Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

​Доллар ханш 100 төгрөгөөр суларчээ

​Доллар ханш 100 төгрөгөөр суларчээ
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 16
Сарын өмнөөс эхлэн ам.долларын ханш мэдэгдэхүйц буурч эхлээд байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн сарын энэ өдөр Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 1950 орчим төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1860 орчим төгрөг байна. Сарын хугацаанд ам.долларын ханшийн өсөлт саарч, төгрөгийн ханш 100 орчим төгрөгөөр чангарч, цаашид ч чангарах төлөв ажиглагдаж байна.  Валютын захуудад Төв банкнаас зарласан ханшаас бага зэрэг доогоор ханшаар ам.доллар худалдан авч, худалдаж байв. Долларын ханшийн сулрал нь өнгөрсөн сарын сүүлээс эхэлсэн бөгөөд үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөснийг энд дурдъя. Өнгөрсөн сард манай улсад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди айлчилж, нэг тэрбум хүртэлх хөнгөлөлтэй зээл олгохоор болсноо мэдэгдсэн юм. Тус улсын Ерөнхий сайд манай улсад тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд айлчилсан. Тухайн үед ам.доллар ханш 1950 төгрөг байжээ. Тэгвэл тавдугаар сарын 18-ны өдөр 1940, 20-ны өдөр 1910 болжээ. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум ам.долларын зээл олгох мэдээ зах зээлд эерэг нөлөөллийг үзүүлсэн нь энэ. Цаашлаад Ерөнхий сайд Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлах үеэр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа мөн валютын зах зээл дээр эерэг хөдөлгөөн үүссэн. Ам.долларын ханш 1870 төгрөг болж суларсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын хугацаанд гарсан ам.долларын ханшийн өөрчлөлт нь санхүүгийн зах зээлд гарсан эерэг мэдээллүүдтэй холбоотой харагдаж байна. Манай улсад орж ирэх ам.долларын урсгал эрс сайжраагүй ч ирээдүйд ам.долларын урсгал сайжрах гэрээ хэлэлцээрт холбогдох хүмүүс гарын үсэг зурсны дараагаар зах зээлд мэдрэгдсэн эерэг нөлөөллийн нэг нь долларын ханшийн сулрал. Үүнээс гадна манай улсын гадаад, дотоод бондын хүү буурч, хувьцааны хаш өссөн мэдээлэл гарсан.  Тэгэхээр цаашид гэрээ хэлэлцээр ажил хэрэг болж зах зээлд ам.долларын урсгал сэргэвэл ханшийн өсөлт бодитой хэмжээгээр саарах боломжтой юм. Рио Тинто компани Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх санхүүжилтийг олон улсын байгууллагаас босгож, бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлбэл ханшийн өсөлт саарч, тогтворжих нөхцөл илүү бүрдэнэ. Харин эерэг мэдээлэл хуучирч, эдийн засгийн хүндрэл энэ хэрээр үргэлжилсээр байвал ам.долларын ханш эргээд өснө. Магадгүй хичээлийн шинэ жил эхлэх үеэр илүү мэдрэгдэх болов уу. Харин Энэтхэг, Арабаас орж ирэх хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр орж ирж, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сэргэвэл санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд ч сэргэх юм. Мөн Оюутолгой, Тавантолгой төсөл хэрхэхээс санхүүгийн зах зээлийн үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн