Open iToim app
Улс төр | 10 мин уншина

Дээд шүүх Өршөөлийн хуулийг хэрэглэхээс түдгэлзэж Цэцэд ийм хүсэлт явуулжээ

Дээд шүүх Өршөөлийн хуулийг хэрэглэхээс түдгэлзэж Цэцэд ийм хүсэлт явуулжээ
Нийтэлсэн 2015 оны 9 сарын 28
Дээд шүүхийн Эрүгийн танхимын хуралдаанаас Өршөөлийн хуулийг Үндсэн хууль, зарим олон улсын конвенцыг зөрчсөн байна гэж хэрэглэхээс татгалзаж, шийдүүлэхээр Цэцэд ханджээ. Дээд шүүхээс Цэцэд дараахь хүсэлт, тогтоолыг явуулсан байна. Үүнд:
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй талаар Үндсэн Хуулийн Цэцэд хүсэлт гаргах тухай 
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Ц.Бурмаа,өмгөөлөгч Ж.Гантулга, нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 545 дугаар магадлалтай, 2014250006431 дугаартай Б.Ганбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгч Ж.Гантулгын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 25 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хатан Туул овогт Бямбын Ганбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурч мэхлэх аргаар авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Б.Ганбаатарыг урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Б.Ганбаатараас 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 7 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ганбаатараас 10,000,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Лхагвацэрэнд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Ганбаатар түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Ч.Хосбаярын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа, ялтны өмгөөлөгч Ж.Гантулга нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ялтан Б.Ганбаатар нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай /цаашид Өршөөл үзүүлэх тухай гэх/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад хамрагдах эсэх асуудлыг шийдвэрлэх явцад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.3, 10.6, 10.7 дахь хэсэгт заасан заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.”, 2 дахь хэсэгт заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14/ дэх заалтад заасан “...өөрийн... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,...шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг...хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...”,Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2 дахь хэсэгт заасан “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэсэн заалттай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.3, 10.6, 10.7 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14/ дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчсөн талаар:
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс ...чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нь өөрөөр хэлбэл тухайн гэмт хэрэг гарсан эсэх, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид ямар хохирол учирсан, уг гэмт хэрэгт тухайн хүн гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй байхад Өршөөл үзүүлэх тухай хуулийн “...хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.”, “...өршөөлд хамааруулах үндэслэлийг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын хяналтын болон шүүхийн шатанд тус тус шалган тогтоосон байна.”, “...хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагад шалгагдаж байгаа хэргийг прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, ...хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, “...хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.3, 10.6, 10.7 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 14/ дэх заалтад заасан “...өөрийн ... эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,...шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардахыг...хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2 дахь хэсэгт заасан “...шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэсэн заалттай нийцээгүй байна.
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн талаар:
Шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.” гэж тодорхойлжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 5.1, 9.1-д зааснаас бусад гэмт хэрэг өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах 16 жилээс 20 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах”, 16 жилээс 25 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 821 дүгээр зүйлийн 821.2 дахь хэсэгт заасан “Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах”, Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэгт хамаарах 10 жилээс 15 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасан “Хүнийг барьцаалах”, Аж ахуйн эсрэг гэмт хэрэгт хамаарах 10 жилээс 15 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах”, Нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт хамаарах 10 жилээс 15 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан “Зандалчлах”, 11 жилээс 20 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 180 дугаар зүйлд заасан “Уулгалан довтлох”, 10 жилээс 15 жил, 15 жилээс 20 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.2, 182.3 дахь хэсэгт заасан “Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, байгуулах, түүнд оролцох”, 10 жилээс 20 жил, 20 жилээс 25 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.3, 188.4 дэх хэсэгт заасан “Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх” зэрэг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн атлаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хэсэгт заасан хүндэвтэр, хүнд гэмт хэрэгт тооцогддог 3 жилээс 5 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэг, 5 жилээс 8 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг, 5 жилээс 10 жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ялтны хорих ялаас хоёр жилийг өршөөн хасах зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шударга ёс, ...нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, гэсэн заалттай нийцээгүй байна.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасан заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчсөн талаар.

Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээ чин шударгаар биелүүлэх нь улс орны аюулгүй, тусгаар, бие даасан байдлыг хангах, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, нийгмийн хөгжил дэвшлийг түргэтгэх, хүний эрхийг хангах, хуулийн засаглал, нээлттэй байдлыг бэхжүүлэх, энэ талаар олон улсын харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй билээ.
Монгол улсын 1958 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэгдэн орсон Дайны үед энгийн иргэдийг хамгаалах тухай Женевийн (IV) конвенц, 1958 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэгдэн орсон “Дайны талбарт байгаа зэвсэгт хүчний шархтан болон өвчтөний нөхцөл байдлыг сайжруулах тухай” Женевийн (I) конвенц, 1958 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэгдэн орсон “Дайнд олзлогдогчтой харьцах тухай” Женевийн (III) конвенц, 1966 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэгдэн орсон “Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай” конвенц, 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм”-д Цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт хамаарах “Эрүүгийн хуулийн 293, 296”, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайваны эсрэг гэмт хэрэгт хамаарах“Эрүүгийн хуулийн 297, 298, 299, 300, 301, 302” дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэх, ял шийтгэлээс чөлөөлөхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэхгүй байхаар заасан байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт дээрхи төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас бүрэн өршөөн хэлтрүүлэх, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийнНэгдүгээр зүйлд заасан “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлд заасан “Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.”, “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэсэн заалтуудтай нийцээгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 293, 296, 297, 298, 299, 300, 301, 302 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь universal jurisdiction буюу гэмт хэрэг гарсан газар, холбогдсон этгээдийн харьяаллаас үл хамаарч аль ч улсын үндэсний шүүх шууд харъяалан шийдвэрлэх “түгээмэл харьяалалтай” бөгөөд Монгол Улсын шүүх энэ харьяаллын үүргийг хүлээсэн болно.
Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас гаргасан судалгаагаар дээр дурьдагдсан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд Монгол Улсын хэмжээнд байхгүй, Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлснээр ял завших асуудал гарахгүй боловч Монгол Улс дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал болон сайн сайханд аюул заналхийлэл учруулж буй онц ноцтой хэргүүдийг үйлдсэн этгээдийг өршөөн хэлтрүүлсэн хууль баталснаараа олон улсын эрх зүйн хариуцлага хүлээх ноцтой үр дагавар бий болох нөхцөлийг бүрдүүлж байна.
Шүүх нь
  • -хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох,
  • -Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг хамгаалах,
  • -хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх,
  • -Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй эрхэм зорилготой.
Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.3, 10.6, 10.7 дахь хэсэгт заасан заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй гэж үзэн, Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь хэсэгт заасныг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Ганбаатарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮНТ.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн