Open iToim app
Нийслэл | 2 мин уншина

​Драгон авто вокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлнэ

​Драгон авто вокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлнэ
Нийтэлсэн 2016 оны 9 сарын 7
Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт нийслэлийн холбогдох албаны хүмүүсийн хамт Баянзүрхийн товчооны үйл ажиллагаатай танилцсан. Ингээд тус товчоо нь суурьшлын бүсэд байрладаг учраас нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэсэн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг үндэслэн Баянзүрхийн товчоог Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах шалган бүртгэх товчоо буюу “Налайхын дөрөвдүгээр зөрлөг” рүү шилжүүлэхээр болсон юм. Уржигдар Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж ажлын хэсэг гаргасан юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тодруулахдаа, “Баянзүрхийн товчоог нүүлгэх асуудлын хажуугаар Драгон төвийн урдах автовокзалыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргасан байгаа” гэв.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн цогцолборын нэг салбарыг Драгон төвд нээсэн бөгөөд тус төвийн өмнөх нийтийн эзэмшлийн газрыг 200-300 автомашины зогсоол болгох талаар өмнө нь хотын удирдлагууд судалгаа хийж байсан юм. Энэ судалгааг ажил хэрэг болгох бололтой. Драгон авто вокзал нь нийслэл хотын хүн ихээр төвлөрдөг томоохон хэсгүүдийн нэг юм. Тус авто вокзал нь 16 аймгийн 48 чиглэлд 35 аж ахуй нэгж байгууллагын 700 гаруй тээврийн хэрэгслээр хот хоорондын нийтийн зорчигч болон шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгүүлдэг. Ингэснээр өдөрт дунджаар 2200-2500 орчим хүн хөдөө орон нутаг руу зорчиж, 2000-2300 орчим хүн Улаанбаатар хотод ирж, тэдгээрийг үдэн гаргагчид буюу угтан авагч болох 5000-6000 хүн дамжин өнгөрч үйлчлүүлдэг гэх тоо баримт бий. Энэ ачааллыг Авто худалдааны нэгдсэн цогцолбор руу шилжүүлж, нэг талаар замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулж, нөгөө талаар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, автомашины зогсоол болгох нь ээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн