“Гэгээн Муза” хүндэтгэлийн арга хэмжээ маргааш болно. Грекийн домогт гардаг ариун дагшин охин тэнгэрийн нэрээр нэрлэгдсэндээ ч тэр үү, шүүгчид нь тангараг өргөдөгөөс ч болсон уу, урлаг өөрөө гэгээн болохоор ч юмуу бусад оны хүн, оны залуу гээд бөөнддөг “хямдхан” шагналуудтай зүйрлэх аргагүй “дээдийн” байдаг нь Гэгээн Муза наадам билээ.
Муза Монголын Театрын урлагийг мялаадаг болоод 12 дахь жилтэйгээ золгож байна. Ганган хээнцэр бас их сонирхолтой содон хүмүүс театрынхан байдаг. Тиймдээ ч улаан хивснээ Монголын тайзны урлагийнхны бахдам сайхныг биширдэг наадмын нэг.
Үзэгч түмний дунд ч, тэр мэргэжлийн салбарынханы дунд ч тэр хамгийн их хүлээлт үүсгэж сэтгэлийг нь огшоодог төрөл бол яах аргагүй драммын төрөл. Өмнөх жилүүдэд шагнал өгч авахад их ач холбогдол өгдөг, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй гэсэндээ амыг нь таглаж зарим нэгнийг нь шагначихдаг зэрэг шүүмжлэлд өртдөг байлаа. Гэлээ ч жил ирэх тусам чанаржиж байгаа нь үнэн. 2013 онд Гэгээн Муза Академ болон өргөжиж, сонгон шалгаруулах, шүүх үйл явцыг илүү нухацтай болгосноос харагдана. Харамсалтай нь, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг шүүлтийг чангалах гэснээс драмм, инээдэм хоёрын зайг эзгүй ханхайж Гэгээн Муза жүжгээр бол уйтгартай монологи болох вий гэж эмээнэ. Учир юу гэвээс,
Энэ жил драммын төрөлд шаардлага хангасан бүтээл ирээгүй, инээдмийн төрөлд ганцхан бүтээл ирсэн гэсэн шалтгаанаар хасчээ. Ингээд Хөгжимт жүжиг, Хүүхдийн жүжиг, Нэг хүний жүжиг, Хүүхэд оролцооны бүтээл гэсэн дөрвөн төрөлд ирсэн нийт 47 бүтээлээс шилдгээ тодруулна.
Гэгээн Муза 12-д Нэг хүний жүжгийн төрөлд хамгийн олон буюу нийт 10 бүтээл нэр дэвшсэн байна. Сүүлийн жилүүдэд нэг хүний жүжиг ихээхэн хүчтэй дэлгэрч байгаа. Тэглээ гээд инээдэм болон драммын төрлүүд хоцрогдох учиргүй. 2014 онд долоон өөр найруулагчийн долоон өөр ертөнц гээд УГЗ Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын драммын жүжиг үзэгчдийн таашаалыг хүртэж их л шуугиулж байсан санагдана. Уран бүтээлчид үнэхээр муу байгаад өрсөлдөхөөс халширав уу, эсвэл шүүгчид хатуурхав уу, ямартай ч урлагийн тэнгэр энэ жил драмм, инээдэм хоёрыг таалсангүй.
Гэгээн Муза наадам олон улсынх
Энэ жил Швейцарь, БНХАУ-ӨМӨЗО, ОХ-ны Буриат Улс, Уганда, Эстони, Косово, БНСУ-аас уран бүтээлчид оролцож наадмыг олон улсын чанартай болгож байгаа нь сайшаалтай. Түүнийг дагаад манайхны бүтээл ч сайн шүүлтээр ордог болох, туршлага болох, нэр хүнд өсөх гээд тоочоод байвал олон сайн талтай. 2014 оны Гэгээн Муза дэлхийн кино урлагийн сорыг шалгаруулдаг Kаннын наадмын өдрүүдтэй давхцаж байсан санагдана. Шүүмжлэгчид, урлагийнхан, үзэгчид ч шагнал нүдээ олсон үнэхээр сайхан наадам боллоо гэж дуу нэгтэй уухайлж ирэх жилийнх олон улсын хэмжээний бүр илүү далайцтай болоосой гэж ерөөцгөөж байсан санагдана. Ерөөл бат оршиж гадаадаас оролцогчидын тоо ч нэмэгдэж бүтээлийн үүц арвижжээ.
Гэхдээ дэлхийн жишигт театрын авардын гол зорилго нь чанаржуулах, чадавхижуулах явдал байдаг. Бүртгэж аваад, шүүгээд, зарлаад орхих нь өнөөгийн манай Гэгээн Музагийн төрх. Сайн уран бүтээлүүдийг өрсөлдүүлье гэвэл 2013 онд байгуулсан Гэгээн Музагийн Академийн үйл ажиллагааг дотооддоо идэвхижүүлмээр санагдана. Шалгарсан бүтээлийг алдаршуулах, дахин урьж тоглуулахаас эхлээд янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж болмоор. Жишээ нь энэ жилийн ёслолын үеэр “гэр театр”-ыг сонирхуулна гэсэн нь сайшаалтай хэрэг.
Манай Гэгээн Муза чанар чансаагаараа Оросын Алтан Маск, Америкын Тонни, Английн Оливер, Францын Мольерэ зэрэг авардтай энэ зэрэгцэхүйц дэлхийн дайтай томоохон наадам болох цаг ойрхон байгаасай.
Театрын Урлагийн Шилдэгийг шалгаруулах Антонеттэ Перригийн шагнал гэж албан ёсоор нэрлэгдэж хүмүүст Тонни Авард гэдгээрээ алдаршжээ. Тоннигийн шагнал гардуулах ёслолыг Бродвейн Холбоо болон Америкын Театрын Жигүүрээс хамтран жил бүр Нью Иорk хотноо зохион байгуулдаг.
Америкын төдийгүй дэлхийн театрын урлагийнхны мөрөөдөл болсон уг шагналыг Америкын театрын урлагийн загалмайлсан эх Антонеттэ Перригийн дурсгалд зориулан 1946 онд нас барсаных дараагаар 1947 оноос гардуулж эхэлсэн бөгөөд 2014 оныг хүртэл нийт 868 шилдэгийг шалгаруулжээ. 1967 оноос эхлэн Америкын Үндэсний Телевизээр цацагдаж эхэлсэнээсээ хойш 2000 аад онуудад 2009 онд Оскарын ёслолыг 36.3 сая үзсэн үзүүлэлттэй эн зэрэгцсэн байна.
Шагналын загварыг Хермен Рөүс гэх хүн 1949 онд гаргаж байжээ. Гууль, хүрэл, никелээр хийдэг.
Тавигдах Шаардлага: Өрсөлдөж буй бүтээлүүд урьд өмнө нь Бродвейн театрт тавигдаж байгаагүй байх гол шалгууртай байдаг. Харин сонгодог, түүхэн болон нийтийн репертуар төрлийн бүтээлийг зөвхөн “Сэргээгдсэн” гэх төрөлд нэр дэвшихийг зөвшөөрдөг байна.
Шүүлт: Шүүгчдийн бүрэлдэхүүнд нийт 24 төлөөлөл байдаг бөгөөд 10 нь Америкын Театрын Жигүүрээс, 10 нь Бродвейн Холбооноос, үлдсэн дөрөв нь нэг нэгээрээ Жүжигчидын Нэгдсэн Холбоо, Тайзны Найруулагч зэргээс оролцдог байна. Шүүгчдээс гадна нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн шүүлтийг хянадаг. 2014 оны шалгаруултад гэхэд 50 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын баг ажиллажээ. Шүүгч, хяналтын бүлгээс гадна санал өгөгчдийн шүүлт давхар тооцогддог. Санал өгөгч гэдэгт мэргэжлийн байгууллага холбоодын мэргэжилтэнүүд, урлаг судлаач, шүүмжлэгчид, болон хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс бүрдсэн 800 гаад хүмүүс багтдаг.
1993 оноос хойш Оросын Холбооны Улсын Театрын Нэгдэлээс зохион байгуулсаар ирсэн Үндэсний Театрын Шилдгийг тодруулдаг шагнал юм. Жил бүрийн хавар Москва хотноо зохион байгуулагддаг тус наадам цар хүрээ болон зохиогддог арга хэмжээнийхээ далайцын хувьд ч дэлхийд “лут” даа тооцогддог. Наадмын үеэр шилдгүүдийг тодруулахаас гадна Алтан Маскны менежментийн багийнхан орчин үеийн жүжгийн “Шинэ драмм” фестивал, олон улсын зочдод зориулсан “Оросын Үүц” гэх театрын шоу тоглолтыг тусгайлан жил бүр дэглэж явуулдаг.
Үүгээр ч зогсохгүй жуулчидад зориулан Марийнскы, Александринскы, Мэли драм театр зэрэгтэй танилцах аялал ыг явуулдаг гэхээр Оросын театрын урлагийн шагнал гардуулах ёслол ямар хэмжээний наадам болдог нь тодорхой биз ээ.
Соёлын Яамтайгаа хамтран Наадмын дараачаас эхлэн Шилдгийн шилдгүүдийн түүврээр орон даяар аялан тоглолт хийж тэндээсээ халиад дэлхийн томоохон театруудад тоглодог байна. Тэд урлагийн менежментийг театрын урлагт тун ч амжиллттай нэвтрүүлж дээ гэсэн атаархал таньд гэсэн төрөө байлгүй!