“Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалко” хоёрын дунд байгуулсан гэрээний дагуу урьдчилж зээлсэн 350 сая ам.долларын өрийг Монгол Улс гуравдугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ өр төлсөн ч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн “Чалко”-той хийсэн гэрээ дуусаагүй.
Гэрээний утгыг товч сийрүүлбэл, манай улс “Чалко” компаниас 350 сая доллар зээлсэн. Түүнийгээ 2012 онд МАН, АН-ын сонгуулийн амлалт болгож иргэддээ 21 мянгаар бэлнээр тараагаад дууссан. Хариуд нь, бид “Чалко”-д 350 сая ам.долларын өрөө зургаан жил нүүрсээр төлж барагдуулж дууслаа. Үүнээс гадна хамгийн хортой нь Тавантолгойн ордын нөөцийн ихэнх нь байх Зүүн Цанхийн нүүрсний 80-60 хувийг 10 жилийн туршид зөвхөн “Чалко”-д нийлүүлэх үүргийг гэрээр Монгол Улс хүлээж буй.
Гуравдугаар сарын 30-ны өдөр “Эрдэнэс-Тавантолгой” компани “Чалко”-гоос урьдчилж авсан өрөө төлж дууссаныг зарлах үеэр дараагийн таван жилд Зүүн Цанхиас нийлүүлэх нүүрсний үнийг хоёр тал тохиролцоно гэж гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдэгдэж байсан юм. Гэвч гуравдугаар сарын 31-нээс эхлэн хоёр тал нүүрс нийлүүлэх үнээ тохирч чадалгүй олборлолтоо 5 хоног зогсоож, удалгүй хуучин үнээр нүүрсээ нийлүүлж эхэлсэн. Ингэхдээ хоёр тал тавдугаар сар хүртэл өнгөрсөн нэгдүгээр улиралд тогтоосон үнийн жишиг буюу тонн нүүрсээ 57 ам.доллараар борлуулахаар тохирсон гэдгийг "Эрдэнэс-Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Мөн тэрээр "энэ долоо хоногт Засгийн газраас үнийн асуудлыг хэлэлцэхээр томоохон бүрэлдэхүүн ажиллаж эхэлнэ” гэдгийг онцолжээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс Зүүн Цанхиас нийлүүлж байгаа нүүрсний үнийг Баруун Цанхиасаа хямд өгөхгүй гэдгээ худалдан авагч талдаа илэрхийлсэн ч саналыг хүлээн авахгүй, тохиролцоонд хүрч чадахгүй байгаа бололтой.