Open iToim app
Эдийн засаг | 4 мин уншина

Долларын ханшийн огцом өсөлтийн талаар хэн юу хэлэв

Долларын ханшийн огцом өсөлтийн талаар хэн юу хэлэв
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 14
Өнгөрсөн долоо хоногт төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэг өдрийн дотор 10 хувиар, энэ сар гарсаар 25 хувиар суларлаа. 2012-2016 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1300-2000 хүртэл дунджаар 50 гаруй хувиар суларсан юм. Өнгөрсөн долоо хоногийн төгрөгийн ханшийн огцом уналт зах зээлийн бодит өсөлт байв уу, хөөс байв уу гэдгийг эдийн засагчид болон мэргэжлийн байгууллагууд хэрхэн дүгнэснийг тоймлон хүргэж байна.
-Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом сулраад байна. Үүнийг Монголбанк тэнцвэрт төвшнөөсөө хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна. /Монголбанкнаас хийсэн мэдэгдэл/

-Төгрөг, долларын ханш бол уян хатан байх ёстой. Ханш сулрах, чангарах нь зах зээл дээр өдөр бүр болж байдаг хэвийн үзэгдэл. Харин сүүлийн өдрүүдийн долларын ханшийн огцом өсөлт бол ардаа эдийн засгийн утгагүй, эдийн засгийн эрэлтээр бий болсон өсөлт биш гэдэг нь их тодорхой харагдаж байгаа. Өнөөдөр Монгол Улс ч, арилжааны банкууд ч долларгүй болчихоогүй. Гол нь арилжааны банкууд доллараа зарахгүй байгаа нь долларын хиймэл өсөлтийг хөөргөдөж, зохиомол эрэлтийг бий болгож байна.
Цаашид арилжааны банкууд доллараа зарах хэрэгтэй. Монгол Улс нэг л эдийн засагтай. Засгийн газрын эдийн засаг, арилжааны банкуудын эдийн засаг гэж тусдаа байхгүй. Тийм учраас арилжааны банкууд ханш барих, ханш тогтворжуулах үйл ажиллагаанд Засгийн газартай хамтарч оролцох ёстой. Засгийн газар нь арилжааны банкуудаа дэмжих замаар доллар зарах сонирхлыг бий болгох хэрэгтэй. /Эх сурвалж: news.mn/
Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргал: Ханшийн өсөлт хөөс. Удахгүй буурах нь тодорхой

-Одоогийн ханшны өсөлт бол хөөс гэж хэлж болно. Учир нь Найман шарга, банкуудад байдал ямар байгааг харьцуулж үзье. Банкуудын ханш бол бараг 100 орчим төгрөгөөр хямд байгаа. Юань дээр 10-15 төгрөгөөр хямд байна. Банкууд ам.доллар зарахгүй, зогсоолоо гэсэн яриа гадуур байна. Энэ бол өрөөсгөл. Бид зарж байгаа. Гэхдээ гадагшаа худалдаа, арилжаа хийж байгаа буюу хэрэгцээтэйд нь зарж байна. Үүн дээр бол банк өөрийн хүлээсэн үүргийн дагуу төлбөр, тооцоог саадгүй хийж байгаа. Ам.долларын орлогогүй иргэдэд ам.доллар зарах нь эргээд тухайн харилцагч ханшийн эрсдэл хүлээж магад учир болгоомжтой хандах хэрэгтэй.
Долларын ханш нэг өдрийн дотор 100 гаруй төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор манай зарим харилцагч төгрөгийн хадгаламжаа ам.долларынх болгох тохиолдол гарсан. Үүнээс үүдэж зарим банк ам.доллар зарах хэмжээгээ бууруулсан. Өссөн ханш буурах нь тодорхой. /Эх сурвалж itoim.mn/

-Зах зээлийн итгэл алдсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар төгрөгийн ханшийг хамгаална гэсэн ойлголт иргэдэд байсан. Гадаад худалдааны баланс ашигтай байгаа тохиолдолд макро эдийн засгийн төвшинд доллар хэрэгтэй байгаа юм байхгүй.Долларын өсөлтийн сүүлийн 500 төгрөгийн тухайд гэвэл нэгдүгээрт ард иргэдийн болгоомжлол, хоёрдугаарт ашиг олох зорилго нөлөөлж байна.
Төгрөгийг хамгаалахгүй юм байна гэсэн ойлголтын үндсэн дээр иргэд төгрөгт итгэхээ байсан. Төр засаг төгрөгөө хамгаалахаа илэрхийлэх хэрэгтэй. Сэтгэл зүйн эмчилгээ хийх хэрэгтэй байна. /Эх сурвал:ikon.mn/

-Одоогийн ханшны уналтад зөвхөн өнөөгийн байдал ч биш, өмнөх жилүүдийн бодлого нь хүчтэй нөлөөлсөн тодорхой. Ханшны огцом уналтыг ерөнхийдөө “speculative attack” гэж нэрлэж болох бөгөөд хүлээлтийг зөв удирдаж чадахгүй байгаатай холбоотой. Иймд өмнөх ба одоогийн Төв банкны бодлогын ялгаа нь нөөц гэхээсээ илүү хүлээлтийг хэрхэн удирдах, удирдаж чадаж байна уу гэдэгтэй холбоотой. Нөөцгүй гэж бодсон үед нь интервенциэр гарсан валютыг авч нөөцөлж, дараа нь нөөц дууссан үед ханш бүр унахаар эргэж зарж ашиг олно. Харин хүлээлт буруу байгаа үед интервенци хийж хамаг нөөцөө дуусгах л болно.Учир нь бүх тоглогчид Төв банк нөөцгүй байгааг мэдэж байгаа ийм нөхцөлд хүлээлт үүсэх тул хүлээлтийг зөв удирдаж чадахгүй бол зах зээлийн байдал (ханш) хэчнээн интервенци хийгээд ч сайжрахгүй. Томоохон төслүүдээ эхлүүлэхгүй, төсвийн алдагдал ийм өндөр байвал, ханш цаашид унах ч нөхцлүүд бүрдсэн хэвээрээ л байна. /Эх сурвалж: @hash_chuluun/

Өнөөдрийн энэ ханшны хямрал бол 2013 онд эхлүүлсэн "8%-н ипотек" гэж ЛУЙВРЫН схемээс гол үүдэлтэй. 3-4 их наядын цаасан мөнгө хэвлэж хамаг валютын нөөцөө барсан. Ядарсан иргэддээ чанар муутай барьсан хэдэн барилгаа 30-40 хувь нэмэгдэл хөөсөрсөн үнээр шахсан. Жирийн иргэд схемийг нь сайн ойлгохгүй, насны мөрөөдөл болсон орон сууц,байртай болчихсон гээд баярлаад сууж байгаа. Гэтэл одоо насаараа ч төлөөд барагдахгүй өртэй л болсон, ихэнхи төлсөн мөнгө нь хүүнд суутгагдана. Харин үүний цаагуур луйврын схемээрээ дамжуулж хэдэн зуун тэрбумын ашиг хийсэн нөхдүүд өнөөдөр инээд алдаад л сууж байна. Цөөхөн хэдэн хүнийг баяжуулахын төлөө улсаараа дампуурна гэдэг дэндүү хариуцлагагүй!. Цаашид эдийн засгийн суурь гажуудлаа засах, санхүүгийн зах зээлээ олон улсын стандартын дагуу хөгжүүлэх, реформ шинэчлэлтээ эхлүүлэх, ирээдүйд суурилсан валютын форвард, фьючерс арилжааг зах зээлд хөгжүүлэх боломжуудыг бий болгох хэрэгтэй байна.
Энэ удаа Монголбанк 72 сая долларын интервенциэр хөөсөө хагаллаа, гэхдээ энэ нь түр зуурын шийдэл. Дээрх асуудлуудыг шийдэхгүй бол 720 сая доллар гаргаад ч дийлэхгүй хөөс шинээр бий болох эрсдэлтэй. 
/Эх сурвалж: Аngar Davaasuren цахим хаяг/
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн