Open iToim app
Чөлөөт цаг | 5 мин уншина

​Г.Дөлгөөн: "Одоо" гэдэг нь алдагдсан боломжоо нөхөх цаг хугацаа юм

​Г.Дөлгөөн: "Одоо" гэдэг нь алдагдсан боломжоо нөхөх цаг хугацаа юм
Нийтэлсэн 2017 оны 9 сарын 23
Залуучуудад оюуны хөрөнгө оруулах зорилготойгоор зохион байгуулагддаг TEDx-ийн энэ удаагийн илтгэлд тавигдсан зарим хэсгээс хүргэж байна.
Бидний онцолсон эхний илтгэгч бол Ганбатын Дөлгөөн юм. Тэрээр Польш улсын Варшавын Эдийн засгийн их сургуулийн бакалавр болон мастерын зэрэгтэй бөгөөд одоогоор ДЭЛХИЙН БАНКНЫ "Экспортыг дэмжих төсөл"-ийн зөвлөхөөр ажиллаж байна. Илтгэгч Дөлгөөн нь эдийн засагт гарч ирж байгаа шинэлэг нэгэн нэршил болох “эдийн засгийн иргэншил” болон яагаад хүн бүхэнд эдийн засгийн мэдлэг хэрэгтэй тухай ярьсныг хүргэж байна.
Тэрээр "Өнөөдөр манай улсад 15-34 насны залуучууд нийт хүн амын 34.6 хувь буюу гуравны нэгийг эзэлж байна. Энэ нь залуучуудын нийгэмд гаргах шийдвэр ямар чухал болохыг харуулсан тоо юм. Манай улсын нийгэмд өрнөж буй олон саад бэрхшээл, асуудлууд бий хэдий ч эдгээрийн эцсийн зангилаа нь эдийн засгаар л тайлагддаг гэхэд хилсдэхгүй.
Тиймд залуучуудын хувьд урсгалаараа л яваад байлгүй, эдийн засгийн тал дээр нэгийг бодож хоёрыг тунгаах цаг нь болсон. Эдийн засаг гэхээр л айгаад, сүрдээд яваад байх шаардлагагүй гэдгийг би энэ илтгэлээрээ онцолмоор байна. Чиний өнөөдөр мөнгөө яаж зарцуулж байна гэдэг чинь л эдийн засаг. Ганц надаас болоод улс орны эдийн засагт асуудал үүснэ гэж байхгүй гэж бодож байвал буруу бодож байна. Ганц хүний амьдралдаа гаргаж буй шийдвэр улс орны эдийн засагт нөлөөлж байдаг гол тулгуур гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн асуудлыг шийдэхгүйгээр улс орон цаашдаа хөгжиж дэвшинэ гэсэн ойлголт ч огт байхгүй. Тиймээс хүн болгон санхүүгийн мэдлэгийг өөртөө тодорхой хэмжээнд авч байх зохистой. Тэгвэл яаж эдийн засгийн ойлголттой иргэн байх вэ. Ингэхдээ санхүүгийн мэдлэгтэй болъё гэсэн хүсэлтэй байгаад ямар ч хамаагүй аргаар суралцах, өөрт байгаа санхүүгийн мэдлэгээ бусдад түгээдэг, бас оролцдог байх гэсэн гурван зүйлийг л хэрэгжүүлэхэд болно.
Дараагийн нэг хэлэхийг хүссэн зүйл бол “одоо” гэх үгийг үйлдэл болгоод амьдраасай. Бодсон зүйлээ “одоо болтол” хийгээгүй бол тэр чинь алдагдсан боломж гэсэн үг. Манай улс төр, эдийн засгийн процесс яг л алдагдсан боломжоор дүүрсэн юм шиг болчихсон. Өөрөөр хэлбэл бид аливаа юмнаас хоцроод л байх юм бол боломжоо алдаад л байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засагт нөлөөлөх бас нэг нөлөөлөл нь юмыг маргааш гэж хойш тавилгүй “одоо” гэсэн сэтгэлгээн дор өөрийгөө захирч байх явдал" хэмээн хэллээ.
Дараагийн  илтгэгч бол Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр төгсөж, Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистраа хамгаалсан, Eden Design компанийн үүсгэн байгуулагч Ц.Энхжин юм. Тэрбээр тун удахгүй эх орноо төлөөлөн дэлхийн миссд өрсөлдөхөөр бэлдэж байгаа нэгэн. Тэрээр энэ удаагийн TEDx-ийн илтгэлд “интерьер дизайн, хүрээлэн буй орчин хүний далд ухамсарт үлдэн ирээдүйн гаргах шийдвэрvvдэд нөлөөлдөг” талаар илтгэлээ хуваалцсаныг хүргэж байна.
"Бидний юу харж, сонсож, уншиж, үзэж байгаа нь бидний далд ухамсарт хадгалагдан үлдэж, бидний ирээдүйд гаргах шийдвэрт үргэлж нөлөөлж байдаг. Тэр утгаараа миний гаргасан дизайн дээр миний ухамсарт хадгалагдсан зүйлүүд л нөлөөлсөн гэсэн үг.
Хүн гэр орондоо гаргадаг жижиг ослууд болох хуруугаа шархдуулах, эсвэл аль нэг тавилгынхаа буланд хөл, гараа цохих гэх мэт жижиг ослууд нь тухайн хүний болгоомжгүй байдлаас болсон гэж боддог. Үнэндээ энэ нь гэрийн буруу гаргасан интерьер дизайн нөлөөлж буй хэрэг юм. Хэрвээ хүн өөрөө дизайныхаа шийдлийг зөв гаргаж, зохицуулснаар гэртээ илүү амар тайван байж чадах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. Жишээ нь хананы хэмжээнээс нь хэтэрсэн урт тавилга, бүдэг гэрэл, эд хогшлын зохицохгүй өнгө зэргээс шалтгаалан гэртээ стресстэх, таагүй нөхцөл уур амьсгал бүрдэх, гэртээ ажил хийхээс залхуу нь хүрэх, тав тухгүй болох гэх мэт сөрөг үр дагавруудыг бий болгодог. Мөн гэрээ цэвэрлээд л байхад, буцаж хөглөрөөд байдаг асуудал хүртэл анхнаас нь гэрийн дизайнаа эхнээс нь эмх цэгцтэй, зөв байлгаж чадаагүйтэй холбоотой. Чадахгүй байгаагийн учир нь тухайн хүний далд ухамсарт хадгалагдсан зүйлээс шалтгаалж байдаг болохоор тэр юм. Тиймд аль болох илүү сайхан, гэрэл гэгээтэй, эмх цэгцтэй зүйлийг харж, уншиж, сонсож далд ухамсартаа суулгах хэрэгтэй гэсэн үг. Төгсгөлд нь хэлэхэд “бид эргэн тойрон дэх хүрээлэн буй орчноо өөрсдөө бий болгодог, харин эргээд хүрээлэн буй орчин нь биднийг бий болгож байдаг” гэж илтгэлдээ хэлсэн юм.
 АНУ-ын Калифорни мужийн Их сургуулийн Бизнесийн сургуулийг Хөрөнгө оруулалтын чиглэлээр дүүргэж, Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын гараагаа эхлүүлсэн. Харин одоо санхүү, эдийн засгийн Bloomberg Mongolia телевизийн “Бизнесийн хэмнэл” хөтөлбөрийн хөтлөгч, ‘Бело хоризонт’ компанийн захирал М.Дэлгэрмаа юм. TEDx-ийн илтгэлийн тайзнаа тэрээр “Санхүүгийн мэдлэг нь санхүүгийн боловсролоос ялгаатай” сэдвээр залуучууддаа оюуны хөрөнгө оруулалт хийсэн илтгэлээс нь онцолж байна.
Намайг та нар харахдаа блүүмберг телевизэд ажилладаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр их сургуулиа дүүргэсэн болохоор ч тэр үү хаана л ашигтай хөрөнгө оруулалт байна бүгдийг мэдээд авчихсан тодорхой хэмжээнд өөрийнхөө санхүүг аль хэдийн төвхнүүлчихсэн хүн гэж бодож магадгүй. Гэхдээ бодит байдал дээр огтхон ч тийм биш. Би өөрийнхөө санхүүг удирдах тал дээр одоо хүртэл суралцаад явж байна. Магадгүй энэ насан туршид суралцах зүйл юм шиг байна.
Тэгэхээр санхүүгийн мэдлэгтэй байх, мэдлэгээ өөртөө ашигтайгаар ашиглах гэдэг өөр ойлголт байдаг. Амьдрал дээрх энгийн жишээ гэхэд оюутнууд өөрсдийн гэсэн хангалттай орлогогүй байж хичээлээ тараад найзуудтайгаа 6500 төгрөгөөр кофе шоп орж latte авч уух шаардлагатай юу, миний хувьд шаардлагагүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл та бүхэн сонголттойгоор худалдан авалт хийж буй зүйлсээ үнэхээр шаардлагатай эсэхийг нь бодох хэрэгтэй. Ингэж зөв шийдвэр гаргаснаар таны санхүүгийн байдал сайн байх уу, муу байх уу гэдэг шалтгаална.
Одоогийн залуучуудын дунд миний ажигласнаар нэг хандлага байгаа нь бүгд баяжна гэсэн хандлага. Мэдээж санхүүгийн тал дээр мөрөөдөж болно. Мөрөөдлөө бодитой болгохын тулд дараах зарчмыг баримтлах хэрэгтэй гэдгийг өөрийнхөө туршлагаас хуваалцаж байна. Үүнд,
-Хүн олсноороо биш олсныгоо зөв зарцуулснаараа баяждаг. /Сарынхаа нийт орлогынхоо 50 хувийг хэрэгцээндээ зарцуулан. Харин 20 хувиа шууд хадгална. 30-г нь хэрэгцээндээ зарцуулна/
-Тодорхой хэмжээгээр мөнгийг хөдөлгөж байж хөрөнгө оруулалт болдог. /монгол улсын хувьд зарим улс орнуудтай харьцуулахад банкууд нь өндөр хүүтэй байдаг. Эсвэл хөрөнгийн бирж дээр арилжаалж болно/
-Бие биеэсээ зээлэхгүй, өр тавихгүй байх /өрийн тойрогт орохгүй байхыг шийдэх /
Бас нэг хэлэхийг хүссэн нэг зүйл маань заавал баяжих гээд санхүүгийн сахилга баттай болно гэсэн ойлголт биш. Санхүүгийн сахилга баттай болсноор хүний итгэл даах чадвартай болж байгааг давхар илэрхийлдэг. Тиймээс амьдралд чинь ирж байгаа боломж бүрийг атгаад авдаг хүн байгаасай гэж хүсье. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн