-Математик, англи хэлний гүнгийрүүлсэн сургалттай олон улсын сургалтын хөтөлбөрийг 30 жилийн туршлагатай багш нар явуулна-
Нийслэл Улаанбаатарт өдрөөс өдөрт өндөр барилгууд сүндэрлэж, хүн ам өсч байгаа хэдий ч сургууль, цэцэрлэгийн тоо хүрэлцээгүй байна. Улсын цэцэрлэг, сургуулийн ачаалал нормоосоо хэтэрсний улмаас хоёр ээлжээр хичээллэж, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх болсон. Хувийн сургуулиуд байдаг хэдий ч ихэнхийнх нь сургалтын төлбөр амьжиргаанаас давсан өндөр, дээр нь төлбөртөө таарсан чанартай боловсролыг хүүхдэд эзэмшүүлж чадахгүй байна гэх шүүмжлэл гардаг. Яг энэ үгүйлэгдсэн орон зайг нөхөж Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Удирдлагын академын хажууханд “Билиг-Оюу” сургууль буйр сэлгэн ирж, шинэ барилгаа хүлээн авлаа. Шинэ орчинд, шинэ байранд ирсэн учраас оргил өөд тэмүүлэхийг бэлгэдэж “Оргил” сургууль гэж нэрээ өөрчилжээ. Нэг сургууль шинэ нэр, шинэ барилгатай болсондоо биш Хан-Уул дүүргийн энэ хэсгийн оршин суугчид хүүхдээ чадварлаг багш нарт даатгах болсонд гол ач холбогдол нь байгаа юм. Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн олон улсын сургалтын хөтөлбөртэй “Оргил” сургуулийн нээлтэд ирсэн эцэг, эхчүүд, суралцагчид ам сайтай байлаа. Учир нь сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт, зайсан орчимд өндөр өндөр орон сууцны хороолол нь барьж зардгаас бус, сургууль барьж боловсролд хөрөнгө оруулсёан нь маш ховорхон юм.
Улс орон өндөр барилга барьснаараа бус өндөр боловсролтой иргэнийхээ хүчинд хөгждөг. Энэ ч утгаар хүмүүс аль сайн гэсэн сургуульд хүүхдээ суралцуулахыг хүсдэг. Бас нийгмийн сэхээтэн, элит хэсгийн хүүхдүүд сурдаг сургуульд явуулж, хүрээ үүсгэхийг чухалчилдаг болжээ. Боловсролын бизнес газар шороо ухдаггүй, байгаль дэлхий сүйтгэдэггүй, бусдын халаасыг тэмтэрдэггүй цагаан буянтай ажил. Ийм учраас сургуулийн үүсгэн байгуулагчдад баяр хүргэж, сайны ерөөл өргөхөөр нам, төрийн зүтгэлтнүүд, нийгмийн оюунлаг хэсгийн төлөөлөл болсон эрдэмтэд “Оргил” сургуулийн хичээлийн шинэ жилийн болон шинэ байрны нээлтийг ёслолд хүрэлцсэн ирсэн байв. Тэдний яриаг хүргэхээс урьтаж “Оргил” сургуулийн захирал, боловсролын тэргүүний ажилтан Л.Эрдэнэчимэгийн яриаг хүргэе.
Л.Эрдэнэчимэг: Үндсэн хичээлийн хажуугаар хоцрогдол арилгах, хөгжүүлэх сургалтууд ордог
-Танай сургууль таниар гоёдог юм байна. Гэхдээ захирлаас илүү сургуулийн чанар, чансааг сонирхох нь зүйтэй болов уу. “Оргил” сургууль буюу өмнөх “Билиг- Оюу” сургууль бусдаас юугаараа илүү юм бэ?
-Тэгэлгүй яах вэ. Манай сургууль одоогоос арван жилийн өмнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Билиг-Оюу” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр магнайлж, англи хэл, монгол хэлний хичээлээр дүүрэгтээ эхний гуравт, улсад эхний аравт бичигдэж ирсэн. Энэ бахдам амжилтыг цаашид түүчээлэн авч явна гэдэгт манай хамт олон итгэлтэй байгаа. Ооны эвэр шиг “Билиг ДБ”, “Билиг-Оюу” хоёр сургууль маань боловсролын салбарт амжилттай явдагт бид маш их баярлаж явдаг. Энэ сургуулийг үүсгэн байгуулж, тэр дундаа хөдөөгийн боловсролд хувийн салбарыг оруулж ирсэн үүсгэн байгуулагч нартаа талархаж байна. Шинэ өргөөндөө шинэ суралцагч нараа хүлээж авч байгаа нь бидний хувьд өндөр хариуцлага. Олон улсын боловсролыг турших энэ жил бидэнд хариуцлагагүй ажиллах эрх бидэнд байхгүй. Манай сургууль математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Англиас гадна хятад хэл үздэг. Хятад хэлийг нэгээс тавдугаар анги буюу бага ангийн суралцагч нарт тав дахь жилдээ зааж байна. Гадаад хэлийг эцэг, эх болон хүүхдийн сонголтоор үзнэ. Өөр нэг онцлог гэвэл, үдээс хойш маш олон төрлийн хөгжүүлэх сургалт явуулдаг. Хөгжүүлэх сургалтын нэг хэсгийг багш нар бий болгосон бол ихэнх хэсгийг хүүхэд, эцэг, эхчүүдийн хүсэлтээр бий болгосон.
-Байрны орчин нөхцөл тохитой юм байна. Анги танхим нь өргөн саруул цонхтой, агааржуулалт сайтай, сандал, ширээнүүд хүүхдэд тохирсон, хана, шатнууд хүртэл өнцөг булангүй учраас аюул багатай. Дээрээс нь бүх ангийг камержуулсан юм байна. Монгол ахуй, ёс заншлын хичээл явуулах сургалтын орчин бүрдүүлсэн нь их таалагдлаа.
-Баярлалаа. Тийм шүү. Одоогоос 5-6 жилийн өмнө суралцагч нарын маань эцэг, эхчүүд хичээлийн байраа өргөтгөе гэсэн хүсэлтийг өгч байсан. Тэр зорилт маань энэ хичээлийн жилд биелээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд сургалтын шинэ өргөөгөө өлгийдөж авлаа. Шинэ сургууль маань 15 танхимтай. Үүнээс гурав нь мэргэжлийн кабинетууд байгаа. Мэдээлэл зүйн, урлагийн, урлангийн кабинет гэж байдаг. Нэгээс арванхоёрдугаар ангидаа нэг нэг бүлэг авч байгаа учраас хүүхэд нэг бүртэй вакумжуулсан байдлаар тулж хичээллэх боломжтой. Манайх бүрэн цахимжсан сургууль. Анги, танхим бүр дотроо камержуулалттай. Эцэг, эхчүүд гар утаснаасаа тэр бичлэгийг суулгаж үзэх боломжтойгоороо онцлог шүү.
-Багшлах боловсон хүчний тухайд сонирхуулна уу?
-Боловсролын салбарт 30-аад жил ажилласан мэдлэг, туршлагатай багш нар олон бий. Мөн бид багшлах залгамж халаагаа өөрсдөө бэлдсэн. Манай “Билиг ДБ” сургуулийг төгссөн сайн төгсөгч нар МУИС-д бэлтгэгдэж ирээд энд ажиллаж байна. Залуу багш нарын эрч хүч, шинийг санаачлах чадварыг туршлагатай багш нарын ур чадвартай сүлэлдүүлж мэргэжлийн багаа бүрдүүлж чадсан.
-Хичээлийн цаг хэдээс эхэлж, хэдээс тарж байна. Хүүхдүүд эндээ хооллочихдог уу?
-Манайх дүүргийнхээ замын ачааллыг харгалзаад 08.30 цагт хичээлээ эхлүүлдэг. Сургууль маань жинхэнэ утгаараа хичээлийн зориулалтын байр болж чадсан. Дөрөвдүгээр давхартаа зоогийн газартай. Хүүхдүүдийг хооллох амрах боломжийг нь харгалзах их завсарлагаагаа 20 минутаар тавьсан. Эндээ тоглож, амарч байгаад үдээс хойш хөгжүүлэх сургалт, хоцрогдол арилгах сургалтдаа хамрагддаг. Орой 17.30-18.00 цагт хичээл тарна даа” гэв.
Саалиа бэлдэхээр саваа бэлд
Сургууль нээнэ гэдэг бол буянтай ажил юм. Зорилго, хүрэх зорилт нь хүнийг гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, зөв тийш залах гэгээн зам мөртэй. Ийм учраас боловсролын салбарын бизнес цагаан мөртэй байдаг. Сургуулийн нээлтийг сурвалжлах үед ийм зүйлс бодогдож байв. Нээлтийн үеэр БНАСАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Ан Сен Ир, “Сургуулийн хамт олонд сайн сайхныг хүсье. Танай сургуулийн төгсөгч нар том дарга нар болохыг ерөөж байна” хэмээн монголоор хэллээ. Үүний дараа хүндэт зочид тус сургуулийг үүсгэн байгуулагч О.Эрдэнээ, О.Сүрэн, Б.Наранцэцэг нарт сэтгэлийн үгээ ийн хэллээ.
МАН-ын дарга асан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, философийн ухааны доктор, профессор Б.Даш-Ёндон:
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Энэ өсвөр үеийнхэнд эрдэм ном сурахад сургуулийн барилга байшин их хэрэгтэй байна. Өнөөдөр манай улсад олон ээлжээр хичээллэж байгаа сургууль байна. Цэцэрлэгт хүүхдүүд багталцахгүй байна. Энэ нөхцөлд ийм сайхан сургуулийн барилгыг рекорд богино хугацаанд чанартай барьж ашиглалтад оруулжээ. Энэ сургуулийг үүсгэн байгуулсан Монгол Улсын зөвлөх багш Б.Наранцэцэгтаа талархах хэрэгтэй. Энэ хүн бол манай улсын боловсролын салбарын том зүтгэлтэн хүн. Нараагаа Зүүнхараа дахь сургуулиа босгож байхад нь бидний хэдэн нөхөд очиж байснаа санаж байна. Өнөөдөр бас энэ сургуулийн нээлтэд ирсэндээ бас баярлаж байна.
Монгол Улсын зөвлөх багш Б.Наранцэцэг:
-Нар гийсэн энэ сайхан өдөр сургуулиа нээж байгаадаа үнэхээр баяртай байна. Сургуулийг барьсан БНАСАУ-ын компани, монгол инженерүүд, дэмжиж тусалсан эцэг эхчүүд, бидний суралцагч нартаа баярлалаа. Та нарын хүчээр энэ бүгд бий болсон шүү. Бид бүгд олон асуудал туулж, олон шөнө нойргүй хонож сургуультай боллоо. Би одоогоос 16 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд яг энэ өдөр таван гэр барьж, 23 хүүхэдтэйгээр анхны сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлж байж. Энэ дурсамжаа сэргээхэд сайхан байна. Багш гэдэг мэргэжилдээ чин сэтгэлээсээ хайртай. Тийм учраас хоёр сургуулийг бий болгож, ардын хүүхдүүдэд боловсрол олгож, амьдралын гарааг нь сайхнаар эхлүүлж чадсан. Манай хамт олон энэ зорилгыг хэрэгжүүлж ажилладаг юм аа. Өнөөдөр бууриа сэлгэн шинэ байрандаа шинэ багаараа шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Та бүхний өмнө хэлж ярьж байсан боловсролын шинэчлэлийг эхлүүлэхэд бид бэлэн байна.
Үндсэн хуулийн Цэцийн орлогч дарга Н.Жанцан:
-Хүүхэд багачуудад маш их боломж олгосон бүтээн байгуулалт боллоо. Бүтээн байгуулалт дотроо хамгийн гэгээлэг, хамгийн сайхан, хүний оюуныг хөгжүүлэхэд чиглэж байгаа хөрөнгө оруулалт бол сургуулийн барилга байдаг. Ийм учраас хүмүүсийн талархал хүлээж байгаа “Билиг-Оюу” буюу “Оргил” сургуулийнханд сайн сайхныг хүсч байна. Танай сургууль цэцэглэн хөгжинө гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Удахгүй танай хамт олныг Монгол Улсын, Азийн байлдан дагуулагч боловсролын байгууллага болно гэдэгт итгэж байна. Сайн сайхныг хүсье” гэв.
“Билиг” ХХК болон “Оргил” сургуулийн ТУЗ-ийн дарга Э.Батзориг:
-“Билиг-Оюу” сургууль “Хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, хамтран ажиллах ур чадвартай, эх хэл, монгол ёс уламжлалаа эрхэмлэн дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлнэ” гэсэн уриатайгаар байгуулагдсан. Энэ цагаас хойшхи 10 гаруй жилийн хугацаанд олон сурагч багачуудад чанартай боловсрол эзэмшүүлж, төгсөгчид маань эх орныхоо салбар бүрт үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ гадаад дотоодын их, дээд сургуульд нэр төртэй сурч байна. Шинэчлэгдэж байгаа сургуулийнхаа менежментийн багаа удирдуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрладаг бидний үүсгэн байгуулсан ”Билиг ДБ” сургуулийнхаа захирал Л.Эрдэнэчимэгийг урьж ирүүллээ. Монголын нийт сургуулийн дунд рейтинг тогтооход тогтмол 20-д багтдаг “Билиг ДБ” сургуулийн захирал Л.Эрдэнэчимэгтээ бид итгэдэг. Тэр бол маш сайн менежер. Сургуулийн барилгыг богино хугацаанд ашиглалтад оруулахад БНАСАУ-ын хөрөнгө оруулалттай “Солонгоженко” компанийн барилгачдын уйгагүй хөдөлмөрт талархаж байна. Сургуулийн барилгын ажлын хүнд хэцүүг үүрч амралт, баяр ёслолын өдрөөр ч ажилласан Ганзориг инженертэй барилгийн компанийн хамт олонд талархлаа илэрхийлье. Сургуулийг барьж байгуулахад хөрөнгө, хүч, зохион байгуулалтын хамгийн хүнд ачааг үүрч, эрүүл мэндээ умартан удирдан зохион байгуулсан “Билиг” ХХК-ийн гүйцэтгэх захирал, миний авга ах О.Сүрэндээ онцгой талархал илэрхийлье.
Ээжийнхээ олон сайхан мөрөөдлийг биелүүлэхэд дусал төдий ч нэмэр болох юмсан гэж мөрөөдөж явдаг хүү нь энэ сургуулийг өнөөдөр нээж байгаа ээждээ талархаж байна. Миний ээж энэ сургуулийг бий болгож өдий зэрэгт хүргэхэд өөрийн мэдлэг туршлага, сэтгэл зүрх, эрүүл мэндээ зориулсан юм шүү. Бидэнд итгэж найдаж үр хүүхэддээ боловсрол олгохоор зорьж ирсэн эцэг эхчүүд та бүхний итгэлийг биелүүлэхийн төлөө манай сургуулийн бүтээлч хамт олон өөрсдийн туршлага, мэдлэг, зүтгэл сэтгэл бүх бололцоогоо дайчлан ажиллах болно” гэлээ.