Хоёр жилийн өмнө татан буулгасан дотоодын цэргийг сэргээн байгуулахаар Засгийн газраас УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургууль, Хууль зүй, дотоод хэргийн яам зохион байгууллаа. Цагдаа, дотоодын цэргийг командалж байсан бэлтгэл офицеруудаас эхлээд эрдэмтэд судлаачид, алба хаагчид цуглаж ярилцсан.
Энэ үеэр, Хууль сахиулах их сургуулийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор, хошууч Б.Энхболд илтгэл тавьсан.
Тэрээр “2016 оны байдлаар дэлхийн 80 гаруй улсад дотоодын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллага ажиллаж байна. Хууль сахиулах байгууллага нь хууль сахиулах үүргээ гүйцэтгэх /үйлчилгээ үзүүлэх/-дээ дайсантай бус иргэнтэй харилцаж, зорилго нь түүнийг устгах бус аюулгүй болгоход оршдог. Зэвсэгт хүчнийг дотоодын үймээн самуун, зэвсэгт бослогыг дарахад ашиглах нь зэвсэгт хүчнийг ард түмний эсрэг ашиглахын нэг хэлбэр гэж үздэг. Ийм учир аливаа улс олон нийтийг хамарсан үймээнд дотоодын аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй иргэнлэг байгууллага ажиллуулдаг. Дэлхийн анхны дотоодын цэрэг Франц улсад “жандарм” нэрээр үүссэн. Франц улсын үндэсний жандармерие нь 1971 онд байгуулагдсан Францын үндсэн цагдаагийн газрын бүрэлдэхүүний нэг хэсэг. 2016 оны байдлаар жандармериегийн жилийн төсөв 7.7 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд 100 мянга гаруй алба хаагчтай байна. Тэд цагдаагийн байгууллагын харьяалах хүрээнд багтаагүй 20 мянгаас доош хүн амтай жижиг тосгон, гол нууруудын сав газар, хөдөөгийн бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах зэрэг цагдаагийн байгууллагын үүргийг гүйцэтгэх эрхтэй байдаг. Мөн алах хядах ажиллагаатай тэмцэх болон барьцаалагдсан хүмүүсийг аврах, хамгаалалт шаардсан нийтийн арга хэмжээ болон жагсаал цуглааны үед хэв журам сахиулах үүрэгтэй ажилладаг. Харин ОХУ 2016 оны гуравдугаар сард дотоодын цэргээ Ерөнхийлөгч Владимер Путины тушаалаар татан буулгаад Үндэсний гвардаа болгож хүчитгэн байгуулсан. Тус байгууллага цагдаагийн байгууллагатай хамтран нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх, хэт даврагсадтай тэмцэх, улсын онц чухал объектыг хамгаалах, тусгай ачааг хамгаалах, ОХУ-ын хилийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж оролцох гэсэн чиг үүргийг хуулиар нь тодорхойлсон байдаг. Манай урд хөрш БНХАУ1983 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Ардын зэвсэгт цагдаагийн албатай. Хятадын ардын зэвсэгт цагдаа нь улсын дотоодын аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нийгмийг аюулаас хамгаалах яам болон Төв цэргийн хорооны харьяалалд багтдаг. 1.5 сая орчим орон тооны алба хаагч үүрэг гүйцэтгэдэг. Тус улсад 2016 оны байдлаар өдөрт 260 мянга орчим зэвсэгт цагдаа харуулын үүрэг гүйцэтгэдэг. Улсын онц чухал объектод халдсан 12 удаагийн халдлага, гэмт хэрэг үйлдсэн болон хорих байгууллагаас оргох оролдлого хийсэн 3000 хүнийг саатуулсан, 1000 орчим байгууллагад түр хугацааны хамгаалалт зохион байгуулсан, Засгийн газрын түвшинд зохион байгуулсан 19 удаагийн олон улсын хэмжээний хурал, чуулга уулзалт болон нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажилласан статистиктай байна. Сүүлд, Франц, Итали, Недерланд, Португали, Испани зэрэг Европын холбооны таван улсын санаачилгаар 2006 онд Европын Жандармерын холбоо байгуулагдсан. Тус байгууллагын алба хаагчид 2010 онд Гайти улсад болсон газар хөдлөлтийн дараа иргэдийг нүүлгэн шилжүүлж, дотоодын хямралт байдлыг арилгах, амьдралын хэвийн байдлыг сэргээн тогтоох зорилгоор 350 алба хаагчаа ажиллуулсан байна. Ер нь аль ч улсын дотоодын аюулгүй байдлыг хамгаалах байгууллага Монголын дотоодын цэргийн хэрэгжүүлдэг чиг үүрэгтэй төстэй” гэв.
Хошууч генерал Б.Пүрэв, “Жанжин Д.Сүхбаатарын тушаалаар 1922 онд байгуулагдсан анхны ангиудын нэг бол дотоодын цэрэг. Дотоодын цэрэг Нийгмийг аюулаас хамгаалах яамны бүрэлдэхүүнд хилийн цэрэгтэй хамт 1990-ээд он хүртэл явсаар биеэ дааж Цагдаагийн ерөнхий газрын харьяанд ирсэн. 1995 онд батлагдсан хуулиар тус байгууллагын чиг үүргийг тодорхой заасан. Базаж хэлбэл, үндсэн хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт улсын онц чухал объектуудыг хамгаална. Усны эх үүсвэр, гоц халдварт өвчний лаборатори, радио телевиз гэх мэт. Хоёрдугаарт, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах ажилд цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй болоход хүрвэл түүнд туслах үүрэгтэй. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болох, малын гоц халдварт өвчин гарч хорио цээр тогтоох мэтэд цагдаагийн байгууллагад нөөц хүч болж үүрэг гүйцэтгэнэ. Дотоодын цэргийг 2014 онд татан буулгаад цагдаад үүргийг нь шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагыг мэргэжлийн өндөр түвшинд ажиллана гэж тооцсон байх. Бас цомхотгох, төсөв хөнгөлөх зүйлээ ч бодсон байлгүй. Дотоодын цэргийг цагдаа болгосноор хожих зүйл бага. Яагаад гэвэл, дотоодын цэрэг гэдэг чинь цагдаагаа бодвол зардал хямдтай байдаг юм. Тийм учраас зардал хямдтай хүчээ ажиллуулж байвал зүгээр юм. Хоёрдугаарт, дотоодын цэрэг бол цэргийн казармд 24 цаг ямагт бэлэн байдаг. Дотоодын цэрэгт жилд 600-700 хүүхэд татагдаж “хүн” болоод гардаг нь бага юм биш. Дотоодын цэргийн байлдагчдаас хүн хүчээ цагдаагийн байгууллага сэлбэдэг байсан юм. Сум сум, аймаг, дүүрэгт байгаа сайхан залуучуудаас “Энэ хүүхдийг алсдаа цагдаадаа авч болохоор юм” гэж дотоодын цэрэгтээ татаж нэг жил алба хаалгадаг. Тэнд байхад нь судалж шигшээд, цагдаа болгож дээд сургуульд авдаг. 1991-1996 онд 162 хүүхдийг ийм байдлаар цагдаагийн алба хаагч болгодог. Би хуулийн төсөлтэй танилцсан. Өмнө нь байсан чиг үүргийг одоо өргөн барьж байгаа хуулийн төсөл дээр нэмээгүй, хасаагүй байна лээ. Ганцхан, чиг үүргээ хэрэгжүүлэхэд ямар шат дарааллаар ажиллах вэ гэдгийг дэлгэрүүлж заасан байна. Өөрөөр онцын өөрчлөлтгүй” гэлээ.