Арав гаруй жил дуншсаны эцэст ОХУ-ын дэлхийн анхны хөвөгч атомын цахилгаан станц барих төсөл биеллээ олох гэж байна. Тус улсын дэд Ерөнхий сайд Дмитрий Рогозин өчигдөр “Хөвөгч атомын цахилгаан станцын ажил 2016 онд бэлэн болно” хэмээн мэдэгдсэнийг Интерфакс уламжилжээ. Тэрээр “Үндсэндээ эргийн дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд атомын реактор байгуулж байгаа бөгөөд Арктикын бүс нутгийн алслагдмал хотууд руу эрчим хүч түгээх болно” гэсэн байна. Түүний хэлснээр дэлхийн анхны хөвөгч атомын цахилгаан станц ирэх жилийн аравдугаар сард бэлэн болж, ашиглалтад орох.Ийм төрлийн цахилгаан станц байгуулах ажлыг ОХУ 2000 оноос хойш ярьсны эцэст, 2007 онд станцын байгууламжийн ажлыг эхлүүлсэн юм. Гэвч хэд хэдэн удаа саатал гарсны улмаас одоог болтол барилгын ажил бүрэн дуусаагүй байгаа билээ.
Экологичид хөвөгч атомын цахилгаан станц байгуулах санааг эсэргүүцсээр ирсэн бөгөөд нэг л алдаа, гэмтэл гарахад Арктикийн экосистемийг эвдэх боломжтойг сануулсаар ирсэн юм. Гэсэн хэдий ч, ОХУ асар их байгалийн баялаг, нөөцтэй Арктикийн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх сонирхлоо хаяагүй юм. Учир нь, далай тэнгисийн доорхи үлэмж баялаг, усан замын маршрут зэргээр Арктик нь зарим орнуудын анхаарлыг ямагт татдаг. Тиймээс энэ бүс нутагт эдийн засгийн эзэмшил бий болгох гэсэн улс орнуудын ашиг сонирхлын зөрчилдөөн байнга явагддаг. Хэдийгээр НҮБ-аас Арктикийг хэн ч эзэмших ёсгүй хэмээн зарласан байдаг ч ОХУ хойд туйлаас өөрийнхөө нутаг дэвсгэрийн хоёр зах хязгаар болох Мурманск болон Чукотк хүртэлх орон зайг өөрийн хэмээн өмчилсөн юм. Түүнчлэн өнгөрсөн оны сүүлээр ОХУ хойд туйлд бүс нутгийн цэргийн шинэ бааз барьж эхэлсэн юм. Мөн Арктикаас газрын тос олборлох томоохон төслийг санаачлаад байгаа билээ.
Усан онгоцны хэлбэр бүхий шинэ цөмийн цахилгаан станц нь 2016 онд Санкт Петербург хотод болох Олон улсын далайн шоуны үеэр олон нийтэд албан ёсоор танилцуулах аж. "Академик Ломоносов” нэртэй станц нь 21500 тонн жинтэй бөгөөд шинэчилсэн “KLT-40” загварын хоёр цөмийн хөдөлгүүртэй. Энэхүү хөвөгч цахилгаан станц нь 70 МВ эрчим хүч, 300 МВ дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Тодруулбал, ирэх жил ашиглалтад орох энэхүү станц нь 200 мянган хүнтэй хотыг эрчим хүчээр хангах хүчин чадал бүхий цөмийн реактортой юм. Түүнээс гадна хойд туйлд үйл ажиллагаа явуулах газрын тос болон байгалийн хий олборлогч компаниуд /Арктикын газрын тосны төсөл/, цэргийн баазыг цахилгаан, дулаанаар хангах боломжтой болж байгаа юм.
ОХУ-ын анхлан байгуулж буй хөвөгч атомын цахилгаан станцтай ижил станц байгуулах хүслээ Хятад, Индонез, Аргентин зэрэг 15 улс илэрхийлээд байгаа юм.