Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

К.Елена: Өсвөр насныхан мансууруулах бодист, насанд хүрэгчид покерт донтох нь элбэг байна

К.Елена: Өсвөр насныхан мансууруулах бодист, насанд хүрэгчид покерт донтох нь элбэг байна
Нийтэлсэн 2017 оны 2 сарын 20
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн К.Еленатай ярилцлаа.
                                          -Мансууруулах бодис дотор эрхтэнд үхжил үүсгэдэг- 
-Архи, тамхинаас бусад төрлийн бодист донтогчдын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрсөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэчнээн хүн донтох эмгэгээр хэвтэн эмчлүүлсэн бэ?
-2016 онд зөвхөн архины донтолтын эмчилгээг 7400 гаруй хүн хийлгэсэн. Архи, тамхинаас бусад донтох эмгэгээр 40 гаруй хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Энэ нь 2014 оны эмчлүүлэгчдийн тоо хоёр жилийн дараа буюу 2016 онд гэхэд 30-40 хувиар өссөн байна.
-Тамхи, архинаас бусад гэдэгт нь хар тамхи, мансууруулах бодист донтсон хүмүүс гэж ойлгож болох уу?
-Ер нь тийм. “Би донтох эмгэг эсвэл аливаа нэг зүйлээс хамааралтай гэж байна, надад тусламж хэрэгтэй” гээд сайн дураараа ирдэг хүмүүс. Үүний цаана донтох эмгэгээ хүлээн зөвшөөрөөгүй хэрэглэгч олон байна. Сүүлийн үед мансууруулах бодисоос үүссэн донтох эмгэг нэмэгдэх хандлагатай байна. Марихуан, зэрлэг өвсөнд донтох үзэгдэл их байна. Мөн тариагаар хэрэглэдэг морфинд донтох эмгэг байна. Амжилтгүй хагалгааны дараа, хүнд гэмтлийн дараа, нойр булчирхайн үрэвслийн үед өвдөлтийн шоконд оруулахгүйн тулд хэрэглэдэг. Үүнээс болж морфины хараат байдалд орсон хүмүүс байна.
Монголд газар аваад буй мансууруулах бодисууд сэргээшийн төрлийнх байна. Байгалийн сэргээш гэсэн ойлголт байхгүй. Ямар нэгэн байдлаар химийн үйлдвэрт бүтээгдсэн, өндөр хор уршигтайд тооцогддог. Манай улсад өндөр хор уршигтай, эрүүл мэнд хохироодог нь тогтоогдчихсон бодисын бүлгүүдээс түлхүү оруулж ирэх хандлагатай байгаа. Сэргээш бодисуудыг хэрэглэснээр гаднаас эрч хүч авах биш, өөрийн биед байгаа эрч хүч, энергийн нөөц бололцоог богино хугацаанд гаргаж байгаа явдал. Байнгын хэрэглэж, дадал зуршил болгосноор тухайн хүн ёс суртахуунтай байх, өндөр цензуртэй бие хүн байх шалгуурыг алга болгоно.
-Хар тамхи, төрөл бүрийн мансууруулах бодисны донтох эмгэг үүссэнээр тухайн хүний сэтгэхүй, бие махбодид ямархуу өөрчлөлт гардаг юм бэ. Нөлөөлөл нь?
-Мансууруулах бодисын найрлагаас хамаарч нөлөөлөл нь өөр, өөр байдаг. Зарим бодисыг хэрэглэснээр гурав дахь удаагаа тариагаар хийсэн тохиолдолд донтолт үүсдэг. Зарим нь хэрэглэсэн цагаас эхлэн донтолт үүсгэж байна. Донтох эрсдэл нь мансууруулах хараат байдалд оруулдаг. Хар тамхи, мансууруулах бодис архи, тамхинаас ялгаатай нь сэтгэцийн хараат байдал үүсгэдэг. Мансууруулах бодис хэрэглэж дотор эрхтэн дээр үүссэн үхжилүүд элэг, бөөр, уушгины бүх цирроз, хатууралт өөрчлөлтүүдийг үүсгэдэг. Энэ нь эдгэрдэггүй. Насан туршдаа дотор эрхтний болон тархины үйл ажиллагааны дутмагшилтай амьдарна гэсэн үг.
-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд дэлгэцийн дон гэдэг эмгэг нэлээд тохиолдож байна. Мөн томчуудын хувьд покерт донтох үзэгдэл нэмэгдэж байна гэж сонссон. Энэ нь сэтгэцэд ямар байдлаар нөлөөлдөг дон бэ?
-Дэлгэцийн донг дэлхийн төвшнөөр авч үзвэл ганцхан хүүхдүүдэд тохиолддог эмгэг биш. Насанд хүргэгчдийн дунд дэлгэцийн дон элбэг тохиолдож байна. Дэлгэцийн донг дотор нь нэлээд хэд хуваадаг. Түүний нэг сошиал медиад донтох буюу нүүр ном, жиргээ, инстаграмаа ашиглан байнга сельфидэх, байнга пост хийх, өдөрт нүүр номынхоо зургийг 2-3 удаа солих нь эрүүл саруул хүнд байж болшгүй донтох эмгэг гэж үздэг. Өсвөр насныхны дунд интернэтийн тусламжтай тоглоомууд, насанд хүрэгчид покерт донтох эмгэг их болсон. Покерт донтож, мөрийнд нь гэр орноо зарж, үнэтэй зүйлсээ алдсан хүмүүс манайд хандан эмчлүүлж байна. Гэхдээ олон улсын төвшинд тоглоомын дон хүний сэтгэхүй, бие махбодид ямар нөлөө үзүүлдгийг хараахан нотолж чадаагүй байна. Хар тамхи, мансууруулах бодис нь хүний мэдрэлийн эсийн мэдээлэл солилцох хэсэгт очиж нөлөөлөх буюу шууд тархинд нөлөөлж донтох эмгэг үүсдэг. Харин тоглоомонд донтох үзэгдэл нь тархины аль нэг хэсэгт нөлөөлөх процесс явагдаж байгаа ч химийн ямар урвал явагдаж донтуулж байгааг дэлхийн нийт тайлаагүй. Механизмаар харвал мансууруулах бодистой нөлөөлөл нь төстэй. Тархины аль нэг хэсэгт нөлөөлж, донтуулж байна.
-Хар тамхи болон мансууруулах бодис нь хүнийг сэтгэцийн хараат байдалд оруулдаг гэлээ. Ер нь донтох эмгэгийг эмчлэх, мансууруулах бодисоос сэргийлэх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Байнга мансууруулах бодис хэрэглэж “унтахгүй”явсаар нэг өдөр хэрэглээ нь зогсоход тухайн хүн сэтгэл санааны гүн хямралд ордог. Гаднын ямар сэргээш хэрэглэж, зохиомлоор өөрийнхөө бие махбодийг тэтгэж, дээшээ тэмүүлсэн байдалтай байсан. Гэтэл бодисоо хэрэглэхээ больсноор сэтгэл санааг нь өөдрөг байлгах бүх нөөц бололцоо дуусч, мэдрэлийн эс хэвийн төвшиндөө ирэхэд сэтгэл гутралд орж, гаднаас нэмэлт бодис хэрэглэхийг шаарддаг. Сэргээш, тайвшруулах бодисыг хэрэглэсэн хүнд хийх эмчилгээний арга барил өөр, өөр байдаг. Донтолтын үе шатаасаа хамаарч сэтгэлзүйчээр дамжуулан өөрийгөө татаж авах, донтолтоосоо салах боломжтой. Эмчилгээнээс илүү урьдчилан сэргийлэх нь өртөг зардал багатай. Эмчилгээ бол маш өндөр зардалтай, эдгэрлийн хувьд тийм ч сайн биш, бүрэн эдгэрэх боломжгүй гэж тооцогддог.
Жирийн үед серотонин, дофамин бодис мэдрэлийн эсийн завсарт ялгарснаар таатай өөртөө итгэлтэй, тайван амгалан байдаг. Нөөцгүй болбол мөн л тайван биш байдалд ордог. Ажил бүтэхгүй, сэтгэл санааны бууралтад өртдөг. Энэ үед сэтгэл засах, серотониныг тархинд их ялгаруулахын тулд зайрмаг, шоколад идэж болно. Мөн дуртай зүйлээ хийх, эрүүл цэвэр агаар алхаж болно.
-Хар тамхи, мансууруулах бодис хүний зан авирт хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Архи болон мансууруулах бодисонд донтсон хүмүүсийн авир ихэнхдээ шарталтын үед өөрчлөгддөг. Шартаагүй тохиолдолд жирийн үе шигээ явах нь элбэг. Зэрлэг өвс, хар өвс зэрэг мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг ажиглахад солиоролд хүргэдэг.
-Донтох эмгэгийг эмчилсний дараа дахин донтох эрсдэл хэр байдаг вэ?
-Донтох эмгэгийг эмчлэх нь тийм ч амархан шийдэгдэх асуудал биш. Яагаад гэвэл хүний тархины тодорхой хэсэгт өөрчлөлт гардаг учраас хэвийн байдалдаа орох нь харьцангуй удаан. Хэзээ нэгэн цагт донтсон химийн бодисоо хэрэглэвэл дахин донтох эмгэг үүсдэг. Аливаа донтох эмгэг дахилт зайлшгүй байдаг. Өөрөөр хэлбэл, архины эмчилгээ хийлгэж байгаад жилийн дараа дахин архи хэрэглэвэл жирийн тохиолдол гэж үзнэ. Донтох эмгэгийн эмгэг чанар нь тэр. Харин дахилттай тэмцэхийн ар гэрийнхэн нь бэлтгэлтэй, дахих бүрт эргээд зөв замд нь оруулж чадвал урт хугацаандаа хэрэглээнээсээ татгалзаж, эрүүл амьдралын хэв маягаа олдог. Тэгэхээр тууштай, сэтгэлийн тэнхээтэй байж донтох эмгэгийг эмчилнэ. Донтох процесс удаан хугацаанд явагддаг шиг гарахдаа ч тийм хугацааг зарцуулна. Тархины голомтод байгаа мэдрэлийн эсүүдийн өөрчлөлтийг эргээд хэвийн байдал оруулж, унтуулдаг. Түүнээс бүрмөсөн тархинаас нь салгаад авчихаж байгаа зүйл огт биш. Тиймээс ийм байдалд орохгүйн тулд эхнээсээ янз бүрийн донтох бодис хэрэглэхгүй байх хэрэгтэй.
-Бага болон өсвөр насны хүүхдүүдийг мансууруулах бодисоос сэргийлэхийн тулд эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эцэг эхчүүд хүүхдээ хаана явж байгаа, ялангуяа өсвөр насны хүүхдүүд цагаа хэрхэн өнгөрүүлж байгаа, хүүхэддээ хэрхэн анхаарал хандуулж байгаа, хүүхдээ халамж, хайрлаж чадаж байгаагаа эргээд бодоорой. Хүүхэддээ сайхан хувцас авч өгөөд, гайгүй сургуульд явуулснаар хэрэгцээ хангагдахгүй. Хүүхэд хэрэгцээнээс илүү хайр халамжийг хүсдэг. Хүүхэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хүсдэг учраас эцэг эхчүүд үүнд илүү анхаарах хэрэгтэй. Зарим эцэг, эх мөнгөний төлөө явсаар хүүхдээ мартдаг. Гэтэл эцэг, эх хүүхдээ анхаарал халамж тавьж тухайн хүүхэд өөрт тохиолдсон зүйлээ эцэг, эхдээ ярьдаг. Ярихгүй нууж эхлэх нь донтох эмгэгт нөлөөлөх хүчин зүйл болдог. Хүүхэд худлаа хэлэх, үгэнд орохгүй явсаар РС тогтоомонд донтох, цаашлаад мансууруулах бодис хэрэглэх нь элбэг байна. Таны хүүхэд мансууруулах бодис хэрэглэх үү, үгүй юү гэдэг цэвэр эцэг, эхчүүдээс шалтгаална гэдгийг бодох хэрэгтэй.
-Хаврын улиралд хүмүүсийн сэтгэхүйд өөрчлөлт орж, хямрах тохиолдол их гардаг. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Сэтгэцийн эмгэг хавар болон намар илүү сэдэрдэг. Сэтгэцэд идэвхжлийн нөлөө гэж байдаг. Урин дулаан болохоор хүний сэтгэл санаа өөдрөг сайхан болдог. Сэтгэл санаа ямар байгаагаа тухайн хүн өөрөө сайтар хянах хэрэгтэй. Таагүй мэдээ дуулж, сэтгэл санаа таагүй байдалд ороход өөрийгөө тайвшруулж чаддаг байх ёстой. Хүн үргэлж өнөөдрөөрөө байхгүй, хэзээ нэгэн цагт сайхан болно гэдгийг санах хэрэгтэй. Сэтгэл заслын өөрийгөө тайвшруулах аргыг хэрэглэх хэрэгтэй. Амьсгалаа зөв авах, бясалгалд явах, дасгал хийж болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн