Европын холбоо өөрийн түүхэн дэх эргэлтийн үе дээрээ 60 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тодруулбал, Европын холбооны үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой өнгөрсөн бямба гаригт тохиосон бөгөөд Их Британи энэ долоо хоногт Европын холбооноос салан тусгаарлах үйл явцаа албан ёсоор эхлүүлэх юм.
Европын холбооны 60 жилийн ойн баярын хурлын үеэр, Европын комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер "Их Бриатни холбооноос салан тусгаарлахаар болсон нь эмгэнэлт явдал" хэмээн нэрлэсэн байна. Түүнчлэн Европын Холбооны зөвлөлийн тэргүүн Дональд Туск “Европын холбооны амьд үлдэх цорын ганц арга зам нь эв нэгдэлтэй байх явдал” гэдгийг хэлжээ. Өөрөөр хэлбэл, Европын холбоо цаашид оршин тогтнох, эсэх нь гишүүн орнуудын эв нэгдлээс шалтгаалах бөгөөд үүний тулд юу хийх шаардлагатай байгааг удирдагчид ярилцсан байна.
Европын холбооны удирдлагууд сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хэд хэдэн гишүүн оронд санхүүгийн хямрал нүүрлэж, үүнтэй холбоотойгоор дорвитой арга хэмжээ авч чадаагүй нь холбоонд итгэх гишүүдийн итгэл багасч, улмаар энэ нь Их Британи салан тусгаарлах гол шалтгаан болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тухайлбал, Италийн Ерөнхий сайд Паоло Гентилони сүүлийн арван жилийн хугацаанд Европын холбооны хөгжил зогсонги байдалтай байсныг сануулжээ. Тэрээр “Харамсалтай нь, сүүлийн арван жилийн хугацаанд холбооны хөгжил зогссон. Энэ нь хямрал бий болгож, зарим улс гишүүнчлэлээсээ татгалзахад хүргэсэн” гээд “Тийм ээ, бид асуудалтай байгаа нь үнэн. Бидний өмнө том бэрхшээл, сорилт тулгараад байгаа нь ч үнэн. Гэхдээ бид үүнийг хамтдаа зогсоож, хамтдаа урагшлах болно” гэжээ. Их Британи Европын холбооноос гарах болсон нь бүхнийг засч, сайжруулан шинээр эхлэх болсон гэдэг анхааруулга болсон гэдгийг хэлээд хамтдаа эв нэгдэлтэйгээр урагшлах нь зөв гэдгийг хэлжээ.
Үүнээс гадна, нэг жарны өмнө байгуулагдаж, оршин тогтнож буй Европын холбоо энэ хугацаанд маш олон алдаа гаргасан тул дуусгаагүй ажлаа дуусгах цаг нь ирсэн гэдгийн Ангела Меркель анхааруулсан байна. Тэрээр "Бид гадаад хилийг нээхдээ түүнийг бэхжүүлэх талаар бодож байгаагүй. Нэгдсэн валютын системтэй болохдоо бид хямралд бэлэн бус байсан. Гэхдээ энэ бүхнийг бид банкны холбоо болон тогтвортой байдлын механизмын хүрээнд засч залруулах болно” гэжээ. Мөн тэрээр Европын холбоо дутуу орхисон зүйлсээ засч залруулах боломж байгаа гэдгийг хэлсэн байна. Мөн Европын холбоо цагаачлалын асуудал дээр нэгдсэн байр суурьтай болох, ард түмэн эх орноосоо дүрвэхгүй байх нөхцлийг хангах, Сирийн хямралыг шийдвэрлэх зэрэг асуудалд бүх улс орон сайн дураараар оролцох хэрэгтэй гэдгийг тэрээр онцолжээ.
Хуралдааны эцэст, Европын холбооны 27 гишүүн орны удирдагчид Ромын шинэ тунхаглалыг үзэглэжээ. Энэхүү тунхаглалд "Европын эв нэгдэл нь зоригтой, алсыг харсан хүчин чармайлт юм" хэмээн тэмдэглэжээ.
1957 оны гуравдугаар сарын 25-нд Бельги, Итали, Люксембург, Нидерланд, Герман болон Франц зэрэг улс орнууд Европын холбоо байгуулах Римийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг ч, энэ гэрээ устаж алга болжээ. Учир нь, тухайн үед Европын холбоог байгуулсны баярын ёслолын ажиллагаа болсон ордны үйлчлэгч санамсаргүйгээр тус гэрээг хаясан гэсэн түүх байдаг аж.
Европын холбоо хүүхдийг 18 нас хүрэхэд нь 407 евро буюу 456 ам.долларын тэтгэлэг олгох талаар хэлэлцэхээр болжээ. Гэхдээ энэ нь бэлэн мөнгөөр тараах тэтгэмж биш бөгөөд хүүхдийг 18 нас хүрэнгүүт нь Европ тивийн улсууд руу нэг сарын турш галт тэргээр аялах эрхийн бичиг юм. Өөрөөр хэлбэл, Европын холбооны орнуудын хүүхдүүд 18 нас хүрээд холбооны улсууд руу галт тэргээр аялж, танилцах аяллын тэтгэмж авдаг болох юм.
Европын холбооны тээврийн газраас парламентдаа хүүхдүүдийг хүсэл тэмүүллээ олох, зуны амралтаа үр дүнтэй өнгөрөөх, холбооны улсуудын талаар илүү өргөн мэдлэгтэй болох, цаашлаад бие даан амьдрах арга барилд сургах зорилгоор ийм хөтөлбөр хэрэгжүүлэхээр санаачилснаа танилцуулаад байгаа юм.
Хэрэв энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл, Европын холбооны гишүүн орны хүүхдүүд Афинаас Хельсинки, Абердинаас Лиссабон зэрэг өөрийн хүссэн маршрутаар нэг сарын турш холбооны улсуудын 30 том хот руу 456 ам.долларын үнийн дүнд багтаан галт тэргээр аялах боломжтой юм байна.
Европын холбоо улс төрийн хямралтай байгаа энэ үед Европын холбооноос залууст холбооны давуу талыг сурталчлах, Европын холбоог задруулахгүй авч үлдэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь энэ юм. Өөрөөр хэлбэл, энэ нь Европын холбоог авч үлдэх, аврах төлөвлөгөөний нэг хэсэг болж байна.
Их Британийн парламент энэ сарын 13-нд Лисабоны гэрээний 50 дугаар зүйлийн дагуу салан тусгаарлах үйл явцыг эхлүүлэх зөвшөөрлийг олгоод байгаа юм. Энэхүү зөвшөөрлийн дагуу Их Британи Европын холбооноос гарах үйл явцыг энэ долоо хоногт албан ёсоор эхлүүлэхээр болж байгаа юм. Ингэснээр Их Британийг Европын холбооноос сайн нөхцөлтэйгөөр гаргахаас гадна Шотландыг Их Британиас салан тусгаарлуулахгүй байх сорилт Ерөнхий сайд Тереза Мэйд тулгарч байна.
Их Британи 2015 оны сүүлээр Европын холбоонд хандан гишүүн орнууд өөрсдийн мөнгөн тэмдэгтээ ашиглах, цагаачдын асуудлыг улс бүр бие даан шийдэх эрхийг нээж өгөх, холбооны улсуудын өрсөлдөх чадварыг сайжруулах, гишүүн орнуудын парламентын танхимуудын нөлөөг холбооны парламентад нэмэгдүүлэх гэсэн шинэчлэлүүдийг хийх санал тавьсан юм. Өөрөөр хэлбэл, Их Британийн зүгээс өрсөлдөх чадвар, бүрэн эрхт байдал, нийгмийн бодлого болон эдийн засгийн удирдлага гэсэн дөрвөн салбарт шаардлага тавьж, энэ шаардлагыг нь хүлээн авсан тохиолдолд Европын холбоонд үлдэх болзол тавьж байсан юм.
Өөрөөр хэлбэл, эдгээр нь Европын холбоо бүрэн бүтэн үлдэхийн тулд зайлшгүй хийх ёстой алхмууд, мөн ирээдүйн тухай асуудал болж байгаа юм.
Эдийн засгийн удирдлага: Европын холбооны гишүүн найман улсын адил Их Британи евро бүсэд оролгүйгээр, фунт стерлингээ хэвээр үлдээхийг хүсч байгаа юм. Их Британи Европын холбоонд үлдэх шаардлагадаа санхүүгийн хувьд нэгдэхийг евро бүсийн бус орнуудад албадахгүй гэдэг амлалтыг хүсч байсан юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хувьд нэгдмэл байх нь, нэг гишүүн оронд хүндрэл үүсэхэд түүнийг дагаад бүхлээрээ хямрах байдал бий болдог тул эдийн засгийн удирдлагыг дахин бодолцох шаардлага тулгарч байна. Үүнээс гадна евро бүсийн тусламжийн багцад гишүүн орнууд, ялангуяа томоохон эдийн засагтай улсууд хүнд ачаа үүрч байгаа нь Европын холбооны эв нэгдэл, цаашдын оршин тогтнох асуудалд том бэрхшээл авчирч байгаа юм.
Өрсөлдөх чадвар: Европын холбооны хүнд суртлыг Их Британийн Консерватив нам удаан хугацаанд буруутгаж байгаа юм. Тус нам хэт их дүрэм журам, ялангуяа, бизнес эрхлэхэд хамаатай журмыг багасгах зорилт тавьж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг шаардаж байсан юм. Европын улс төрийн тэнцвэрт байдал нь нээлттэй, чөлөөт худалдаа бүхий зах зээлээс илүү хүнд сурталтай, төвлөрсөн систем рүү чиглэж байгааг дан ганц Их Британи ч биш олон улсын шинжээчид сануулсаар байгаа юм. Европын холбооны улс орнууд АНУ, Хятад, Япон, Энэтхэгтэй харьцуулбал өрсөлдөөний хувьд хамаагүй сул нөхцөл байдалтай байгаа юм. Харин Их Британийн хувьд урт хугацааны эдийн засгийн үр нөлөө нь буурч, эдийн засаг нь хүндэрсээр байгаа юм. Тиймээс Европын холбоог бүх талаараа түшихгүй л бол дэлхийн санхүүгийн төв гэгддэг Лондон тун удахгүй анхаарлаас гарч, байр сууриа алдах юм. Тиймээс Европын холбооноос салан тусгаарлах гэж байгаа Их Британи, 27 орны гишүүнчлэлтэй үлдэж байгаа Европын холбооны ирээдүйн тухай асуудал нь яах аргагүй өрсөлдөх чадварын тухай ойлголт болж байна.
Нийгмийн бодлого буюу цагаачлал: Нийгмийн халамж, тэтгэмжийг багасгах замаар Европын холбооны орнуудаас Их Британид шилжин суурьшигчдын тоог бууруулахыг Их Британи зорьж байсан юм. Энэ хүрээнд Европын холбооны орнуудаас ирсэн цагаачдад ирснээс нь хойшхи эхний дөрвөн жилд нийгмийн тэтгэмж олгохгүй байх эрхийг Их Британид олгохыг шаардаж байв. Өөрөөр хэлбэл Европын бусад орны иргэд Их Британид оршин суух эхний гурван сарын хугацаанд тэтгэмж авахгүй, мөн эрхэлсэн тодорхой ажилгүй бол эхний зургаан сар Их Британи ямар ч тэтгэвэр, тэтгэмж олгохгүй байх заалтуудыг Европын холбоотой байгуулсан гэрээндээ нэмэхийг хүссэн. Энэ хүсэлт хамгийн их асуудал үүсгэж буй бөгөөд Европын холбооны гол зарчмуудын нэг болох ажиллах хүчний чөлөөтэй шилжилт хөдөлгөөнд нөлөөлж магадгүй хэмээн тус холбооны гишүүн орнуудын удирдагчид үзэж байсан билээ. Тиймээс цаашид цагаачдын бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм.