Монгол Улсын гавьяат тамирчин, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, ЦЕГ-ын "Хүч" спорт хороо, Үндэсний шигшээ багийн гишүүн, ДАШТ-ий алт, мөнгөн медальт М.Уранцэцэг жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -48 кг-д мөнгөн медаль хүртлээ. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд Японы жүдоч Тонаки Фүнатай өрсөлдөж вазари үнэлгээгээр ялагдсан юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Булган аймгийн Хангал сумын харьяат, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болдбаатар 2017 оны жүдо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медал хүртлээ. Тэрээр жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ийн барилдаанд Чехийн жүдоч Петриков Павелийг вазари үнэлгээрээр яллаа. Тамирчин Г.Болдбаатар нь , 2014 оны дэлхийн аварга, 2015 оны Багийн ДАШТ-ий хүрэл медельтай билээ.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-д Г.Отгонцэцэг ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө барилдаанд ОХУ-ын Долгова Иринатай барилдаж цэвэр ялсан байна. Казахтан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг олимп, дэлхийн аваргын хошой хүрэл медальтай болж байгаа аж.
Дашрамд дурдахад, Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ийг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга очсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ДАШТ-ий эхний өдрийн барилдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын хамт үзжээ.