“Монголын эдийн засгийн чуулган 2016” төрийн ордонд хоёр өдөр болж өнгөрлөө. Эдгээр өдрүүдэд өнөөгийн улс орны эдийн засгийн байдал, цаашдын хандлагын талаар төр, хувийн хэвшил, эдийн засагт байр сууриа илэрхийлсэн юм. Эдийн засгийн чуулганы үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Оны эхний улиралд ам.долларын ханш бага зэрэг чангарсан ч цаашид өсөхгүй, тогтвортой байх боломж бүрдсэн. Цаашид экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад валютын урсгал сайжрах төлөвтэй байна” гэж хэлсэн нь хэвийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид эерэг мессеж болсон. Тэгвэл эдийн засагчдын хувьд ам.долларын ханшийн талаар ямар таамаг, байр суурьтай байгааг сонирхлоо.
-Гадаад, дотоодын эдийн засгийн байдал, инфляцын эерэг үзүүлэлтээс хамаарч тухайн асуудлыг хариуцсан өндөр албан тушаалтнууд ам.долларын ханшийн хэлбэлзэл багасна, ирэх саруудад тогтворжино гэж мэдэгдэж байна. Ханш юунаас хамаарч, ханшийн өөрчлөлт нь инфляцад өндөр нөлөөлдөг. Өнөөгийн ханшийн өсөлт гаднаас орж ирж байгаа валютын урсгалтай шууд холбоотой байна. Нийлүүлэлт нэмэгдэж эрэлтээ дааж байх тусам ам.долларын ханшийн хэлбэлзэл харьцангуй бага, тогтвортой байдаг. Нөгөө талд нийлүүлэлт багасах тусам эрэлт өндөр болж ханш өсдөг. Ханшийг тогтворжуулахад, валютын урсгал талдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт, Төв банкны валютын нөөц, бусад макро эдийн засгийн үзүүлэлтээс шалтгаалан ханш өсч байна. Нөгөөтээгүүр, манай улс өөрөө импортоос хараат учраас улирал дагаж ам.долларын эрэлт нэмэгддэг. Энэ талаас нь харвал эрэлт нийлүүлэлт хэр огтлолцож чадаж байгаагаас ам.долларын ханш тогтож байгаа. Албан тушаалтнуудын ханш тогтвортой байна гэсэн найдлагад олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгд, Оюутолгойн далд уурхайн санхүүжилт энэ оны хоёрдугаар хагаст орж ирэх учраас валютын урсгал сайжирна гэж харж байх шиг байна. Хэдий хөрөнгө оруулалтын хэмжээ хүссэн хэмжээнд хангалттай биш ч гэсэн ханшид эерэг нөлөө үзүүлэх магадлалтай. Хоёрт, Засгийн газар дотоод зээлийн өр төлбөрөө барагдуулах гэж гадаад зах зээл бонд босгоно гэж байна. Гуравт, олон улсын санхүүгийн байгууллагууд уул уурхайн түүхий эд ялангуяа зэс, нүүрсний үнэ өсч магадгүй гэсэн таамгийг гаргасан. Үүнээс үүдэж экспортын орлого өснө гэж харж байгаа болов уу. Энэ бүгдээс харж л ханш тогтвортой байна гэж мэдэгдсэн болов уу. Миний бодлоор хэрвээ сонгуультай холбоотойгоор гэнэтийн нөлөө ихтэй шийдвэр гаргачихгүй, эдийн засаг урсгалаараа тогтвортой бодлогоор явбал ханш тогтвортой байх боломжтой. Мөн өрийн удирдлагаа зөв зохицуулж ажиллавал ханшийн хэлбэлзэл багасна.
-Өнөөдрийн ам.долларын ханшид маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүнд, Монголбанкны бодлогын хүү, АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүү голлон нөлөөлнө. Гадаад нөхцөл байдлыг харахад Холбооны нөөцийн банк бодлогын хүүг нэмэгдүүлэхдээ энэ жил нэлээд анхааралтай хандана гэдгийг уржигдар зарласан байгаа. Энэ нь дэлхийн даяар ам.долларын ханш өсөхгүй байх гол хүчин зүйл болж байна. Тэгэхээр гадна нөхцөл байдал харьцангуй сайжирна гэсэн үг. Харин дотоодод Монголбанк бодлогын хүүгээ өсгөх үү, үгүй юү, Монголд орж ирэх гадаад шууд хөрөнгө оруулалт, валютын урсгал хэр байхаас л шалтгаална. Мөн мөнгөний бодлогоос ихээхэн хамаарна. Хэрвээ Төв банк нийт мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж, нэмж гаргах гээд байгаа зээлийн эх үүсвэрийг хэрхэн шийдэж байгаагаас бүх зүйл хамаарна. Б хувьдаа ам.долларын ханш цаашид өснө харж байна. Учир нь, Монголбанк цаашид мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх шинжтэй байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл эх үүсвэр нь тодорхойгүй байна. Засгийн газрын нэр дээр гаднаас нэлээд хэмжээний зээл авахаар ярьж байна. Хэрвээ эдгээр зээлийн эх үүсвэрийг ипотек, малчны зээлээ санхүүжүүлээд явбал ханш харьцангуй тогтвортой байж магадгүй. Бусад зүйлд зарцуулбал төгрөгийн ханш үргэлжлүүлэн унаж л таарна.
-Монгол Улсын эдийн засаг жижигхэн учраас ам.долларын ханш тогтвортой байх боломж бий. Тухайлбал, Засгийн газар удахгүй гадаад зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгох гэж байна. Мөн Оюутолгойн гүний уурхайн төсөл хэрэгжиж, хоёрдугаар ээлжийн санхүүжилт олгогдоод эхэлбэл ханш тогтвортой байх боломжтой. Үүнээс гадна засаг өмч хувьчлалын асуудлаа яаралтай шийдэх хэрэгтэй. Өмч хувьчлалын орлогоос хөрөнгийн эх үүсвэр нэмэгдвэл урт хугацаандаа ханш тогтвортой байна. Сонгууль болтол төр засаг тодорхой бодлогууд явуулж ханшийг барих байх. Харин сонгуулийн дараа яах вэ гэдэг мөн л эрсдэл. Гэхдээ сонгуулийн дараа ямар Засгийн газар байгуулагдсанаас хамаарч эсрэгээрээ хөрөнгө оруулалт нэмэгдэж магадгүй.
-Төвбанкны ерөнхийлөгч ам.долларын ханшийг 2090 төгрөгт тогтвортой байна гэж хэлсэн. Миний бодлоор бол 2090 төгрөгт тогтож чадахгүй гэж хэлнэ. Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирнэ гэж найдаж байх шиг байна. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын ихэнх нь Монголд шууд орж ирэхгүй. Тиймээс ам.долларын ханш 2150 төгрөг давах болов уу гэсэн таамагтай байгаа. Харин гэнэт огцом өсөх биш, аажмаар өснө. Ер нь 2016 он бол сонгуульдсаар байгаад л дуусна. Ямар засгийн газар гарснаас шалтгаалж 2017 оны эхээр эдийн засаг, ханш тогтворжиж магадгүй гэсэн хүлээлттэй байна.