ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо өчигдөр Туркийн Истанбул хотноо хуралдаж, Дэлхийн өвийн жагсаалтад шинээр 21 дурсгалт газрыг нэмэх шийдвэрийг гаргасан байна. "ЮНЕСКО"-гийн төлөөлөгчийн газрууд энэ онд 27 газрыг уг жагсаалтад оруулахаар нэр дэвшүүлснээс 21-ийг нь жагсаалтад оруулахаар болсон байна. Шинээр нэмэгдсэн 21 газрын 12 нь соёлын, зургаа нь байгалийн дурсгалт газар бол гурав нь байгаль, соёл болон түүх хосолсон газар аж. Тухайлбал, Энэтхэгээс гурав, Японоос нэг, Польшоос нэг дурсгалт газрыг шинээр Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэжээ. Ингэснээр Дэлхийн өвийн жагсаалтад одоо 165 улсын нутаг дэвсгэр дэх 1052 дурсгалт газар бичигдээд байна.
Монгол Улсад одоогоор Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндий (соёлын өв, 2004), Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор (соёлын өв, 2011), Увс нуурын сав (байгалийн өв, 2003) гэсэн гурван дурсгалт газар байдаг.
Орхоны хөндийн соёлын дурсгал
Орхоны хөндий нь Улаанбаатар хотоос 360 орчим километр алслагдсан, Монгол Улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан байдаг. ЮНЕСКО 2004 онд 28-р чуулганаараа энэхүү газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авсан. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна. Дэлхийн өвийн II, III, IV шалгууруудыг хангасан тул 1081 дэх байршлаар бүртгэн, Ази-Номхон далайн бүс нутгийн өвд оруулсан байна.
Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь 8-р зууны үед тогтнож байсан Хөх Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бичээс бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг. Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ. Киданчуудын ноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн гурван хэлээр бичигдсэн олон тооний чулуун хөшөөнүүд бий болжээ.
Орхон голын хөндийд дараахь дурсгалууд байдаг.
8-р зууны эхэн үед Хөх Түрэгийн Билгэ хаан, Куль Тегин нарт зориулан босгосон Орхоны бичээс бүхий хөшөөнүүд. Эдгээрийг Оросын археологичид 1889-1893 оны малталтаараа нээсэн байна.
Хар балгасын туурь. 8-р зууны үеийн Уйгурын эзэнт улсын нийслэл хот нь ордон, сүм, дуган, дэлгүүр гэх мэт маш олон тооны сүрлэг байгууламжуудтай 50 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг хамран оршиж байжээ.
Монголын эзэнт гүрний нийслэл Хар хорум хотын туурь уг хөндийд оршдог.
Эрдэнэзуу хийд. Монгол оронд Төвдийн Бурхны шашин дэлгэрсний бэлгэдэл, анхны буддын сүм. Уг сүмийн зарим хэсгийг коммунист дэглэмийн үед 1930-1940 оны орчимд устгасан байна.
Төвхөн хийд. Даянч ламын агуй болох Төвхөн нь өвөрмөц, хосгүй сүм юм. Далайн түвшнээс дээш 2600 метр өргөгдсөн уулын дээр орших уг хийдийг коммунист дэглэмийн үед нураасан байна.
Өгөөдэй хааны амьдарч асан 13-14-р зууны үеийн Монгол хааны ордны туурь
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсадхамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Дэлхийн өвийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар бүртгэн, Европ, Умард Америкийн бүс нутгийн байгалийн цогцолбор өвд оруулсан байна
Увс нуур нь Евразийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн 700,000 хавтгай дөрвөлжин километр нутгийг хамрах Увс нуурын сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Увс нуурын савд олон жижиг нуурууд багтдаг ба тэдгээрийн нэг болох Үүрэг нуур нь далайн түвшнээс дээш 1450 метр өндөрт оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна. Тус сав газар нь Сибирь болон Төв Азийн гео уур амьсгалыг хооронд нь зааглах хил хязгаар болдог бөгөөд зундаа агаарын температур 47 хэм хүрдэг бол өвөлдөө -58 хэм хүрдэг байна. Ийм хатуу ширүүн уур амьсгалтай ч 173 зүйл шувуу, дэлхий дахинаа маш ховордсон цасны ирвэс, аргаль, янгир тэргүүтэй 41 зүйл хөхтөн амьтны амьдрах орчин болдог. Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 онд ЮНЕСКО-гоос Увс нуурын сав газрыг Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг.
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор
Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэ нь манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм. Хадны зураглалын хувьд бусад улсуудтай харьцуулахад талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ гайхамшигтай дурсгал хэмээн судлаачид үздэг.
ЮНЕСКО Дэлхийн биет бус соёлын өвийг 2008 оноос бүртгэн батламжилж эхэлсэн байна. Одоогоор нийт 300 гаруй биет бус соёлын өвийг бүртгээд байгаагаас 13 нь манай улсынх юм байна. ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад монгол наадам, гэр, морин хуур, уртын дуу, шагайн харваа, бүргэдийн ан, Яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад монгол тууль, уран бичлэг, бий биелгээ, хөөмэй, цуур, монгол лимбэчдийн битүү амьсгааны уламжлалт урлаг, ботго авахуулах зан үйл бүртгэгдээд байгаа юм.