 2020 он болно гэдгийг санацгаая. Хариуцлага тооцох ёстой бол дотроо тооцъё, тохой булгаравч ханцуй дотроо, толгой хагаравч малгай дотроо гэдэг үгтэйсэн. Эрх барьж байгаа боловч бид Монгол улсад бүртгэлтэй 21 намын зөвхөн нэг нь л билээ. Дурын нэг улс төрийн нам Монголын төртэй хариуцлага тооцдог, огцруулдаг нураадаг байдлыг таслан зогсооё. Энэ нь өөрөө нийгэм системийн гажуудалд орсон, бидний бүрдүүлсэн тогтолцоо буруу байгааг илтгэн харуулж байна. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, намын үндсэн дүрэм, намын санхүүжилт, боловсон хүчний бодлогод зайлшгүй өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай гэдгийг л илтгэж байна.
  • Хэдийгээр УИХ-д олонхи болсон МАН-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар боловч Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу энэ бол Монгол Улсын Засгийн газар. Энэ Засгийн газар сонгогчдын өмнө авсан амлалт үүрэг биелүүлж, нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүрэгтэй, зорилготой ажиллаж байгаа засаг. Хэн нэгэн улс төрчийн таалалд нийцэх албагүй, тэдний өмнө амлалт аваагүй. Дахин дахин хэлье, толгой хагаравч малгай дотроо, тохой булгаравч ханцуй дотроо гэдэг үг бий. Намынхаа асуудлыг нам дотроо л ярилцая.
  • 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын 65 суудлыг авч, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 97.1 хувийн саналаар Засгийн газраа байгуулж байсан цаг саяхан. Ямар төр, ямар эдийн засаг, ямар нийгэм хүлээж авснаа эргээд нэг санацгаая. Засгийн газарт алдсан, оносон зүйл байгааг хүлээн зөвшөөрнө. Гэвч хавар тарьсан ногоог зундаа хураадаггүй билээ. Засгийн газрын хувьд намар болох болоогүй байна. Тэр намар 2020 онд ирэх учиртай. Бид УИХ-ын танхимд хүчтэй, тулхтай сөрөг хүчингүй ажиллаж байгаа ч эдийн засгийн өсөлтийг 5.1 хувьд хүргэсэн үзүүлэлттэй байна. Бид байгуулсан Засгийн газраа шахаж ажиллуулах ёстой ч, түүнээс чухал нь тогтвортой ажиллах нөхцлийг хангаж өгч, ажлынх нь үр дүнг үзэх ёстой. Бид тэр үр дүнг дараагийн сонгуулиар олон нийт сонгогчдод тайлагнаж дүнгээ тавиулна. Ийм л зарчимтай баймаар байна.
  • Сөрөг хүчнээс нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүний сонгуулийн компанит ажлын хар пиарын материалыг хууль хяналтынхны шийдвэрээс урьтаад намынхаа эсрэг сум болгож болохгүй. Хуулийн байгууллагын ажлыг улс төрийн нам булаацалдах ёсгүй. Энэ үзэгдэл бүр МАНай намыг яг хоёр хувааж байна. Засгийн газрыг огцруулах талд нэгдээгүй л бол 60 тэрбумынх гэж. Энэ тэгээд эрүүл үзэгдэл юмуу, өнгөрсөн сонгуулийн үеийн халуурал одоог хүртэл мартагдаагүй байна. Бид яагаад АН-ын алдаанаас суралцаж болдоггүй юм. Яагаад заавал өөрсдөө алдаж байж ухаарах ёстой гэж. Хуулийн асуудал тусдаа, улс төрийн асуудал тусдаа байгаасай. Намын асуудал тусдаа, улс орны асуудал тусдаа байгаасай. Үнэхээр хууль зөрчсөн бол хууль хяналтын байгууллага нь хариуцлагаа тооцдог, түүнд нь улс төрчид нөлөөлж, удирддаггүй байвал сайнсан. Эрх барьж байгаа бол барьсан шиг бариад, дараагийн сонгуулиар дүнгээ тавиулсан шиг тавиулах нь л бидэнд чухал байна.
  • Засгийн газарт хариуцлага тооцох эрх УИХ-д бий, харин УИХ-ын олонхи цөөнхийг бүрдүүлж байгаа улс төрийн намуудад хариуцлага тооцох эрх олон нийт, сонгогчдод л бий. Дэлхий нийт биднийг хүлээхгүй байна. Хөрш орнууд, бүс нутгийн орнууд хөгжлийн олон үзүүлэлтээр биднийг хол орхижээ. Биднийг тулга тойрсон улс төр ярьж, Засгийн газраа огцруулах гээд улайрч байх зуур тэд эрүүл мэнд, боловсрол, нэг хүнд ногдох ДНБ –ий хэмжээ нь бидний мөрөөдөж л болох түвшинд оччихлоо, хоорондоо хийж буй худалдааны эргэлтийн хэмжээ өсч харин бид хараад л хоцорлоо.
Улсын Их Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хуралд эмэгтэй гишүүд 17.1% буюу өмнөх парламентуудаас хамгийн их хувийг эзэлж байна. Эмэгтэй гишүүд олонтой учраас хариуцлага харьцангуй дээшилж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд эмэгтэйчүүдийн оролцоо, идэвхи, санаачлага өндөр байна. Тухайлбал, 2 парламентаар дамжин хэлэлцэгдсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Залуучуудын тухай хууль, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай зэрэг нийгэмд чиглэсэн олон хуулиудад анхаарлаа хандуулж дуу хоолойгоо хүргэсээр ирлээ. Эмэгтэйчүүд бид эртнээс эв эеийг хэлбэрэлтгүй хичээж, аливаа асуудалд уян хатан хандах суурь өгөгдөлтэй улс. Тиймдээ ч УИХ дахь эмэгтэй гишүүд эрх баригч хүчний нэгдмэл, эв эвийг хадгалах байр суурин дээр хэлбэрэлтгүй зогсож байгаа. Асуудлаа ярилцах, ойлголцох, шийдэх боломж хаалга үргэлж нээлттэй сануулаар ирсэн, дахин сануулахыг хүсч байна.
Засгийн Газрын тогтворгүй байдал нь гадаадын хөрөнгө оруулалт буурч, төрийн бодлогын залгамж шинж чанар алдагдах, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг сөрөг талтай. Гэвч нөгөө талаар хууль зөрчсөн, олон нийтийн эрх ашгийг огоорсон Засгийн Газрыг хамгаалах шаардлагагүй билээ. Хамгийн гол нь Засгийн Газрыг огцруулах асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу УИХ-ын бүрэн эрхийн мэдэлд байж, улс төрийн бүлэглэлүүдийн хуйвалдаан, хэсэг бүлэг улс төрчдийн албан тушаалын төлөөх ашиг сонирхлоос хамгаалагдаж байх ёстой. Хөгжил, хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт чухалчлагдаж байгаа өнөө үед улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн баталгаатай, тогтвортой орчин ус агаар шиг хэрэгтэй байна. 1992 оны Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Ерөнхий сайд П.Жасрайн болон, Ерөнхий сайд Н.Энхбаяр нарын тэргүүлсэн МАН дангаараа засаг бариж байсан ердөө хоёрхон Засгийн газар л бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллаж бусад нам, эвслүүдийн дангаараа болон хамтарсан Засгийн газрууд бүгд хугацаанаасаа өмнө огцорч байсан гашуун түүх бидэнд бий. МАНай нам дангаараа Засгийн газраа байгуулан ажиллах үедээ Засгийн газар тогтвортой ажилласан нь бид хамтын хүчээр, эв нэгдэлтэй ажиллаж чадаж байсныг харуулж байна. Гэтэл УИХуралд үнэмлэхүй олонхи болсон, Засгийн газраа дангаараа байгуулан ажиллах бүрэн боломжтой үедээ түүхэндээ анх удаа өөрсдийн байгуулсан Засгийн газрыг унагахаар улайрч байна. УИХ-ын 65 гишүүнтэй бүлэг маань Засгийн газартаа чөдөр болох бус ташуур болж явах учиртай юм. Өнөөдөр Монголын нийгэм төдийгүй гадаад ертөнц тэр чигээрээ МАН-ыг харж, ажиглаж байна. Тэд бидэнд итгэсэн, найдсан, Биднийг сонгосон, дэмжсэн гэтэл бид.
Засаг төр нь тогтвортой, хууль хяналтынхан нь шударга шулуун байвал гадна орчны Монгол улсын эдийн засагт нөлөөлөх хүчин зүйлүүд эерэг сайн байна. Уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна. Зэсийн үнэ л гэхэд сүүлийн 3 жилийн өсөлтийнхөө дээд хэмжээнд хүрээд байна. Энэ таатай боломжийг улс орны эдийн засагтаа ашигтайгаар ашиглахын төлөө, талцаж муудалгүй, эв эеийг сахиж ажиллахыг уриалж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг ардын сайхан үгээ санацгааж сайхан Монгол орноо хамтдаа мандуулцгаая.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн