Open iToim app
Дэлхий | 8 мин уншина

Дэлхийд гайхагдаж буй Хятадын 7 том төсөл ба Бээжингийн амбиц

Дэлхийд гайхагдаж буй Хятадын 7 том төсөл ба Бээжингийн амбиц
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 23
Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жил дэх хамгийн том тэсрэлт болсон гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч бас нүдээр харж буй. Тус улс Азид, цаашлаад дэлхийд давамгайлах тодорхой зорилготой. Олон улсын шинжээчид ч БНХАУ-ын эдийн засаг 2008 оноос хойш жил бүр Мексикийн эдийн засагтай тэнцэх хэмжээгээр тэлж ирсэн, ирэх арван жилд АНУ-ын хэмжээнд хүрч, хөгжих магадлалтай хэмээн үздэг. Хятадын эдийн засгийн өсөлт, түүнийг дагасан бусад салбарын хөгжил, тухайлбал цэргийн салбарт ямар өөрчлөлт гарч, хэрхэн хөгжсөнийг дэлхий нийтээрээ саяхан болсон Ардын армийн жагсаалаас харсан билээ.
Тэгвэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг дагаад дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжиж байгааг шинэ инженерийн төсөл хөтөлбөрүүдээс тодорхой харж болно. Дэлхийг тэргүүлэх тодорхой зорилготой Хятадын амбиц энэ салбарт илүү тод харагдаж байгаа гэж ч болох юм. 
Дэлхийн улс орнуудыг ардаа орхиж, дэлхийд гайхагдаж буй Хятадын долоон том төсөл хөтөлбөрийг танилцуулж байна.
1. Дэлхийн хамгийн том хөвөгч нарны цахилгаан станц

Хятад улс жил бүр салхины эрчим хүч, усан цахилгаан станц, нарны эрчим хүчинд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Энэ нь шинээр хийгдэж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой бөгөөд саяхан л гэхэд тус улс дэлхийн хамгийн том хөвөгч нарны цахилгаан станцыг ашиглалтад оруулсан юм.
Дэлхий дээрх хамгийн том нарны зайн хөвөгч байгууламж нь БНХАУ-ын Анхуй мужийн Хуайнан хотноо баригдсан бөгөөд уг станц нь жижиг хотыг бүхэлд нь цахилгаанаар хангаж чадах хэмжээний хүчин чадалтай аж. 40 мегаваттын уг байгууламжийг хуучны нүүрсний уурхайн бүсэд байгуулсан нь олны сонирхлыг хамгийн ихээр татаж буй юм.
Уг хөвөгч байгууламж нь Хятад улсад байгуулахаар төлөвлөсөн нарны эрчим хүчний олон эх үүсгүүрүүдийн эхлэл нь болж байгаа юм. Нарны эрчим хүчний хэрэглээ рүү орж буй энэхүү хувьсал нь уг технологийн өртгийг бууруулах бас нэгэн давуу талтай аж. 2020 он гэхэд Хятад улс нарны зай үйлдвэрлэгчдийн тогтоосон үнийг гурав дахин бууруулж, түлшний бус эрчим хүчний үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Үүнээс өмнө, хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжаар Их Британи дахь станцыг нэрлэдэг байсан бөгөөд тус станц 6.3 мегаваттын хүчин чадалтай байжээ. Түүнчлэн Япон улс ирэх жил 13.7 мегаваттын хүчин чадалтай нарны зайн цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа ч энэ нь Хятадын хөвөгч нарны цахилгаан станцыг гүйцэх хэмжээний том биш байгаа юм. Тиймээс Хятадын шинэ байгууламж дэлхийд хамгийн том нь хэвээр үлдэх юм.
2. Шинэ Торгоны зам

Түүхийн хуудсанд Торгоны зам нэрээр үлдсэн худалдааны маршрутыг шинэ агуулгаар сүүлийн жилүүдэд сэргээж байгаа нь хятадуудын эхлүүлсэн Шинэ торгоны зам хэмээх төсөл юм. БНХАУ-ын дарга Си Зиньпин энэхүү төслөө 2013 онд Төв Азийн орнуудаар хийсэн айлчлалынхаа үеэр анх дэлхийд дуулгасан нь санамсаргүй юм биш. Учир нь, Төв Ази гэдэг бол хуучин Торгоны замын цөм хэсэг байсан юм. XXI зууны Торгоны зам хэмээн нэрлэсэн энэ төслөө хятадууд эдүгээ “Нэг бүс, нэг зам” болгон томъёолж, дотор хуурай замын болон усан замын чиглэлийг гол болгон хамааруулж, дэлхийн бөмбөрцгийг тал хэсгийг хэрэн сүлжсэн эдийн засгийн шинэ бүсийг бий болгохыг зорьж байна. Хятад, Европыг холбох энэхүү төсөл нь нь XXI зууны хамгийн том дэд бүтцийн төслүүдийн нэг болж, дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа юм.
Азиас Европ хүртэл бүхэлд нь хамарсан бараа тээвэрлэлтийн хуучин маршрутыг сэргээх энэхүү төсөлд БНХАУ одоогоор 51 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, олон төсөл хэрэгжүүлсний зарим нь үр дүнд хүрч эхлээд байгаа билээ. Уг төсөлд 100 гаруй улс чөлөөт худалдааны болон бусад хамтын ажиллагааны гэрээ байгуулан нэгдээд байна.
Энэхүү том төсөл нь хуурай зам болон далай буюу усан чиглэлд гэсэн хоёр гол чиглэлд тулгуурладгийг дээр дурдсан. Тэгвэл хуурай замд тээврийн дэд бүтэц, эрчим хүчийг анхааран авч үзэж байгаа бол усан замын хувьд боомт болон худалдааны шинэ чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэж байгаа юм.
3. Супер телескоп 

Шинжлэх ухаанд өөрийн хүч чадлыг харуулахын тулд заримдаа хэний ч хийгээгүйг эсвэл хэний ч төсөөлөөгүйг хийх хэрэгтэй болдог. Тэгвэл Хятад улс 500 метрийн диаметртай бөмбөрцөг дуран буюу өргөн хүрээтэй радио телескопыг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан юм. Энэ нь дэлхийд хамгийн томд тооцогдож байсан, 305 метрийн диаметртэй Пуэрто Рикод байрладаг Арикбугийн ажиглалтын төвийг ардаа орхисон бүтээн байгуулалт болсон юм. 30 хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний энэхүү аварга том телескоп нь Хятадын Гүйжоү мужийн өмнөд хэсэгт баригджээ. 180 сая ам.долларын төсөл нь орчлон ертөнц хэрхэн үүссэнийг судлах, бас шинэ оддыг хайх, харь гаригийн амьдрал байдаг эсэхийг хайж олоход туслах аж. Хэдийгээр сүүлийн есөн сарын хугацаанд өөр сансар судлалын агентлагуудын хэдэн жил хийдэг ажлыг гүйцэтгэсэн ч бүрэн ашиглалтад ороход дахин гурван жилийн хугацаа шаардлагатай аж.
“Тэнгэрийн нүд” хэмээн нэрлэж буй телескоп ашиглалтад орсноор бусдын мэдээлэлд тулгуурлаж ажиллаж байсан Хятадын сансар судлалын эрдэмтдэд өөрсдийн гэсэн хүчирхэг телескоптой болж, сансраас ирж буй төрөл бүрийн гэрэл, цацраг, радио-долгион, чимээг бие даан судлах, ингэснээр төрөл бүрийн нээлт хийх бүрэн боломжтой болж байгаа юм.
4. Ангарагт гарах төлөвлөгөө

Хятад улс 1970 онд “Dongfanghong 1” нэртэй анхны хиймэл дагуулаа сансрын тойрог замд илгээсэн юм. Тэр үеэс хойш олон хиймэл дагуул, пуужинг шинээр туршиж, 2003 оны аравдугаар сарын 15-нд Хятадын “Шэньчжоу-5” сансрын хөлөг агаар мандлыг цойлон хөөрч 21 цаг 22 минутын нислэг үйлдсэнээр БНХАУ өөрийн хөлгөөр сансрын нисэгчээ сансарт бие даан гаргасан гурав дахь улс болгон түүхэнд үлдсэн юм.
Одоогоор тус улс 2018 онд сансрын “Сhange-4” аппаратыг сар руу илгээх болсноо зарлаад байгаа ч үүнээс ч том амбиц Хятадад бий. Энэ нь 2021 он гэхэд тус улс Ангараг руу анхны хөлгөө илгээхээр зорьж буй юм. БНХАУ-ын Сар, Ангараг гаригийн төлөвлөгөөг хариуцсан дарга Вэнь Вэйрэн "Бид Ангараг гариг руу нэг хөлгийг илгээнэ. Бид 2020 оны 7-8-дугаар сард Хайнаны Жэнь Чан хөөргөх талбайгаас Чан Жэн-5 зөөгч пуужингаар хайгуулын аппаратыг шууд Ангараг гаригийн шилжилтийн тойрог замд хөөргөхөөр төлөвлөж байгаа" хэмээн мэдэгджээ.
АНУ болон Оросын сансрын хөтөлбөрт зарцуулах төсөв хүйтэн дайны үеэс хойш ихээхэн багасаад байгаа юм. Харин Хятадын сансрын хөтөлбөрийн санхүүжилт жил ирэх бүр нэмэгдэж байна. Эх сурвалжаас үзвэл, 1960 оны аравдугаар сарын 10-ны өдөр хуучин ЗХУ анх удаа "Ангараг гараг 1960А" хайгуулын аппаратыг хөөргөж байжээ.
Ийнхүү Хятад улс Ангараг гаригийг эзлэх дэлхийн улс орнуудын “өрсөлдөөн”-д нэгдээд байгаа юм.
5. Бие даасан сансрын станц

НАСА, Европын сансрын агентлаг болон Роскосмос гэх мэт сансар огторгуйн агентлагууд ихэнхдээ энгийн иргэний байгууллагууд байдаг. Харин Хятадын сансар судлалын товчоо нь цэргийн үйл ажиллагаатай газар гэж болно.
АНУ-ын хуульд тогтоогчид Хятадыг АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг зөрчихөд хүргэж болзошгүй хэмээн үзэж, олон улсын сансрын станцад тус улстай хамтрахаас татгалзсаар ирсэн юм. 2011 онд НАСА агентлаг тус улсыг олон улсын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй хэмээн үзэж олон улсын сансрын станцад Хятадын нэгдэх хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Хятад улс одоогоор өөрийн сансрын станцыг барьж байгаа юм. Тус улс өнгөрсөн онд тойрог замын сансрын суурин станцдаа хоёр дахь лаборатори болох “Tiangong-2”-ыг суурилуулсан бөгөөд ингэснээр сансрын станцын чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэгийг амжилттай задгай сансарт гаргаж, дэлхийн тойрог замд орсон байна. Энэ нь БНХАУ-ын 2022 он гэхэд сансрын суурин станц байгуулах үндэсний төлөвлөгөөний нэг хэсэг болсон юм.
Сансар судлалын салбарт БНХАУ ирэх 20 жилийн хугацаанд дөрвөн их наяд юань зарцуулах бодлого баталсан. Ингэснээр ирэх 20 жилд Хятад улс дангаараа болон хамтарсан сансрын ажиллагаануудыг хийхээр төлөвлөөд байна.
2030 он гэхэд тус улс нарны аймгийн бүх гариг руу сансрын хөлөг илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд хар матер судлах хиймэл дагуул, квант харилцаа холбооны хиймэл дагуул, “Tiangong-2” сансрын станцыг хөөргөсөн гээд БНХАУ сансар судлалын шинэ эрин үеийг эхлүүлээд байгаа юм.
6. Бөөмсийн хурдасгуур

Европын цөмийн судалгааны байгууллагын "Large Hadron Collider" буюу Авар Хадронуудыг мөргөлдүүлэгч нь дэлхий дээрх хамгийн том, хамгийн өндөр энергитэй бөөмсийн хурдасгуур юм. 100 гаруй улс орны 10 мянга гаруй эрдэмтэн, инженерүүдийн хамтран бүтээсэн энэхүү байгууламж Франц-Швейцарийн хилийн ойролцоо оршдог бөгөөд 27 километр үргэлжилдэг урт туннель юм.
Авар Хадронуудыг мөргөлдүүлэгч хурдасгуур нь аварга том тойрог замаар протоны багцуудыг харилцан эсрэг чиглэлд асар их хурдтайгаар хөдөлгөн хооронд нь мөргөлдүүлж цөмийн урвал явуулдаг туршилт судалгааны төхөөрөмж юм. Ийм цөмийн урвалын дүнд маш олон эгэл бөөм үүсдэг байна. 2013 онд эрдэмтэд Хиггсийн бозон хэмээх эгэл бөөмийг туршилтаар ажигласан билээ. Өмнө нь энэ бөөм байгаль дээр оршин байх ёстой гэдгийг зөвхөн онолоор хэлсэн байсан юм. Хэрэв хурдасгуурын хүчин чадлыг нэмэгдүүлбэл сансрын хамгийн суурь нөхцөл байдлын талаар хүн төрөлхтний ойлголтыг ахиулах болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Магадгүй эрдэмтдийн нэрлэдгээр “Бурханы тоосонцор” буюу “Higgs Boson”-ыг нээж ч магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Харин энэхүү хурдасгуурын илүү их хүчин чадалтай хувилбарыг Хятад улс барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тус улс 2020-2025 он гэхэд төслийн барилгын эхний үе шатыг хийж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь 50-100 км үргэлжлэх урт туннель байх юм. Өөрөөр хэлбэл Хятадын хийж буй энэхүү төсөл нь Европын цөмийн судалгааны байгууллагын хурдасгуураас долоо дахин их эрчим хүчийг бий болгох зорилготой аж.
7. Өмнөдөөс хойд хэсэг рүү усны голдирол өөрчлөх төсөл

Хятадын өмнөд болон хойд хэсэг дэх усны голдирлыг өөрчлөх төслийн товч нэр нь энэ төслийн гайхалтай цар хүрээг үгүйсгэдэг. Хятадын хойд нутгийн хотууд, тэр дундаа Бээжинд усны хомсдол бий болоод байгаа аж. Үүнийг яаралтай багасгах шаардлага бий болоод байгаагийн улмаас уг төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийн зорилго нь жил бүр нийтдээ 44.8 тэрбум куб метр усны голдирлыг өөрчлөн урсгах юм.
Энэхүү дэд бүтцийн ажил амжилттай дууссанаар дэлхий дээрх хамгийн урт суваг, голын доор байрлаж байгаа хамгийн урт дамжуулах хоолой болох юм. Мөн энэ нь дэлхийн хамгийн том ус дамжуулах төсөл болж байгаа бөгөөд нийт урт нь 4350 км, АНУ-ын хоёр эрэг хоорондын зайтай тэнцэх хэмжээний урт байгууламж болно. Мөн энэхүү байгууламж нь Олимпийн стандарт бүхий усан санг нэг минутанд дүүргэхэд хангалттай насос бүхий станцтай байх юм.
АНУ, Израиль, Өмнөд Африк зэрэг улсууд ус дамжуулах ийм системтэй ч одоогоор Хятадын энэхүү төсөлтэй тэнцэх хэмжээний том хөтөлбөр үгүй юм.
Гэхдээ энэхүү төслийг эхлүүлэхэд бараг хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага бий болоод байгаа аж. Уг төслийн нийт зардал ойролцоогоор 60 тэрбум ам.доллараар төсөвлөгдөж байгаа бөгөөд үүнээс ч илүү зардалтай байж магадгүй байгаа юм. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл дэлхий дээр хамгийн том хэмжээний бүтээн байгуулалтын нэг болох юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн