Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

ДОХ, эболатай адил аюул учруулж буй антибиотикийн зохистой хэрэглээ, жороор хэрэглэх шалтгаан

ДОХ, эболатай адил аюул учруулж буй антибиотикийн зохистой хэрэглээ, жороор хэрэглэх шалтгаан
Нийтэлсэн 2018 оны 9 сарын 13
НҮБ болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бидний дур мэдэн хэрэглэдэг антибиотикийн төрлийн эмнүүд ДОХ, эболатай адил дэлхийн нийтэд аюул заналхийлж эхэлсэн талаар танилцуулж, сэрэмжлэх ёстойг анхааруулаад байгаа билээ. 2030 он гэхэд одоогийн хэрэглэж байгаа антибиотикт бүх нян тэсвэртэй болох нь гэсэн дүгнэлтэд тэд санал нэгдээд байгаа юм. Ингэснээр ямар ч эм, эмчилгээгээр нян, вирусийг нь дарах боломжгүй болох юм. 
Тиймд энэ долоо хоногт дэлхийн нийтээр "Антибиотекийг хариуцлагатай хэрэглэе" уриан дор нэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс антибиотекийн зохистой хэрэглээний талаар дараах зөвлөмжийг хүргүүлжээ. 
АНТИБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ
Нянгийн эсрэг сонгомол нөлөөтэй биологийн гаралтай бүлэг нэгдлийг хэлнэ.
Антибиотикийг нян буюу бактерийн халдварын үед л хэрэглэнэ.
Антибиотикийн мэдрэг чанарын шинжилгээний хариунд үндэслэн сонгоно
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглэдэг бөгөөд харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй.. 
Антибиотикийн талаар
Анхны антибиотик пенициллинийг 1943 онд нээсэн. Нянгийн эсрэг эм бэлдмэл гарахаас өмнө сүрьеэгээр өвчлөгсөд 2 -2,5 жил амьдарч, 50-80% нь нас барж байсан бол одоо 85-90% нь эдгэрч байна.
Түүнчлэн уушгины хатгалгаа, менингит зэрэг нянгаар үүссгэгддэг өвчнийг эдгээж сая сая хүний амьдралыг уртасгажээ.
Ердөө 4 жилийн дараа уг антибиотикт тэсвэртэй нян бий болсон.
1987 оноос хойш шинэ төрлийн антибиотикийг нээж чадаагүй байна.
Хамгийн сүүлд нээгдсэн антибиотикт аль хэдийн дасал үүсчихсэн.
  1. Зарим бүлгийн антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэх хүртэл нэлээд хэдэн жил болдог.
  2. Пенициллиныг хэрэглэж эхэлснээс хойш 3-4 жилийн дараагаас тэсвэржсэн нянгууд бүртгэгдэж эхэлсэн.
  3. Зарим хагас нийлэг пенициллины бүлгийн антибиотикт (ampicillin) тэсвэржилт үүсэхэд нэлээд удаан хугацаа шаардагдсан байна.
  4. Гэтэл метициллинд жилийн дараа л тэсвэржилт үүссэн.
  5. Богино хугацаанд тэсвэржилт үүсэхэд антибиотикийн хэт их хэрэглээ нөлөөлдөг.
Дэлхийн ихэнх оронд антибиотик эмийг эмчийн хяналтан дор туйлын болгоомжтой хэрэглэдэг. Энэ нь нянд тэсвэртэй, хоруу чанар өндөр нян үүсэхээс сэргийлэх чухал арга хэмжээ юм.
Манай орны хувьд антибиотикийн хэрэглээний дундаж 33,1% байгаа нь харьцангуй өндөр, импортлож байгаа эмийн дунд антибиотикийн эзлэх хувь дэлхийн дундажаас 14,7%-иар дээгүүр байна.
Манай оронд антибиотикийн хэрэглээ хяналтаас гарч, антибиотикт дасах үзэгдэл газар авч байгааг судлаачдын дүн харуулж байна.
  • Эмчилгээний үр дүн муудах
  • Эмийн гаж нөлөө ихсэх
  • Эмэнд дасал болох
  • Ижил найрлагатай эм хэрэглэх, тун хэтэрч хордох
  • Эмчилгээний зардал ихсэх
  • Өвчтөний сэтгэл зүйд муугаар нөлөөлөх
  • Өвчтөнд өвчин ба эмчилгээ, эмийн зөв хэрэглээний талаар тодорхой тайлбарлаагүйгээс бичсэн эмийг хэрэглэхгүй байх эсвэл буруу хэрэглэснээс эмчилгээний үр дүн буурах
  • Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай.
  • Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй
  • Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй.
  • Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай.
  • Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ. Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог
  • Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй
Антибиотикийн дасал
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог.
Антибиотекийн хор уршиг
  • Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирүс гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
  • Антибиотикийг эмчийн хяналтанд хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
  • Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикийг хэрэглэхдээ анхаарах зүйлс
  • Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй
  • Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх
  • Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй. Тухайлбал: тетрациклин, левомицетин зэрэг антибиотик нь хүүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг.
  1. Тухайн нэг антибиотик зөвхөн тодорхой нэр төрлийн нянд үйлчлэх чадвартай.
  2. Таны туссан өвчний шалтгааныг тодруулсанаар онош тавьж, оношинд тохирсон эмчилгээ хийнэ.
  3. Эмч болон эм зүйчтэй холбоотой алдаанаас болж таны эрүүл мэнд хохирсон тохиолдолд таныг өмгөөлөх баримт бичиг нь жор юм
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн