Open iToim app
Эксперт | 12 мин уншина

Доналд Трампын зүүн хойд Азид баримтлах бодлогын талаар Монголын эрдэмтэд юу хэлэв

Доналд Трампын зүүн хойд Азид баримтлах бодлогын талаар Монголын эрдэмтэд юу хэлэв
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 20
АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп өнөөдөр тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлнэ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн баримтлах бодлого манай хоёр хөршид шууд хамааралтай асуудал. Тиймээс энэ нь Монгол Улсын хөрш зэргэлдээ хоёр орны дотоод болон гадаад нөхцөл байдалтай шууд холбоотой, тэр утгаараа манайд ч хамаатай асуудал болж байгаа юм.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт багтаан хийх ажлын чиглэлээс харахад АНУ цаашид ямар бодлого баримтлах нь тодорхой харагдаж байгаа юм. Ялангуяа, Доналд Трампын ОХУ, БНХАУ-ын талаар баримтлах бодлого одоогийн Барак Обамагийн засаг захиргааны баримталж буй байр сууриас ялгаатай байхыг шинжээчид онцлон тэмдэглэж байна. Тэрээр ОХУ-тай харилцаагаа сайжруулах байр суурьтай байгаа. Тиймээс ирэх дөрвөн жилд Москвагийн эсрэг явуулж буй Вашингтоны бодлого, хориг арга хэмжээ зөөлрөх магадлалтай хэмээн шинжээчид онцолж байгаа юм. Харин Буш, Обама нарын Засгийн газар Хятадтай хамтран ажиллах байр суурь баримталж ирсэн ч шинэ Ерөнхийлөгч манай урд хөрш болох БНХАУ-ын талаар таагүй хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаар одоогийн засаг захиргаанаас илүү түрэмгий гэж болохоор бодлого баримтлахаар байгаа юм.
Хамгийн гол нь Украины хамралаас хойш дотносож, АНУ-ын эсрэг зогсох стратегийн түншүүд болоод буй Орос, Хятадын харилцаа Трампын баримтлах бодлогоос шалтгаалж сулрах хандлага ажиглагдаж магадгүй юм.
АНУ-ын баримтлах гадаад бодлогын талаарх таамаглал олон орны судлаачдын анхаарлыг татаж байгаа энэ үед "АНУ-ын Зүүн хойд Ази дахь бодлого ба Монгол-Америкийн харилцаа" сэдэвт залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 18-нд болж өндөрлөсөн юм. Хурлаар АНУ-ын бүс нутгийн бодлого, Монгол-Америкийн өнөөгийн улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндсөн илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Судлаачдын илтгэлээс үзэхэд АНУ-ын Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаарч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэн. Тиймээс Доналд Трамп Ерөнхийлөгчийн ажлаа авснаар олон жилийн хугацаанд тогтсон гадаад бодлогод өөрчлөлт орохгүй гэж судлаачид санал нэгдэж байна. Гэхдээ Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын асуудлыг хэзээд орхигдуулж болохгүйг судлаачид онцолж байв. Гуравдагч хөршийн бодлогыг илүү боловсронгуй болгох шаардлага байгааг энд онцлон тэмдэглэж, энэ нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн орчны шинэчлэл гэдгийг хэлж байлаа. 
Түүнчлэн шинэ Ерөнхийлөгчийн баримтлах худалдаа болон бусад бодлоготой хамааралтайгаар зүүн хойд Ази дахь нөлөө багасна. Ингэснээр Хятадын тус улсын Номхон далай руу хандсан бодлого нааш чиглэснээр манайд ч үр ашиг нь хүртэх боломжтойг дурдаж байсан юм. Гэхдээ Трампын Ази руу чиглэх бодлогоос хамааран АНУ Монголыг огт сонирхохооо болих боломжгүй гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байв. 

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ж.БАЯСАХ
-АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөн, бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээр дэлхийн улс төрийн нэгэн шинэ үе эхэлнэ гэж дэлхий даяараа харж байна. Доналд Трамп тангараг өргөснөөр зүүн Хойд Азид баримтлах бодлогод ямар өөрчлөлт гарах бол?
-Япон, Солонгостой харилцах харилцаа өөр болно. Солонгост Ерөнхийлөгч нь огцрохоо мэдэгдчихсэн, дараагийн хүн нь гарч ирээгүй дотоодын маш том хямралтай үед байна. Японы хувьд эдийн засгийн түншлэлийн асуудалд сонирхолтой байдаг бол Трамп түүнийг нь байхгүй болгоно гээд хэлчихсэн. Өөрөөр хэлбэл бидний яриад байдаг АПЕК гэдэг чинь байхгүй болох гээд байна. Хятадтай бол татвар авч, хатуу бодлого баримтална гэж байна. Тайванийг Нэг Хятад бодлогод хамаагүй гэж тусад нь хүлээж аваад байна. Филиппинд Дутерте гэж сонин нөхөр гараад ирчихсэн. Америк баяртай, Хятад мандтугай гэж зарлаж байна. Сая Филиппинд Шинзо Абэ очоод уулзсан зэргээс харахад сонин үйл явдлууд их байна. Хятад, Тайванийн хувьд бол нэгдэх нь ойлгомжтой. Хэзээ гэдэг л асуудал байгаа юм. Харин Хоёр Солонгосын нэгдэх асуудал ойрын 20 жил болохгүй гэж солонгосууд хэлсэн. Тэгэхээр Хятад, Тайванийн асуудал ч хойшлох магадлал бий. Ер нь бүх зүйл өөр, таамаглах аргагүй болж байна. Хуучин зүүн өмнөд Азийн Вьетнам, Лаос, Камбож руу Япон анхаарал тавиад эхэллээ. Гэхдээ Трампын засаг захиргааны үед Америк, Японы 1996 онд байгуулсан гэрээ хэвээр үргэлжилнэ гэж бодож байгаа. Харин таван жилийн өмнө сөхөгдөж байсан “Хятадын аюул” гэдэг үг ирэх жилүүдэд дахин гарч ирэх нь.
-АНУ-ын шинэ засаг захиргааны Хятад, Оросын талаар баримтлах бодлого Монголд хэрхэн тусах бол?
-Трамп Ерөнхийлөгч болох гэж байгаад хятадууд сандралын байдалтай байхад харин оросууд баяртай байна. Оросууд баярлаж байгаад Хятад гомдож байна. Орос, Хятадын түншлэлд арваас илүү жилийн нас байхгүй гэж би ярьдаг. Тэр хагарал, ан цав нь одоо үүсч байна. Энэ үед бид сайн судалгаатай байх ёстой. Хятадад хүний нөөц байхгүй үед үүнийг маш сайн ашиглах хэрэгтэй. Хүрээлэн, судалгааны төв нь сул байна. Гурван улсын судалгааны төвийг Өвөр Монголд байгуулъя гэхэд нь би боль гэсэн юм. Гурван улсын судалгааны төвд орлогч захирал нь ядаж Монгол хүн байх ёстой биз дээ. Ер нь бол Орос, Монгол хоёр мөнгөгүй болчихоод Хятадын аманд орчихоод байна. Эдийн засгийн коридороос 120 төсөл гарсан нь дандаа Хятадын санаачилга. Орос, Монголоос гарсан ганц ч санаачилга байхгүй. Тэгэхээр байдал бол их гуниг байна. Хятад, Оросын харилцаа суларна. Гэхдээ энэ хоёр улсын цаана Америкийг сөрж зогсох л сонирхол байгаа учраас бүр хөндийрөхгүй.

Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Монгол-Америкийн нийгэмлэгийн тэргүүн, доктор Р.Болд
“АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн хугацаанд Хятадад гурван удаа, Орос, Австрали, Филиппин, Мьянмарт тус бүр хоёр удаа айлчилсан байгаа юм. Харин шинэ Ерөнхийлөгч Трампын хувьд Обама шиг Ази Номхон далайн орнуудаар ийм олон явахгүй болов уу гэж олон улсын эрдэмтэд таамаглал дэвшүүлсэн байгаа. Үүнээс юу гэх гээд байгаа нь ойлгомжтой байх.
2016 онд Хятад, Америкийн худалдааны хэмжээ 557 тэрбум ам.долларт хүрсэн. Гэтэл 2012 онд Монгол, Америкийн худалдаа 700 саяд хүрэхэд дээд хэмжээ гэж байв. Өнөөдөр, 2016 онд тэр хэмжээ 60-70 сая ам.доллар хүртлээ буурсан байна. Ерөнхийдөө Трампын засаглалын үед Хятад, Америкийн харилцаа амаргүй байх болов уу. Трамп албан ажилдаа орохынхоо өмнө тактикын үүднээс Нэг Хятадын бодлогыг хянаж үзнэ, Тайванийн Ерөнхийлөгчийг АНУ-аар дайруулж явуулахыг зөвшөөрнө зэргээр Хятадад санамж, дохио өгсөн. Гэхдээ Трамп ажилдаа орсныхоо дараа энэ бодлогыг гүнзгийрүүлэхгүй байх магадлалтай. Учир нь, багаа бүрдүүлж байгаа хүмүүс нь хатуу байр суурьтай, өөрөөс нь арай өөр үзэл бодолтой хүмүүс байгаа учраас энэ нь тоглолт байж магадгүй гэдэг таамаг их байгаа.
Харин Украины асуудал, Крымийн хойгийн асуудал Орос, Америкийн харилцаанд гол үндсэн загварын асуудал мөн. Мөн АНУ-ын тавьсан хориг арга хэмжээ бас тулгамдсан асуудлын нэг мөн. 2016 онд АНУ-аас ОХУ-д оруулсан шууд хөрөнгө оруулалт 9.2 млрд доллар болсон байна. Гэтэд 2013 онд АНУ-аас ОХУ-д оруулж байгаа хөрөнгө оруулалт 14 млрд орчим доллар байсан гэдгээс харахад хоёр талын худалдаа эрс буурсан. Тэгэхээр хориг арга хэмжээ ОХУ-д хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Хүйтэн дайнаас хойш Орос, Америк харилцаагаа сайжруулахаар гурван удаа оролдсон ч бүтээгүй. Энэ бүтэлгүйтлийн шалтгаан юу байв гэдэгт төвлөрч анхаарах нь чухал.
Түүнчлэн Азийн орнуудын цэргийн зардал маш хурдтай өсч байгаа. Дөрвөн жилийн дараа 2020 он гэхэд Азийн орнуудын цэргийн зардал АНУ-ынхтай тэнцэнэ гэсэн таамаг бий. Энэ нөхцөлд Трамп цэргээ татна гэж мэдэгдээд байгаа нь юу л бол гэж ажиглаж байгаа. Тэгэхээр АНУ-ын зүүн хойд Ази дахь бодлогод айхтар өөрчлөлт гарах нь юу л бол. Гэхдээ өнгө, аясын өөрчлөлт гарна. Үүнд л яаж тоглох вэ гэдгээ бодох хэрэгтэй.
Монгол Улсын хувьд АНУ-тай одоо боловсрол, батлан хамгаалахын салбарт харилцаа сайн байгаа. АНУ-д Монголын 1300 гаруй оюутан сурч байна. Харин эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд манай улсын хууль, эдийн засгийн нөхцөл байдал тийм ч хангалттай биш байна. Худалдааны харилцаа, хөрөнгө оруулалт эрс буурч байгаа энэ үед гуравдагч хөршийн бодлого яаж явагдах нь ойлгомжгүй. Гадаадын хөрөнгө оруулалттай холбогдсон эрх зүйн орчин найдваргүй, тогтворгүй байна, гарч ирсэн төр захиргаа үүнийг зохицуулж чаддаггүй гэдэг шүүмжлэлийг Америкийн хөрөнгө оруулагчид хэлдэг. Тиймээс хамгийн эхэнд эрх зүйн орчноо тогтвортой байлгах ёстой гэдэг.
Ерөнхийдөө тойм зургаар харвал АНУ-ын засаг захиргаа Монголыг эдийн засгийн нөөлт маягаар харж магадгүй. Гэхдээ Орос, Хятадын хүчин зүйлээс шалтгаалсан ан цав хэрхэн гарахаас шалтгаална. Хятадаас Америкт оруулж байгаа хөрөнгө оруулалт хоёр талдаа өсөөд байна. Гэтэл манайх руу оруулж буй хөрөнгө оруулалт бага хэвээр байна. Ерөнхийдөө АНУ манайхтай Орос, Хятадаар холбогдож байна. Бүс нутгаар дамжих хаялга манай хоёр хөршөөр дамжин буух болов уу”

-Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар-
-АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхлэх гэж байна. Найман жилийн дараа дахин засаглаж байгаа Бүгд найрамдах нам, Доналд Трампын засаг захиргааны үед олон улс томоохон сорилттой нүүр тулна гэдгийг шинжээчид хэлж байна. Ялангуяа, шинэ засаг захиргаанаас баримтлах Ази руу чиглэсэн бодлогоос шалтгаалж тус бүс нутаг дахь АНУ-ын хүч суларна гэж харах шинжээчид ч байна.
-Олон улсад эргэлтийн маягтай зүйл болох гэж байна. 70 гаруй жил үргэлжилсэн либерал ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан Америкийн бодлого дуусч, Трампын шөнө эхэлж байна. Трампын шөнө ямар байх вэ гэдгийг тодорхой хэлэхэд бол арай эрт. Өнгөрсөн 70 гаруй жил бол үзэл санааны тэмцлийн жил байсан. Үзэл суртлын тэмцэл үргэлжилсэн энэ жилүүдэд ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тугаа болгосон Америкийн үйл ажиллагаа ягштал биелж ирсэн. Ялагдал, томоохон ялагдалд хүрсэн нь ЗХУ. Коммунист үзэл санаа ялж чадаагүй. Зөөлөн хүчний бодлого буюу үзэл санааны тэмцэл АНУ-д өнөөдрийг хүртэл явж ирлээ. Гэтэл энэ бүхэн Обама Ерөнхийлөгчтэй хамт эцэс төгсгөл болох гэж байх шиг байна. Трамп гэдэг хүн цаашид Америк гэдэг ямар тугийг мандуулах, эсэх нь тодорч эхэлж байна. Гол туг нь бол хувиа хичээж, довоо шарлуулах. Өөрөөр хэлэх юм бол “America first” гэдэг лоозон. Үүд хаалгаа хаа, ялангуяа муслим шашинтнууд, цагаачлалд үүд хаалгаа хаа гэдэг тугийг мандуулж эхэлж байна. Бүх юмыг зоосны нүхээр харна гэдэг л эхэлж байна даа.
-Шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийн амлалт болон бусад зүйлээс харахад Доналд Трампын баримтлах бодлого манай хоёр хөршийг ихээхэн шалгахаар харагдаж байгаа. Энэ ээдрээтэй үйл явдал манайд хэрхэн тусах вэ, бид ямар байр суурь баримтлах ёстой вэ?
-Манай улс гуравдахь хөршийн бодлого гэж том бодлоготой. Тэр бодлогоо хэрэгжүүлээд, зориод явбал тэр бол хамгийн хэрэгтэй бодлого. Сүүлийн хэдэн жил гуравдагч хөршийн бодлогоо нэлээд унтаа байдалд орхисон. Яагаад гэвэл гуравдагч хөрш биш гурван улсын харилцаанд нэлээн төвлөрч анхаарсан. Гурван улс гэдэг нь Монгол, Орос, Хятад гурав. Гэхдээ энэ бол буруу бодлого биш л дээ. Энэ хоёр улстай мөнхийн хөрш учраас гол хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо хөгжүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ бид энэ хоёр улсын аль нэгээс нь хэт хамааралтай болох аюул бол бий. Тийм учраас тийм байдалд орохгүйн тулд Америк, Япон, Солонгос, Энэтхэг, Европын холбооны улсуудтай харилцаагаа илүү идэвхтэй хөгжүүлж байж ерөнхий тэнцвэр, хараат байдлаа арай бууруулах ёстой юм. Тийм учраас гуравдагч хөршийн бодлогыг баримтлах нь зүйтэй гэж онцолж хэлмээр байгаа юм. Ер нь бол гуравдагч хөршийн бодлогод манай хоёр хөрш ихээхэн дургүй байдаг. Яагаад гэвэл Монгол гэдэг улсад ардчилал зах зээл гэдгээс өөр нийгмийн байгуулал бий болчих гээд, эндээс Америк зэрэг өөр бусад улсууд орж ирчих гээд, энэ хоёрын нөлөөг багасгах гээд байдаг учраас тэр. Хэрэв тэр улсууд манайд цэрэг, зэвсэг байрлуулчихвал хойноосоо бүслэлтэд орчихож байна гэсэн үг. Гэхдээ хэзээ ч тийм зүйл болохгүй л дээ. Тиймээс манайд Америкаас ч гэдэг юмуу том улс гүрнээс том хөрөнгө оруулалт ороод ирэхээр энэ хоёр улс өөрсдөд нь ашиггүй байсан ч зогсоохын төлөө тэмцдэг. Үүнийг бид Тавантолгой дээр харж байсан. Өөрсдөө хохирч байсан ч хамаагүй, бусад улсын том хөрөнгө оруулалт оруулахгүй гэсэн тийм зүйлээр Орос, Хятад хоёр тохирчихсон юм шиг байгаа юм. Тиймээс манайд даралт үзүүлээд байгаа юм. Тэр утгаараа бид гуравдахь улсуудтайгаа харилцах бодлогоо орхих ёсгүй. Тэгэхгүй бол энэ хоёроосоо бүрэн хараат, бүрэн даралт шахалтад байх байдалд байгаад байна.
-Доналд Трамп БНХАУ-тай ашиггүй харилцаатай байна гэж үзэж, худалдааны бодлогоо өөрчлөхөөр төлөвлөж байгаа. Хятадын импортын барааны гаалийн татварыг 45 хувь болгоно гэж сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хэлж байсан. Хятад үүнийг зүгээр хараад сүүхгүй нь мэдээж. Өөрөөр хэлбэл, худалдааны дайны хэмжээний асуудал үүсэх магадлал байгаа шүү дээ. Энэ нь манайд ямар нэг үр дагавар авчрах болов уу?
- АНУ-ын Монгол руу хандах хандлага Хятад, Оростой харилцах харилцаанаас их хамаарна. Хэрвээ Хятад Америкийн харилцаа муудах юм бол мэдээж манайд муугаар тусна. Энэ хоёрын харилцаа сайн байвал манайд сайнаар тусна. Шалтгаан нь Америкийн хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхдээ хөрөнгө оруулсан газраас гарах бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд борлуулах үүднээс орж ирдэг. Өөрөөр хэлбэл, үүнийг хаана аваачих уу гэж санаа зовохгүй хил давуулаад гаргачихна гэдэг санаатайгаар орж ирэх нь элбэг байдаг. Тийм учраас Америк, Хятадын харилцааны байдлаас манай байдал ихээхэн шалтгаална. Харин Америктай хийх гадаад худалдаа цаашид өсөхгүй л болов уу. Америкууд өөрсдөд нь ашигтай үед л манайд орж ирнэ. Өнөөдөр Монголоос гардаг ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд буурсаар байна. Дээрээс нь Монголын улс төрийн байдал тогтворгүй, хууль эрх зүйн орчноо байнга өөрчилж байдаг зэрэг тогтворгүй байдал гадаадын хөрөнгө оруулагчдад хамгийн хортой. АНУ-аас манайд тусламж хэлбэрээр “Мянганы сорилтын сан”-гийн хөтөлбөр хэрэгждэг. Гэхдээ энэ бол Монголыг бодож өгч байгаадаа биш, АНУ-ын бодлоготой л холбоотой асуудал. АНУ дэлхийд хэрэгжүүлэх бодлогоо цэргийн хүч, дипломат арга, эдийн засгийн бодлого гэсэн гурван зүйлээр хангадаг. Мянганы сорилтын сан бол эдийн засгийн бодлогынх нь л нэг хэсэг. Гэхдээ хоёр орны хөрөнгө оруулалт, худалдаа багассан нь түр зуурын үзэгдэл байх. Цаашид Монголын эдийн засаг, эрх зүй, дотоод байдал сайжраад ирвэл эргээд хөрөнгө оруулалт татах найдлага бий.
-Украины хямралаас хойш Орос, Хятад хоёр стратегийн түншүүд болж, харилцаагаа түүхэнд байгаагүй хэмжээнд сайжруулсан. Гэтэл нөгөө талд Доналд Трамп нэгэнтэй нь сайн харилцаатай байхаа амлаж, нөгөөтэй нь илэрхий сөргөлдөх хандлагатай байна. Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд ОХУ баярлаж байгаад Хятад гомдож байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр улсын дундуур орж байх шиг. Үүний үр дагавар юу байх бол?
-Трамп Путинд учиргүй сайндаа сайрхаад байгаа юм биш. Яагаад гэхээр Барак Обама бол Путинээс дор удирдагч, Путин Сирид ингэж нөлөөлж чадаж байхад Обама гараа хумхиад сууж байна гэдгийг харуулах нь Трампын гол зорилго байсан болов уу. Путин зоригтой байна гэж Обамаг муулах зорилгоор Путинийг магтаж гарч ирсэн. Тэрийг нь ч Путин өөрийн талд овжин ашиглаж байна. Америкийн тагнуулын байгууллагууд Оросууд сонгуулийн үйл явцад нөлөөлсөн гэдэг зүйлийг танилцуулсан. Тэр нь ортой, үгүйг хэлж мэдэхгүй. Ямартай ч цаашид Америк, Оросын харилцаа ямар байх нь энэ хоёр хүний харилцаанаас нэг их хамаарахгүй. Хоёр улсаас явуулж байгаа бодлого хоорондоо мөргөлдөх нь үү, зөрчилдөх нь үү, нийлэх нь үү гэдгээс энэ хоёр улсын цаашдын харилцаа хамаарна. Тэр утгаар нь харах юм бол энэ хоёр улсын харилцаа учиргүй сайжрахаасаа илүү, магадгүй хэдэн сарын дараагаас эхлээд зөрчилдөх тал нь давамгайлахыг би үгүйсгэхгүй байгаа. Нөгөө талаар Хятад, Орос хоёр улс өнгөн дээрээ найрсаг харилцаатай авч, Америкийг сөрж зогсохын тулд л хамтарч байна. Тэргүүлэх гүрэн АНУ гэдэгтэй хэн ч маргадаггүй. Бүх салбарт худалдаа, эдийн засаг, технологи гээд бүх салбарт тэргүүлэгч хэвээр байна. Дэлхий олон туйлтай болчихлоо гэсэн зүйлийг би хуваалцдаггүй юм. Дэлхий нэг туйлтай хэвээрээ байгаа. Америкийн эсрэг Орос, Хятад хоёр стратегийн түнш болдог ч юмуу хэт давамгай байдлыг багасгах, тэнцвэржүүлэх гэсэн оролдлого байгаа. Энэ чиглэлээр бол Хятад улам хүчирхэг болж байна. Энэ нь Америкийг тогтоон барих нэг хүч болж магадгүй. Оросууд Хятадын энэ томорч байгаа байдлаас бага зэрэг эмээдэг болов уу. Түүнчлэн Зүүн Хойд Азийн гол хоёр орон бол Япон, Өмнөд Солонгос. Трамп би энэ улсуудын аюулгүй байдлыг хангах гэж их хохирч байна гэж байгаа. Тиймээс энэ үйл явдлуудыг анхааралтай ажиглах л хэрэгтэй. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн