Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Дундаж нас 67, тэтгэврийн нас 65

Дундаж нас 67, тэтгэврийн нас 65
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 20
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын тогтоолын төслийг танилцуулснаас улбаалж, нийгэмд сайн, муу хоёр янзын мэдээ тараад байна.
Сайнаас нь эхэлье. Монгол эрчүүдийн дундаж наслалт 67, эмэгтэйчүүдийнх 72 болж өсчээ. УИХ-ын тогтоолын төсөлд тэтгэвэр тогтоолгох насыг эрэгтэй 62, цаашлаад 65 эмэгтэй 58-60 болгох гэж байна. Өнөөдөр амьдрал нь тэгширч, үзэл нь төлөвшиж, туршлага, мэргэшлээрээ залууст үлгэр дуурайл болж байгаа нь 50-60 насныхан. Тэднийг гэрт нь суулгах биш мэдлэг, туршлагыг нь ашиглах чухал гэдгийг аль аль талдаа ойлгож байна. Нөгөө талаар, тэтгэвэр авах насыг хойшлуулснаар тэтгэврийн сан, улсын төсвийн мөнгийг хэмнэнэ гэж С.Эрдэнэ сайд ярьжээ. Энэ харин сайн мэдээ юү, үгүй юү.
Одоо муу мэдээг дуулгая. Эрчүүдийн дундаж нас 67 юм бол яг цагтаа тэтгэвэрт гарлаа гэхэд “дундаж”-ууд хоёр жил л тэтгэвэр авах нь. 40 жил зүтгэж төлсөн татвар, шимтгэлээсээ хоёр жил л буцааж авах нь хэр шударга вэ. Бас нэг зүйл байна. “Монголчууд 60-тайдаа ухаарч 61-тэйдээ таалал төгсдөг” гэж хаанаас гарсан үг вэ. Бас нэг эрсдэл байна. Иргэн Доржийг 55-тайд нь ажлаас нь чөлөөлбөл 65 хүртэл нь ажиллуулах байгууллага хэр олон бэ. 55-тай ахмад настнуудад Засгийн газраас манаач, ой хамгаалагч зэрэг ажил жагсаалтаар баталж, санал болгосон тохиолдол өнгөрсөн оных. Өөр нэг зүйл байна. 55-тай Доржийн бие эрүүл, ухаан сэргэлэн. Гэвч залууст зайгаа тавьж өгдөггүй, хуучинсаг, хоцрогдмол, шинэ юм гарахгүй гэсэн шүүмж матаас түүнийг дагадаг.
Өнөөдрийн нийгэмд байгаа хоёр яриа ийм байна. Манай улс зах зээлд шилжсэнээр 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг баталж ажил олгогч болон даатгуулагчаас төлсөн шимтгэлийн орлогоор тэтгэвэр олгодог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ. С.Эрдэнэ сайдын яриагаар, дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд дөрөв, 2030 он гэхэд долоо, цаашид есөн тэтгэвэр авагч болохоор байна. Энэ байдлаараа цааш үргэлжилбэл 2030 онд тэтгэвэр өгөх мөнгөгүй болох ажээ. Иймээс хэмнэлт хийх, бас туршлагатай мэргэшсэн боловсон хүчнээ 55-60 хүргээд л гэр рүү нь явуулахгүйн тулд дээрх УИХ-ын тогтоолын төслийг санаачилснаа хэллээ.
Хэдэн сарын өмнө Ард санхүүгийн нэгдэл нэгэн судалгаа гаргасан байна лээ.Монголчуудын сарын дундаж цалин 692 мянган төгрөг. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ 10 хувийн хүүтэйгээр 30 жил хадгалуулахад 210 сая төгрөгтэй болох гэнэ. Харин монголчуудын дундаж нас 69 байдаг бөгөөд дунджаар тэтгэврийн мөнгөндөө 24.4 сая төгрөг улсаас эргүүлэн авдаг аж. Улсдаа төлсөн 210 сая төгрөгөө бүрэн авахын тулд бид 137 наслах хэрэгтэй тухай судалгаанд өгүүлжээ. Хэрвээ тэтгэврийн насыг уртасгах юм бол олон жил тэтгэвэр авах хүний тоо багасах нь тодорхой. Өнхрөөд өгдөг насан дээр нь тэтгэвэр тогтоож хэмнэлт хийх нь нүгэл биш үү. Улс ийм замаар хэмнэлт хийх гэж байгаа юм бол 25 жил ажиллаад Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар амралтаа авдаг зэвсэгт хүчин, хилийн цэрэг, тагнуул, онцгой байдлын алба, цагдаа, шүүхийн шинжилгээнийхэн, АТГ-ынхныг болиулъя. Тэднийг ч адил 60-65 насанд нь тэтгэвэрт гаргавал шударга бөгөөд хэмнэлттэй болно. Эсвэл тэтгэврийг үр хүүхдэд нь, амьд үлдсэн хань ижилд нь өвлүүлдэг зохицуулалтыг хийе. Бүр үгүй бол 50 нас хүрээд сайн дураараа тэтгэвэрт гарч болдог шийдлийг тусад нь хийе.
Жиргээчид тэтгэврийн насыг уртасгах асуудлаар #тэтгэвэр хаштагаар саналаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн